Д.ОЮУНЧИМЭГ
Сүүлийн үед шүүмжлэлд өртөөд байгаа “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад гурван жил болжээ. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Камерон МакРей “Гурван жилийн дотор гэрээний дагуу Монгол Улсад 6.2 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн” хэмээн ярилаа. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх зардлыг “Рио Тинто” компаниас 100 хувь гаргаж, нийт хувьцааны 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг “Рио Тинто” эзэмшиж буйг онцолсон юм. Харин ашгийн 71 хувийг Монголын Засгийн газар, 29 хувийг “Рио тинто” эзэмшинэ гэлээ. Яагаад мөнгөний урсгалын дийлэнх хувийг Монгол Улс авах гэж байгааг тэрээр тайлбарласан юм. Гэрээний 34 хувийн хувьцааг эзэмшдэг, НӨАТ, Гаалийн татвар нэмж тооцвол дээрх хувьд хүрч байгаа аж. Цаашид “Оюутолгой”-н бүтээн байгуулалтыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд хоёр үндсэн чиглэлд анхаарал хандуулна гэдгээ онцоллоо. “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Камерон МакРейтай ярилцсан юм.
-Монголын Засгийн газар 71 хувийн ашиг хүртэнэ гэх ч энэ нь учир дутагдалтай гэж үзэх хүн олон бий. Энэ тал дээр танай зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Энэ гэрээ байгуулагдсанаар одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт 803 сая ам.доллар төлсөн байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад ашиггүй байгаа хэдий ч танай улсад ашиг нь орж ирж байгааг эндээс харж болно. Үүн дээр нэг зүйлийг сайтар тодруулж хэлэх хэрэгтэй байна. Монголын Засгийн Газрын хүртэх 71 хувь гэдэгт ашигт малтмал ашигласны, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд татвар, ажилтнуудын цалин хөлсийг хасч, бодит ашгийг тооцно гэдгийг анхаарч үзэх ёстой байх. 6.2 тэрбум ам.долларын зарцуулалтыг харвал манай төслийн хувьд бусад орнуудтай харьцуулахад бид өрсөлдөхүйцээр үүнийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар бидний ажлын үр дүн харагдаж байгаад баяртай байна.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд анх зааснаар хөрөнгө оруулалтын хэмжээг 2.4 тэрбум ам.доллар гэж байсан бол 6.2 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс шалтгаалж Монгол Улсын хувьцаа эзэмших хувь, ашиг өөрчлөгдөх үү?
-Хувь хэмжээ өөрчлөгдөхгүй. Ер нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан ч Монгол Улсын хүртэх ашиг өөрчлөгдөхгүй. Түүхий эдийн үнэ унахад, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг буурсан ч компанийн хувьд Монгол Улсад төлөх татвар нь багасахгүй. 2010-2012 онд бид нийт 803 сая ам.долларын татварыг Монгол Улсын Засгийн газарт төлөөд байгаа. Мөн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засагт 22 сая ам.долларын санхүүжилт оруулсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчид ашгаа хүртэж эхлэх болоогүй байгаа шүү дээ.
-Гадаадын хөрөнгө оруулагчид хэзээнээс ашгаа хүртэж эхлэх вэ?
-Одоогоор бүтээгдэхүүн гаргаж эхлээгүй болохоор хувьцаа эзэмшигчид 2020 оноос ашгаа хүртэж эхлэх байх гэсэн таамаглал бий. Гэхдээ тухайн жилийн алт, зэсийн ханшаас болж ашгаа хэзээ хүртэх вэ гэдэг хугацаа өөрчлөгдөх магадлалтай.
-Гэрээнд зааснаар бол ажиллах хүчний 90 хувь нь монгол ажилтан байх ёстой. Энэ заалт биелэгдэж байгаа юу. Сургаж байгаа гурван мянган хүнээ үндсэн ажилтнаар авах уу?
-Гэрээнд анх заахдаа нийт ажиллах хүчний 90 хувь нь монголчууд байна гэж заасан. Одоогоор бид гэрээнд заасны дагуу явж байгаа. Манай компани хотын оффис, төслийн багийнхан, газар дээрх бүтээн байгуулалт буюу компанийн гээд нийт 12 мянган ажлын байртай болсон байна. Цаашдаа ажиллах хүчийг тасралтгүй чадавхижуулж, зөвхөн “Оюутолгой” төсөлд гэлтгүйгээр өөр салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг хичээж ажиллана. Бэлтгэгдэж байгаа 3300 хүний хувьд ажилгүй, боловсрол мэдлэггүй хүмүүсийг чадавхижуулахад бидний оруулж буй хувь нэмэр гэж үзэж байна. Энэ нь зөвхөн манай компанид биш өөр бусад албан газар, төслүүдэд ажиллах бүрэн боломжтой юм.
-Дэлхийн банкнаас байгаль, орчин нийгмийн хүрээллийнх нь хувьд Оюутолгойг нэлээд шүүмжилсэн байсан. Энэ үнэлгээг хэр чанартай болсон гэж та үзэж байна вэ?
-Оюутолгойтой холбоотой байгаль орчны үнэлгээг Дэлхийн банкнаас гаргаагүй. Харин энэ нэрийг буруугаар ашигласан байсан. Дэлхийн хэмжээний уурхай, дэлхийн стандартад яаж нийцүүлж хэрэгжүүлэх, түүнчлэн уул уурхай өөрөө олон талт ажиллагаатай байдаг болохоор байгаль орчин, нийгэм, эдийн засагт юуг хийж болох вэ гэдгийг энэ тайландаа дурдсан. Байгаль орчин нийгмийн үнэлгээний стандарт 1700 хуудастай, нөр их хөдөлмөр шингэсэн, дэлгэрэнгүй тайлан гаргасан. Энэ тайлан маш сайн болсон гэж миний зүгээс дүгнэж байгаа.
-УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг цуцлах тал дээр мэтгэлцэх гэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр гишүүн манай төслийн талаар хоорондоо мэтгэлцэх гэж байгааг би мэдэхгүй байна. Миний хэлж чадах зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын хувьд маш ашигтай гэдгийг би дахин хэлмээр байна. Зарим нэг улстөрчдийн хувьд ийм сайн гэрээг муу гэж ярьж байдаг. Гэхдээ бид энэ гэрээний талаар өөрийн компанийн сайт болон хэвлэлийнхэнтэй уулзахдаа төслөөс орох мөнгөн урсгалын 71 хувь нь Монгол Улсад орж байгаа гэдэг нь батлагдсан. Бидний хийж буй 71 хувийн тооцоолол Олон улсын валютын сангийн гаргаж байгаатай ганц, нэг хувиар дээш доош зөрөх нь бий. Гэвч энэ нь тийм ноцтой биш. Яагаад гэвэл энэ хувийг тооцоход тухайн үед дэлхий дээр байгаа алт, зэсийн үнийн хэлбэлзлээс хамаарсан байдаг. Бид дэлхийн томоохон бүтээн байгуулалт хийхэд 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсанаараа бусад оронтой эдийн засгийн хувьд өрсөлдөхүйц хэмжээнд байгаагаа баталсан. Үүнд итгэлтэй байна.