Г.ГАНЧИМЭГ

“Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус чуулганыг зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ. Энэ үеэр геологийн салбарынхан өнгөрсөн жилийнхээ ололт амжилт цаашдын зорилтыг тодорхойлдог тул хүсэн хүлээдэг цугларалтынх нэг болж чаджээ. Энэ жилээс тус чуулган хүрээгээ тэлж, ОХУ, Япон улсын төлөөлөл оролцоно.

Манай улсад геологийн судалгааг социалиаст нийгмийн тогтолцооны үед оросууд хийж байсан. Гэхдээ тухайн үед дэлхийн зах зээлд эрэлттэй алт, зэс, нүүрс, уран зэрэг ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлжээ. Харин одоо Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулсан судалгаа хийх хэрэгтэй гэж геологичид үздэг. Гэхдээ саяхныг хүртэл төрийн бодлого энэ тал дээр тодорхойгүй байсан юм. Томоохон хайгуулын ажлууд ихэнх нь хувийн хөрөнгөөр хийгдсээр ирсэн. Монгол Улс нүүрс, төмөр зэрэг дэд бүтэц шаарддаг байгалийн баялгаас илүүтэй алт, мөнгө гэх зэрэг үнэт металлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийсээр ирсэн юм. 

Уул уурхайн яамныхан “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг гаргасан. Мөн ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж их хуралд өргөн барилаа. Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ төрөөс шат дараатай алхмуудыг хийсэн ч ойрын нэг жилдээ үүссэн нөхцөл байдал сайжрахгүй. Үүнд тодорхой хугацаа хэрэгтэй” гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо геологи, хайгуулын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бараг алга.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоогоод гурван жил болж байгаа. Хөрөнгө оруулагчид үүнээс болж манай улсаас зугатаасан гэдэг гаргалгааг өнөөдөр бүх төвшиндөө дэндүү амархан хийчихэж байна. Мөн хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдсөнөөс хайгуулын салбарын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон. Тухайлбал, 2012 онд геофизикийн судалгаа эрхэлдэг 62 компани байсан бол одоо энэ тоо 12 болж буурчээ. Энэ статистикийн цаана маш олон геологи, хайгуулын мэргэжилтэн ажилгүй болсон нь тодорхой. Энэ сэдэвтэй шууд холбоотой бас нэг тоон мэдээлэл нь одоо 1600 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Өмнө нь энэ тоо 5000-д дөхөж байсан юм.

УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт “Ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохгүйгээр цааш явбал гурван жилийн дараа Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөлгүй орон болно. Яагаад гэвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дээд тал нь есөн жилийн хугацаатай олгодог. Үүнээс илүү хугацаагаар сунгагдах боломжгүй. Тиймээс хайгуулын ажил хумигдана гэсэн үг. Цаашид тусгай зөвшөөрөл олгох эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал” гэсэн юм.

Тиймээс бид одоо баялаг бүтээгчдийг дэмжих хэрэгтэй болж байна. Уул уурхайн салбарынханд тусгай зөвшөөрлийг олгож эхлээсэй гэдэг хүлээлт ч байгаа. Гэхдээ тусгай зөвшөөрлийг нэлээд цэгцтэй, ил тод, олон нийтийн оролцоотойгоор олгохгүй бол Украины хямралыг Монголд давтахгүй гэх баталгаа алга гэдгийг ч сануулах эрхмүүд бас байгаа. Өөрөөр хэлбэл, энэ их өр зээл, жаахан хямралаар  далимдуулан хэзээ ч хамаагүй орж ирэн “багалзуурдахад” бэлэн улс гүрнүүдийн дунд Монгол байна. “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин манай улсад айлчилж, газрын тосны хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. БНХАУ Малайзын алга болсон “Боинг 777” нисэх онгоцыг хайхдаа Монголын газар нутгийг бүхэлд нь хамруулах санал гаргасан зэрэг сүүлийн үеийн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж өөр өнцгөөс харвал ийм л дүр зураг бууж байна.

Тиймээс Монгол Улс аль болох богино хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүдээ баян чинээлэг болгож, эдийн засгийн эрх чөлөөг хурдан олговол улс төрийн эрх чөлөөгөө хэзээ нэгэн цагт алдахгүй. Ингэхийн тулд эхлээд хувьцаа гаргасан компаниудынхаа ажлыг Засгийн газар ойрын үед эхлүүлэх ёстой. Олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан компаниудыг дампууруулчихвал хөрөнгө оруулагчид Ухаахудгаас 150 сая тонн нүүрсээ л авах гэж ирнэ. Хэзээ ч мөнгө авах гэж ирэхгүй. Эдийн засаг нэгдүгээрт, төр, хоёрдугаарт, хууль, эрх зүй, гуравдугаарт, шүүхийн систем, дөрөвдүгээрт, банкны тогтолцоо, тавдугаарт, технологийн өөрчлөлтөөс их шалтгаалдаг гэдэг онолыг энд нурших нь илүүц болов уу гэтэл нийтийн мөнгийг нийтэд зарцуулах хяналтын систем манай улсын Үндсэн хуульд ч байхгүй аж. Энэхүү хяналтгүй тогтолцооноос ахиухан хувь хүртэх гэсэн этгээдүүдийн улс төрийн тоглолтыг бид хангалттай харж суулаа. Харин одоо нэг биш нэлээд хэдэн нүүдлийн газрыг харахгүй бол их л эвгүй байдал үүсчихээд байгаа нь нууц биш шүү, эрхэм түшээд ээ!