- Архи, пивоны ил, далд сурталчилгааг хориглоно –
Б.ИРЭЭДҮЙ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд архи, пиво үйлдвэрлэгч компаниудтай өчигдөр уулзан, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хатуу сануулга өгөв. Мөн энэ үеэр компаниудад есдүгээр сарын 26-нд тавьсан мөнгөн торгуулийг тав хоногийн дотор төлж барагдуулах, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж байхыг ШӨХТГ-ын дарга О.Магнай сануулсан юм. Түүнчлэн энэ сарын 9-нөөс хойш хууль зөрчсөн тухай ямар ч асуудал гаргахгүй байхыг анхааруулав. Хэрэв дахин хууль зөрчвөл мөнгөн торгууль тавихгүйгээр, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч өгөх тухай шаардах бичгийг харъяа яамны сайдад нь ШӨХТГ-аас бус архинд хордсон, хохирсон иргэдээр хүргүүлнэ хэмээн тэрээр хэллээ.
Уулзалтад “АПУ”, “Спирт бал бурам”, “Asia Pacific Breweries” зэрэг архи, пиво үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон. ШӨХТГ-ын зүгээс тэдгээр компанид хүлээлгэх арга хэмжээнээс гадна тав хоногийн дотор зөрчлөө арилгах, хууль зөрчихгүй тухай албан бичиг ирүүлэхийг шаардлаа. Албан тоот нь заасан хугацаанд торгуулаа төлж барагдуулах, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж, хууль зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлөө хураалгахыг хүлээн зөвшөөрсөн утгатай байх аж.
Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуульд архи сурталчлахгүй байх, шар айргийг шөнийн цагаар эрүүл мэндэд хортой гэсэн сануулгын хамт сурталчилж болох тухай заасан байдаг учраас ШӨХТГ-аас хуулиа дагахыг хатуу анхаарууллаа.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай “Урьд өмнөх Засгийн газар архи, пивоны рекламын талаар ямар бодлого баримталдаг байсныг мэдэхгүй. Одоо бол архи, пивоны ил, далд сурталчилгааг хориглоно. Энэ асуудал одоо л сөхөгдөж байгаа зүйл биш. Компаниудын хувьд урьд өмнө нь тавьдаг байсан торгууль багадсан бололтой. Ийм явдал давтагдвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Энэ бол иргэн бүрт тэгш эрх олгох Шинэчлэлийн засгийн газар шүү дээ. Мөн улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дураараа дургихгүй байхыг ч аж ахуйн нэгжүүдэд сануулъя” гэлээ. Харин компаниудын төлөөлөл “Онцгой албан татвар нэмэгдсэнээр 25-аас дээш хатуулагтай архины үнэ өссөн. Үүнийг дагаад хуурамч архи аль хэдийнэ газар авсан. Тиймээс үүнтэй ч мөн адил тэмцэх хэрэгтэй” хэмээн дор бүрнээ илэрхийлж байлаа. “АПУ” компанид пивоны сурталчилгаатай холбоотой тавигдсан 10 сая төгрөгийн торгуулийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгааг О.Магнай асууж тодруулсан юм. “АПУ трейдинг” компанийн борлуулалт, маркетингийн захирал Г.Баярхүү “Пивоны сурталчилгааг явуулахдаа бид хууль зөрчөөгүй. Тиймээс бид мониторингоороо шүүж үзнэ. Бид хуулийн заалтыг дагаж мөрддөг. Мөн www.shuud.mn сайтад манай компанийн сайтаас линк татаж тавьсан байгаа нь бидэнтэй огт хамаагүй. Тэр байгууллагын өөрсдийн бодлогоор хийсэн ажил байх. Тиймээс үүнд холбогдуулж тавигдсан торгуулийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн юм. Ийнхүү уулзалтад тодорхой хариулт өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь морилоогүйд ШӨХТГ-ын дарга бухимдлаа илэрхийлсэн юм. Дараа дараагийн уулзалтад хэн нэгэн мэргэжилтнээ биш компанийн захирлууд өөрсдөө ирж байхыг тэрээр хүслээ.
ШӨХТГ-ын удирдлагууд үндэсний үйлдвэрлэгчидтэй ээлж дараалан уулзалт зохион байгуулж өөрсдөдөө тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг ярилцан ойлголцож хамтран ажиллах болно гэлээ.