Ж.ЦОГЗОЛМАА

Moody’s: ВАЛЮТЫН НӨӨЦ ОНЫ СҮҮЛЧ ГЭХЭД БАРАГДАХ УЧРААС...

Энэ оны эхний улирал шувтарч байхад Монголд олон компани дампуурлын ирмэгт тулж ирээд байна. Өнгөрсөн онд төсвөө батлахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр валютын ханшийг 1384 төгрөгт тогтооно хэмээн мэдэгдэж парламент ч үүнийг үг дуугүй баталсан. Гэтэл энэ ханш одоо 400 төгрөгөөр зөрчихөөд байна. Төрийн төлөвлөсөн ханшаар бизнесээ тооцсон аж ахуйн нэгжүүд хямралын жалга руу хурдтай уруудаж байна. Өнгөрсөн онд тендерт оролцох гэж баахан мөнгө банкнаас зээлсэн хүмүүс наанадаж л 200-300 сая төгрөгийн алдагдал хүлээж байгааг “Өлзийт төв” компанийн захирал Н.Даш-Өлзий хэлж байна. Ийм болохоор энэ оны эхний улиралд хөл дээрээ амжиж боссон нь цөөн. 

Бүтээн байгуулалтын улирал даллах урин цаг хаяанд ирчихээд байхад компаниудын данс улайж, өрөндөө баригдчихжээ. Банкны зээл байтугай байнгын төлбөр тооцоогоо ч үргэлжлүүлж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэн хаа сайгүй.

2013 онд яаран сандруу төсвөө батлахдаа 1384 гэдэг дөрөвхөн тоог тооцоо муутай шийдвэрээр баталсан нь өнөөдөр Монголын эдийн засгийг захгүй хямралын уурхай болгочихов. Оны эхний сард компаниуд мөнгөгүй л байдаг. Гэхдээ үүн шиг эхний улирал талийж байхад халаас хоосон суугаа нь Монголын хувийн хэвшил хямрал хаяанд биш хойморт заларчихсныг харуулж байна.

Монголбанкнаас мэдээлж буйгаар оны эхний байдлаар манай улсын валютын нөөц өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 40 хувиар буурчихаад байгаа. Анх удаа гурван тэрбум ам.долларын нөөцтэй боллоо гэж дээр дооргүй шагшиж байсан үүц маань одоо ердөө л хоёр тэрбум гаран ам.доллараар хэмжигдэв. Иймээс ч олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s байгууллагаас “Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны сүүл гэхэд барагдах учраас Монгол Улс олон улсын зах зээлээс дахин бонд босгож нөөцөө зузаатгана гэж үзжээ хэмээн мэдээлснийг “Блүүмберг” дамжуулав. Өөрөөр хэлбэл, дааж давшгүй өрийн сүлжээг дахиад нэмэх салаа мөчир нь энэ шалтгаан болох нь.

 

ЭНЭ ОНД МОНГОЛД АМЖИХ ЮМ БАЙНА УУ?

Оны хоёрдугаар улирал хаалга тогшиж байна. Харин бид валютын ханштайгаа зууралдсаар, баяр цэнгэл гэж хөөцөлдсөөр эхний гурван сарыг гар хоосон үдчихлээ. Одоо л ажлаа хийе гээд эргэх гэтэл хэтэвч хоосон. Валютын ханшийн өсөлт банкны зээлийг хүртэл хэд дахин өндөр төлөх бодит шалтгаан болчихлоо. Ингэхээр 6-9 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлууд амжина гэж итгэхэд бэрх. Эхнээсээ тендерт оролцоод ялсан компаниуд валютын ханшийн өсөлтөөс жийрхэж замаасаа буцаад байхад энэ онд амжина гэж амлах зүйл даанч цөөн.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн оны есдүгээр сард ханш 1700 төгрөг давчихаад байхад юу гэж мэдэгдэж байсныг энд сийрүүлье. Тэрээр “Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан. Валютын нөөц багасаагүй” гэж мэдэгдэж байлаа.

 

ХАРИУЦЛАГАГҮЙ ТӨРИЙН ЗОЛИОС ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУД

Анхнаасаа төсвөө тооцоотой төлөвлөөгүй, ханшийг бодитоор хараагүй, хариуцлагагүй компаниудын толгойг илж өнөөдрийг хүргэсэн төрийн балаг хэдэн сургууль, цэцэрлэгийн төсвөөр туг тахиснаар шувтрах бололтой. Валютын ханш өссөн болохоор компаниуд тендерт оролцохоос халширч, зарим нь хоосорч нөгөө талд нь авлигатай, хөөсөрсөн гэх олон шалтгаанаар сургууль, цэцэрлэгүүдийн барил­гын санхүүжилтийг энэ жил төсвөөс баллуурдах гэж байна. Хариуд нь олон компанийн данс улайж, хэдэн зуун хүүхэд хүйтэн гэртээ цоожтой үлдэж, олон сурагч цас, зудтай дөрвөн улиралдаа хэдэн арван км туулж сургуулийн бараа харахаар болж байна. Энэ бол хариуцлагагүй төр, хариуцлагагүй сайдын тооцооны балаг. Цэцэрлэг нь төсөв хэтэрсэн гэдэг шалтгаанаар царцсан болохоор гэртээ уйлж үлдэж буй багачуудын нулимс хариуцлагагүй төрийн төлөөс болж байна. Уг нь энэ төрийг сонгосон иргэдийн хувьд сургуулийн төсөв хэдэн төгрөг байх нь падлийгүй. Харин үр, хүүхэд нь хүйтэн гэрт цоожлогдож үлдэхгүй, сургууль, цэцэрлэгт хамрагдах нь л чухал байсан юм. Иймд ханшийг хямрал болгосон сайд, төсвийг царцаасан Засгийн газраас хариуцлага нэхье.