Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “БСБ Сервис” компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайханыг урилаа.

-Танай компани электрон барааны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр олон жил ажиллалаа. Ер нь Монголд электрон бараа үйлдвэрлэх, цаашилбал экспортлох боломж бий юу?

-Монголд валютын хомсдолын цаг үе ирсэн байна. Тиймээс валютыг ариг гамтай зарцуулах зорилгоор импортоо орлож, экспортоо нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Гэтэл бид экспортоо нэмэгдүүлнэ гэж ярих нь бодит байдал дээр учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, ярьж, хийх нь өөр байгаа юм. Юуны өмнө экспорт гэдэг дэлхийд өрсөлдөх чадвартай ба­раа бүтээгдэхүүн байх ёстой. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг улс орнууд худалдаж авах, тэдний сонирхлыг татахуйц хямд үнэтэй байх энгийн шаардлагыг хангахуйц гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр манайд ийм нөхцөл, боломж байхгүй. Чанартай мөртлөө хямд бүтээгдэхүүн хийхийн тулд туршлагатай, хүчирхэг том компаниуд байх ёстой. Миний бод­лоор Монголын компаниуд дангаараа хийх боломжгүй. Өөрсдөө туршлага, мэдлэггүй, гадаад зах зээлээ судалж ойлгоогүй гээд дутагдалтай тал олон бий. Наад зах нь маркетинг хийж олон улсад ямар бараа эрэлт хэрэгцээтэй байгааг судалж байж түүндээ тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин монголчууддаа зориулж үйлдвэрлэчихээд түү­нийгээ гадаадын оронд борлуулна гэвэл ямар ч утгагүй, үр дүнгүй болно. Дэлхийн хэмжээнд ярьж байвал сайн бод­лого, төлөвлөгөөтэй ажилламаар байгаа юм.

-Тэгвэл танайх гадаадын компаниудтай хамтардаг гэсэн үг үү?

-Манайх “БСБ Финанс” банк бус сан­хүүгийн бай­гууллагатай. Энэ банк бус санхүүгийн байгууллагадаа гадаадаас хөрөнгө оруулалт татах гэж бүтэн жил Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг хүлээсэн. Харамсалтай нь дэндүү удаан хугацаанд хүлээсэн учир гадаад түнш маань гэрээгээ цуцалсан. Энэ бүхэн Монголын төрийн байгууллагууд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгох болоогүй байгаа нь харагдаж байгаа юм.

-Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгох, тэднийг татахын тул төр засаг, хувийн хэвшлийнхэнд чухам ямар бодлого явуулах хэрэгтэй байна вэ?

-Бизнесмэнүүдээсээ эхлээд төрийн байгуул­лагынхан цаашлаад ний­гэм маань эдийн засгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр төрийн байгууллагын ажилтнуудын мэдлэг боловсрол нийгмийн маань илэрхийлэл болж байна. Тэгэхээр төрийн албан хаагчид иргэдээсээ нэг алхам түрүүлж явж байгаа юу гэвэл тийм биш. Зүгээр л улс төрчдийн үгээр ажлаа явуулж байна гэж бодож байгаа. Ядаж төрийн байгууллагынхан маань мэдлэг боловсролтой байж нийгмээсээ ямагт түрүүлж явах ёстой байх.

-Таныхаар Монгол Улсын хөгжилд гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулагчид л хувь нэмрээ оруулна гэсэн үг үү?

-Хөгжье гэвэл гадаадынхантай хамтарч юм хийх нь зөв сонголт. Хөрөнгө оруулалт гэдэгт техник технологи, ме­нежмент, гадаад зах зээл, ажилд хандах хандлага, дэг журам, сахилга бат гээд олон зүйл ордог. Гэтэл бид энэ тал дээр үнэхээр бэлтгэлгүй байна. Тиймээс мэдлэг, туршлагатай хүмүүстэй хамтарч байж тэднээс суралцаж чадна.

-Тэгэхээр үүнд төрийн оролцоог чухам ямар төвшинд байлгах нь зөв юм бэ?

-Манайд гадаад, дотоод худалдаа төрийн анхаарлаас гадуур байна. Хариуцсан яам ч байхгүй. Энэ нь нэг талаараа зөв. Учир нь төр анхаараад ирэхээр улам дордуулдаг. Харин анхаарлаас гадуур буюу зөнд нь хаячихвал зүгээр ч юм шиг. Дотоод худалдаан дээр ингэж явж болдог юмаа гэхэд гадаад худалдааны хувьд иймэрхүү байж болохгүй гэдгийг одоо байгаа нөхцөл байдал харуулж байна. Гадаад худалдаанд төрийн бодлого зайлшгүй байж орж гарч байгаа доллар, гадаад худалдааны төлбөрийн балансаа хянаж, мэдэж байх ёстой. Зарим төвлөрсөн эдийн засагтай улсад гадаад ху­­далдаа нь төрийн монополь буюу төр дангаараа ажиллуулах эрхтэй байдаг. Тухайлбал, БНХАУ-ын томоохон уул уурхайн компаниуд нь төрийн өмчийнх. Ингэснээр хоорондоо өрсөлдөхгүй нэгдсэн бодлогоор гадаад улстай хэлэлцээр хийдэг гэсэн үг.

-Ямар бодлого  баримталбал дээр гэж?

-Өнөөдөр хувь хүн гадаад худалдаа хийж байна. Үүнийг төр хориглох ёстой. Та гадаад худалдаа хийхийн тулд ядаж аж ахуйн нэгж байгуул гэдгийг хуульдаа зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, компани биш гэхэд хувиараа эрхлэх аж ахуй, хоршоо зэрэг жижиг нэгж байж болно. Харамсалтай нь манайд захын ир­гэн гадаад худалдаа эр­хэлж 5-6 чингэлэг бараа бүтээгдэхүүнийг дураараа оруулж ирж байна. Монголд ямар ч мэргэжлийн бус хүмүүс хүссэн үедээ чанаргүй барааг татвар төлөхгүйгээр ху­далдаалах боломж байна. Ингэснээр энэ төрлийн бизнес хийдэг  компаниудыг үймүүлж, зах зээлийг эмх замбараагүй болгодог.

-Тэгвэл манайд гадаад худалдаа эрхлэх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Голландад худалдаа аж үйлдвэрийн танхимдаа бүртгэлтэй компаниуд нь гадаад худалдаа хийх эрхтэй байдаг. Учир нь тухайн улсын, төр засгийн нэр хүндтэй шууд холбоотой асуудал болохоор тэр. Энэ асуудлыг бид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Хэрэв Монгол Улсын нэг иргэн гадаадад очоод худлаа ярьж байгаад, хулхидаад бараа бүтээгдэхүүн авчрахад улсын нэр хүнд муугаар дуудагдах болно. Голландуудын хувьд ийм асуудал үүсэхээс сэргийлж хяналт тавьж байгаа нь энэ юм. Гадаад худалдаа хийдэг компаниуд нь энд тэнд очиж худлаа яриад явбал худалдаа хийх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Харин манайд энэ байдал дэндүү эмх замбараагүй, задгай байна. Миний гол санаа бол төр эхлээд үүнийг зохицуулж, хянахаасаа өмнө дүрэм, журамтай байя. Дүрмээ зөв гаргах нь чухал. Манайд төр хэтэрхий хэрэггүй зүйлийг хянах гээд байх шиг байдаг. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар ихэнхдээ хэрэггүй зүйл рүү орж байна. Хэрэгтэй ажлаа тэр бүр хийдэггүй. Миний  бодлоор энэ байгууллагыг хоёр хуваах ёстой. Өнөөдөр хэрэглэгчдийн төлөө газар нь ажиллаад байх шиг байна. Харин шударга өрсөлдөөний газар нь огт ажиллахгүй байх жишээтэй. Тэндээс гарсан шийдвэр нь хэрэглэгчдийн төлөө болохоос компаниудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалья гэсэн ажил огт хийхгүй байгаа.

-Монгол Улс хэрэг­лээнийхээ 85 хувийг импортоор хангадаг. Танай байгууллага үүний хэдэн хувийг нь оруулж ирдэг юм бол?

-Монгол жижиг улс. Үүн дээр үйлдвэрлэлийн ямар ч уламжлал байхгүй. Бид аливаа зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж байсан түүх бага. Гэтэл хүн бүхэн төрөл бүрийн бараа, үйлчилгээг авах хэрэгцээ шаардлагатай байдаг. Тиймээс өөрсдөө хийж чадахгүй зүйлээ импортоор орлодог асуудал байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь буруу гэж туйлширч болохгүй. Бүх бараа, бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэнэ гэж байхгүй. Бид хэрэглэдэг бараагаа гурав ангилмаар байгаа юм. Нэгдүгээрт, импортоор авахаас аргагүй бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, импортоор авж ч болно эсвэл эх орон­доо үйлдвэрлэж ч болох бүтээгдэхүүн. Харин гуравдугаарт, импортын бараанаас татгалзаж дотооддоо үйлдвэрлэх бүтээгдэхүүн. Тэгвэл бид өнөөдөр нефтийг эх орондоо үйлдвэрлэж чадахгүй. Манай салбарын хувьд Монголд телевизор эсвэл компьютер хийнэ гэж яриад хэрэггүй. Учир нь үйлдвэрлэл нь бидний бодож, ярьж байгаа шиг амар зүйл биш. Үүнтэй холбоотой нэгж бүтээгдэхүүний өртөгийн талаар ярих хэрэгтэй. Оновчтой, зөв хөдөлмөрийн хуваарилалт явагдаж байгаа учраас бүтээгдэхүүн бага өртөгтэй бүтдэг. Маш олныг үйлдвэрлэж байж нэгж бүтээгдэхүүний өр­­төг буурдаг. Бид ийм бодит эдийн зас­гийн боломжгүйгээс болоод зарим барааг импортлохоос өөр аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүү, тараг, ундаа, архийг дотооддоо үйлдвэрлээд импортыг орлож болно. Энэ бодит боломжийг тооцоод үзвэл манайх 80 байтугай хувийг импортоор авдаг хэвээрээ л үлдэх байх.

-Гадаад худалдааны салбарт валют хамгийн чухал байдаг. Валютын ханш бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Өнөөдрийн хэт өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Валют үнэтэй болон­гуут хүссэн хүсээгүй төг­рөгөөр барааны үнэ өснө. Энэ бол байгалийн хуультай адил зах зээлийн жам. Үнэ өсөхөөс өөр арга байхгүй. Харин үнэ өсөхөөр борлуулалт буурна. Энэ үед борлуулалтаа муу байлгахгүйн тулд компани болгон өөрийн бодлого боловсруулдаг. Валютын ханш өслөө гээд бид үнээ хэвээр нь байлгаад байвал ашиггүй болж дампуурна. Дампуурах нь хэн хэндээ ашиггүй. Тухайлбал, компани дампуурахад 300 гаруй хүн ажилгүй болж, жилд улсад төлдөг 10 тэрбум төгрөгийн татваргүй болно. Цаашлаад арай хийж харилцаа тогтоосон гадаадын компаниудын тогтвортой хамтын ажиллагаа үгүй болно гээд хохирол их бий. Мөн ам.доллар гадагшаа урсдаг учраас муу гэдэг. Хэрэв би эндээ электрон бараа үйлдвэрлэвэл гурав дахин үнэтэй болно. Мөн стандартад нийцдэггүй. Зах зээл, ардчилсан оронд хүн сонголттой байх эрхтэй. Ямар барааг хаанаас, хэдээр авахаа төр засгаар заалгахгүй гэсэн үг. Хэрэв ингээд хаачихвал өмнөх нийгмийн тог­тол­цоо руугаа орж бай­гаагийн шинж. Импортын худалдаа эрхэлж байгаа компаниуд нь өрсөлдөөний явцад хамгийн чанартай хамгийн хямд боломжтой үнээр оруулж ирж байгаа гэж хэлмээр байна.

-Тэгвэл төрийн зүгээс ямар үйл ажиллаагаа явуулбал бодит дэмжлэг үзүүлж чадах бол?

-Төрийн үүрэг бол макро эдийн засгийн төв­шинг тогтвортой байлгах юм. Гэтэл манай төр засаг гол хоёр ажлаа хийхгүй байна. Нэг нь инфляц нөгөөх нь валютын ханш юм. Үүнийг л тогтвортой байлгаж чадвал бусад асуудал аяндаа өөрөө явах учиртай. Эдийн засгийн өсөлтийг хувийн компаниуд өөрөө хийж чадна. Гэтэл манай төр засаг өөрсдөө үйлдвэрээ бариад л эдийн засгийн өсөлтөө хангах гээд үзээд байдаг. Ингээд төр нь хувийн компаниудтайгаа өрсөлдөөд эхэлдэг. Ингэхийн оронд эхлээд төр орчноо бүрдүүлээд өгөх хэрэгтэй.

-Нэгэнт төрийн оролцоо, дэмжлэгийн тухай ярьж байгаа юм чинь татварын орчинг төр хэр бүрдүүлж байна вэ?

-Татварын тогтолцоо буруу байна. Юу гэвэл гурван тэрбумаас дээш орлоготой компанийн татвар 25 хувь болоод шууд 2.5 дахин өсдөг. Тиймээс компани болгон жижиг байхыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, гурван тэрбумаас бага ашигтай байж 10 хувийн татвараа улсад төлдөг. Ингээд ирэхээр компани томрохоор ашиггүй, дэмий гэдэг механизм үйлчлээд ирдэг. Хэрэв компани томрохгүй бол хэн үйлдвэр барьж, хэн улс орноо хөгжүүлж, яаж дэлхийн том компаниудтай өрсөлдөх билээ. Манайд компани болгон шумуул шиг жижигхэн байна. Монголын тат­ва­рын тогтолцоо бол ком­паниуд томорч болохгүй шумуулуураа бай гэсэн бодлогыг явуулж байна. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байна гэдэг. Мэдээж ийм татварын орчинд хөгжихгүй байх нь аргагүй. Томорч чадахгүй байгаа жижиг үйлдвэрүүд эсгий улавч, ширэн түрийвч хийхээс өөр зүйлгүй. Үйлдвэрүүд нь хөрөнгө мөнгөгүй, тэлж томроогүй байхад бидний хүсч байгаа өрсөлдөхүйц чанартай бүдээгдэхүүн хийх боломжгүй.

-Импортын бараа бүтээгдэхүүн худалдаалах нөхцөл, боломжоор нь дэмждэг ямар улс байна вэ?

-Юуны өмнө төр орчинг нь сайн бүрдүүлж чадвал тэдний дэмжлэгтэй дэмжлэггүй цаашаа амжилттай явдаг юм. Төр өнөөдөр энэ салбар хэрэгтэй хэрэггүй гээд ялгаж байна. Хэдий өнөөдөр ашигтай байгаа ч маргааш ашигтай ажиллах үгүйг хэн ч мэдэхгүй. Манайхан бодит эдийн засаг гэж нэг сонин нэр томъёо хэрэглэж яриад байдаг. Бодит эдийн засаг гэж чухам юуг хэлээд байгааг би ойлгодоггүй юм. Ярьж байгаа хүмүүс нь л сайн мэдэх байх. Тэдний ярьж байгаагаар бол үйлдвэр хэрэгтэй. Харин үйлдвэрийн бус салбар хоёрдугаар зэрэглэлийн юм шиг яриад байгаа юм. Ямар салбар их ашиг олж байна тэр л зөв гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс үйлдвэр, мал аж ахуй нь хэрэгтэй, хөдөө  аж ахуй, газар тариалан хэрэггүй гээд л хэн нэг нь мэдээд шийдээд байгаа нь утгагүй. Энэ асуудлыг чөлөөтэй тавьж байж компаниуд өөр хоорондоо өрсөлдөөд учраа олно. Тэгээд ашиг­тай нь ажиллаж ашиггүй нь учраа олох явдал юм.

-Манайхан өнөөдөр үйлдвэржилт гээд туйлшраад байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал руугаа хэтэрхий туйлш­раад байна. Тухайлбал, Сингапур хам­гийн үр ашигтай баян орнуудын нэг болсон. Сингапурчууд бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө хийгээд, газар тариалангаа эрхлээд байна уу гэвэл үгүй. Өнөөдөр тэд санхүүгийн л үйлчилгээ үзүүлж байна. Том банкууд нь гадаадад хөрөнгө оруулалт хийдэг. Хэрэв манайд ийм боломж олдвол үүний эсрэг байх байлгүй. Харин манайд үр ашигтай гээд байгаа газар тариалангийн салбар тийм ч ирээдүйтэй гэж үзэхгүй байна. Монголыг бусад оронтой харьцуулахад маш хүйтэн. Ургац бага авдаг. Гэтэл дулаан уур амьсгалтай оронд гудамжаар нь явж байхад л жимс, ногоо ургасан байдаг. Манайд хавар болгон мод тариалаад байхад л ургадаггүй. Өвс нь хүртэл хатаад мал идэхэд хомс байна. Мэдээж хүчээр ургуулж болох юм. Услаад, хүлэмжинд хийгээд, олон хүний хүч дайчлаад л. Магадгүй хүчээр болох л байх. Гэтэл нэг кг ногоо хурааж авахын тулд ийм их зардал гаргаж байгаа юм чинь өртөг нь бараг гурав дахин үнэтэй болно. Тэгэхээр хүн худалдаж авах уу гэдэг эргэлзээтэй. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд байгалийн давуу чанар гэж нэг зүйл бий. Тэр давуу чанар манай байгаль дээр бол байхгүй.

-Улсын хувийн харьяалалтай компаниудын аль илүү хөгжих вэ?

-Үйлдвэр нь хувийн компани байж амжилт олдог гэдгийг хэлмээр байна. Учир нь хувийн компани дампуурахыг хүсдэггүй. Өөрийн мөнгө болохоор яаж ийгээд л авч үлдэхийг боддог. Харин улсынх байвал яасан ч яахав гэсэн хандлагатай байдаг. Зах зээлийн эдийн засагт улсын компани, улсын хөрөнгө оруулалттай компани ажил хийнэ гэж байдаггүй. Дэлхийн улсуудын жишээг хара­хад эдийн засаг муудаад байгаа шалтгаан нь ул­сын компани их байгаа учраас тэр. Харин ул­сын харъяалалтай компаниудыг хувьчилж, зарснаар эдийн засаг сэргэж ирдэг бодит туршлага олон байна. Английн ерөнхий сайд асан Маргарет Тэтчер гэхэд англи эдийн засгийн хувьд хэн ч биш болсон үе байсан. Тэр үед ерөнхий сайд төрийн харъяалалтай бүх компанийг хувьчилж, татварыг нь багасгасан. Үүний дараа гуравхан жилийн дотор сэргээд их гүрнүүдийн жагсаалтад орж ирсэн түүхтэй. Өнөө­дөр бүх улс орон компаниудаа дэмжиж, татвараа буулгаж өрсөлдөж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бага татвартай улс оронд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байна. Манайд дүрэм журам гаргахдаа хүнд ямар чирэгдэл учруулах вэ гэдгээ тооцдоггүй. Гэтэл гадаадын улс оронд үүнийг нийгмийн зардал гэж боддог.

-”БСБ Сервис” компани байгуулагдсан цагаасаа салбартаа тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Амжилттай ажилласны  үндэс, шалтгаан?

-Манай компани харьцангуй тогтвортой ажиллаж жилээс жилд улам бэхжиж байна. Үүнд нэг зүйл нөлөөлж байгаа нь мэргэжлийн сургууль төгсч чанартай боловсрол эзэмшсэнд байдаг болов уу. Тодорхой зорилттой, төлөвлөгөөтэй ажилладаг, дэг журамтай гээд олон зүйл байна. Мэргэжлийн менежмент, менежерийг ажилдаа ашиглах хэрэгтэй. Өнөө маргаашаа бодсон биш харин удаан хугацаанд үр дүнгээ өгөх тэр бодлогыг барих хэрэгтэй.

-Таныхаар ямар компанийг сайн гэж хэлэх вэ?

-Үүнийг хүмүүс олон янзаар тайлбарладаг. За­рим нь баян эсвэл салбартаа тэргүүлэгч, ши­нийг санаачлагч компани гэж хариулдаг. Миний бодлоор амьдрал, эдийн засгийн орчин ч тэр байнга хувирч байдаг. Тиймээс ямар ч орчинд дампуурчихгүй үйл ажиллагаагаа улам хөгжүүлж байгаа тэр компанийг гэж хэлнэ. Үүнээс гадна хуримтлал чухал гэдгийг хүн бүхэн ойлгоосой. Дэлхийн дун­даж үндэстнүүд орлогынхоо 80 хувийг хэрэглээд 20 хувийг нь хуримтлуулдаг. Хятадууд 30 хувийг нь хэрэглээд 70 хувийг нь цааш нь хураадаг. Тиймээс тэд баян байна. Хуримтлалтай бол улсын хөгжил хурдацтай байх болно.