Б.ДАМДИН-ОЧИР

 “Bloomberg”-ээр 2011 оны есдүгээр сарын 11-нд “Банпу компани Хүннү коал-ийг 477 сая австрали доллараар худалдан авах санал тавилаа” гэсэн мэдээлэл гарав.

“...Тайландын нүүрс­ний томоохон олборлогч “Банпу” компани Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компанийг 477 сая австрали доллар буюу 493 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байна. Бангкокт төвтэй тус компаниас мэдээлж буйгаар “Банпу” нь “Хүннү коал”-ийн 12 хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаа нэг бүрийг 1.80 австрали доллараар үнэлэхээр зэхэж буй аж. Энэ үнийн дүн нь Австралийн Пертэд төвтэй дээрх компанийн хувьцааны ханш 2011 оны есдүгээр сарын 8-нд хаалтаа хийсэн ханшаас даруй 30 хувиар өндөр юм. Хэрэв “Хүннү коал” нь “Банпу”-д хувьцаагаа зарвал компанийн дийлэнх удирдлагыг шилжүүлэх бөгөөд нөөцөөрөө дэлхийд гайхагдсан Монгол дахь  нүүрсний 11 ордыг эзэмших юм. “Банпу” компани 2010 онд Австралийн “Centennial Coal Co” компанийг худалдан авахаар зөвшилцсөн байна. Харин өдгөө Монголын нүүрсний салбарыг сонирхож буй нь дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад хамгийн ойр учраас тэр билээ. “Банпу”-гийн тавьж буй санал нь “Хүннү коал” дээр ирж буй менежментийн ихээхэн дарамтыг арилгана. Тэгээд ч ийм санал ирсэн нь тэдний хувьд гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь аливаа дарамтыг арилгах нь төслүүдээ санхүүжүүлэхийн тулд юм” гэж Хонгконгод төвтэй “Renaissance Capital Ltd” компанийн шинжээч Matthew Whittall хэлжээ...” хэмээн мэдээлжээ.

“Хүннү коал” компани нь Говь-Алтайд “Алтай нүүрс” төслийг хэрэгжүүлж, “Рио Тинто” группийн эзэмшлийн хувьцааны 70 хувийг  худалдан авах гэрээ байгуулж, 23 сая ам.долларыг бэлэн мөнгөөр, 17 сая ам.долларыг дараа төлөхөөр болсон байдаг. Говь-Алтай аймгийн Бургастайн хилийн боомтоос 250 км зайд орших “Алтай нүүрс” орд нь Хятадын төмөр замаас 550 км зайд оршдог байна. Төслийг хэрэгжүүлэгчид 46,212 га талбайд хайгуул хийх зургаа, 202 га-д олборлолт явуулах дөрвөн лиценз эзэмшдэг. Төслийн хүрээнд 250-500 сая тонн нүүрс олборлохоор тооцоолж байсан. Хайгуулын урьдчилсан шинжилгээгээр тус ордын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт дэлхийн бусад орны коксжих нүүрснийхтэй адил шинж чанартай байгааг тогтоосон байдаг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Хар тойром” зэрэг ойролцоох ордын лицензүүдийг эзэмшдэг байв. Тус компанийн хариуцсан “Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд коксжих нүүрсний их хэмжээний нөөц илэрсэн тухай уул уурхайнхан нэг хэсэгтээ л шуугисан. Тус ордын нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц гэсэн дүгнэлт ч гараад амжсан. Австрали улсад төвтэй “Хүннү коал” компани нь Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, коксжих нүүрсний 14 төслийг хэрэгжүүлж байсан.

Үүний дараахан буюу 2011 оны аравдугаар сарын 26-нд http://www.proactiveinvestors.com.au/ сайтад “...Тайландад бүртгэлтэй “Банпу” компани “Хүннү коал”-ийн нэг хувьцаа бүрийг 1.80 ам.доллараар үнэлэн худалдан авах санал тавьсныг хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ингэснээр “Банпу” компани “Хүннү коал”-д 124.501.027 хувьцаа эзэмшиж компанийн 50.18 хувийг өөрийн болгоод байна. Түүнчлэн “Банпу” нь “Хүннү коал”-ийн 23.3 сая ширхэг опшионсыг эзэмшинэ ...” гэж мэдээлсэн юм.

“Банпу” компанийн­хан “Хүннү коал”-ийн нэрээр Монголын “Говь хурах” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа “Дангаар санхүүжүүлэх хугацаанд “Хүннү коал”-ийн гаргасан бүх зардал нь хамтарсан компанийн өр хэлбэрээр тооцогдох бөгөөд хамтарсан компани ашиг олмогц “Хүннү коал”-д гаргасан бүх зардлыг төлнө” гэсэн заалт оруулжээ. Дараа нь тэд энэ заалтаараа монгол хамтрагчаа шантаажилсан байна гэх мэдээлэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баахан бичигдсэн.

Эх сурвалжийн мэдээллээр энэ нь “Банпу”-гийнхний гэм биш зан гэнэ.

“... Азийн томоохон нүүрс олборлогчдын нэгд тооцогддог тус компани Лаос дахь охин компаниараа дамжуулан эдийн засгийн алуурчдын үйл ажиллагааг явуулсан байна. “Банпу”-гийн охин компани Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ. Тэд хэрэгтэй мэдээллээ олж авмагцаа гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон байна.

Тиймээс шүүхээс “Банпу” компанид олон тэрбум долларын торгууль ногдуулжээ. Тухайлбал, “Банпу” компанид дөрвөн тэрбум тайланд долларын торгууль ногдуулж, 2015-2027 оны алдангийг жилийн 860 сая доллараар тооцож, 2028-2039 оны алдангийг жилийн нэг тэрбум 380 сая тайланд доллараар тооцож Лаосын компаниудын хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан юм билээ.

Түүнчлэн “Банпу” болон түүний Лаос дахь охин компанийн удирдлага Лаосын Засгийн газарт хуурамч мэдээлэл өгсөн, Лаос улсын Хонса талбайд баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцын ТЭЗҮ болон нүүрс ашиглах давуу эрхийн талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компаниудтай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулж, Лаосын Засгийн газрыг төөрөгдүүлсэн тул тус улсын Засгийн газар “Банпу”-гийн охин компанид олгоод байсан нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг цуцалжээ.

Үүгээр зогсохгүй “Банпу” компанийг Лаосын Засгийн газартай шууд гэрээ байгуулахыг шүүхээс шаардсан байна. Ийм базаахгүй асуудалд орооцолдоод байгаа компани Монголд үйл ажиллагаа явуулдаг “Хүннү коал” компанийн бүх хувьцааг 2011 оны арванхоёрдугаар сарын 28- нд Австралийн хөрөнгийн бирж дээрээс 497 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр 843.5 сая тонн нүүрсний нөөцтэй Монголын хоёр том орд газрын 11 хайгуулын тусгай зөвшөөрөл “Банпу”-гийн эзэмшилд шилжсэн байна...” гэж Unen.mn сайтад мэдээлсэн байна.

Үүнээс гадна “Банпу”-г нүүрсний салбар дахь дэлхийн акулуудын нэг гэдгийг эдийн засагчид, салбарынхан нь хэлдэг. Нийтлэлч Л.Болормаа “Арван нэгэн оны арван нэг” нийтлэлдээ “...Австралийн бирж дээрх “Хүннү Коал”-ийн хувьцаа дөрөвдүгээр сарын 11-нд 1.75 австрали доллар байсан бол зургадугаар сарын 27 гэхэд 1.25 австрали доллар болтлоо унажээ. Монгол дахь ордуудын үнэт цаас хамгийн доод төвшиндөө хүрсэн хар өдрүүд одоо ч үргэлжилсээр байна. Эдний дундаас ганц “Хүннү Коал” компанийн хувьцаа есдүгээр сараас аажмаар өсч эхэлсэн юм. Тайландын “Банпу Металз”-ын охин компани “Банпу Коал” нь Монгол дахь Хүннүгийн нүүрсний ордуудыг худалдаж авах тухайгаа есдүгээр сард албан ёсоор зарласнаас хойш “Хүннү Коал”-ийн хувьцаа өсч эхэлжээ. Банпу нь Хүннүгийн жижиг хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасыг нь 1.80 австрали доллараар худалдан авна хэмээн зарласнаас хойш HUN симболтой хувьцаа Австралийн бирж дээр 1.78-1.80 үзүүлэлт дээр сүүлийн хоёр сард тогтвортой байлаа...” гэж бичсэн нь бий.

Гэхдээ тэд хамтарсан компанийн хөрөнгө болох “Хар тойром”, “Хар тойром-1”, “Үнст худаг” талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдахдаа Монголын талын хамтрагчдадаа юу ч дуулгаагүй гэнэ.

Харин манай хөрөнгө оруулагчид буюу “Говь хурах”ХХК-ийнхан нь Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа зарсан гэдгийг хэвлэлээс олж мэджээ. Энэ асуудал Арбитрийн шүүх хүртэл явсан байна.

Тиймээс Тайландын “Банпу” компани “Хүннү коал”-ийг авахдаа Үнст худагийн ордыг чухам ямар аргаар авчихав гэдгийг шалгаж, нягтлах шаардлага зайлшгүй байгаа юм.