Б.СОЛОНГО
“Урт нэртэй” хуулийн хэрэгжилт болон лиценз олголтын асуудлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.
- Удаан хүлээлгэсэн “Урт нэртэй” хууль ямар ч байсан нэг алхмаар урагшилж, хилийн заагийг тогтоолоо. Байгаль орчны иргэний зөвлөлөөс энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхийг шаардсан байна?
- Батлагдсанаас хойш гурван жилийн хугацаанд Засгийн газар ямар ч арга хэмжээ аваагүй. Лицензүүдийг цуцлах бэлтгэл ажлыг ч хангаагүй байсан. Уг нь хуулийг ингэж хэсэгчилж, хэсэг хүмүүст үйлчлэх маягаар хэрэгжүүлж болохгүй л дээ. Зөвхөн алтны шороон ордуудыг хамруулсан. Ерөнхий сайд нь өөрөө ч үүнийг зарласан. Бодит байдал дээр өөрийнх нь нэр дээр байдаг том ордоос эхлээд нэр бүхий ордууд бүгд ажиллаж байна. Манай уурхай тэрний уурхай гэж ирээд л нэр хаяг өгчихсөн. “Урт нэртэй” хуулийг гацааж өөрчлөх гэж зүтгээд л . Болохгүй болохоор нь өөрсдийнхөө ордыг стратегийн ордод хамруулах гэж хүртэл зүтгэж байна. Уг нь энэ хуульд анхандаа стратегийн орд газрыг бүгдийг хамруулсан байсан боловч хууль батлах явцад аваад хаячихсан. Мэдээж бидний шаардлагыг бүрэн хүлээн авахгүй байж болно. Хууль тогтоогчид наанатай, цаанатай хандая гэж бодсон л байх. Хамгийн гол нь жижиг, том гэж ялгалгүй бүгдэд нь тэгш үйлчилж, бүрэн хэрэгжээд, нөхөн сэргээлт нь хүртэл дуусчихсан байх ёстой байсан юм. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу ч хийсэнгүй. Гэхдээ ямар ч байсан сонгуулийн өмнө хилийн заагийг нь баталчихлаа. БОАЖЯ, Усны газар маш сайн ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Иргэний нийгмийн оролцоог сайн хангасан. Мэдээж алдаа байлгүй яахав. БОАЖ-ын сайд Цогтбаатар зургаан сарын хугацаанд гацаанд ороод байсан хуулийг нэг алхмаар урагшлууллаа. Хэлсэн амандаа хүрсэнд баярласнаа илэрхийлэх хэрэгтэй байх.
- Хуулийг ярьж эхэлснээс хойш гол мөрөн, ойтой газар хэдэн лиценз олгогдсон бол. Мэдээж нэмэгдсэн байх?
- 2009 онд л 1782 лиценз гэж ярьж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын газраас 102 лиценз олгосон байна. Уг нь 2009 онд урт нэртэй хууль гарчихаад байхад 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиа урдаас бариад тайлбар хийгээд байгаа юм. Одоо бодоход бид ч дутуу арга хэмжээ авсан байна. Хуулийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулаад байсан. Тэр хойгуур нь нэмээд 102 лиценз олгогдчихсон. Тэр хэмжээгээр манай нутгийн талбай барьцаанд орчихсон байна. Тэр үед нь жаахан хүчтэй хөдлөх ёстой байжээ гэж одоо харамсдаг юм. Гэхдээ бид зүгээр суухгүй. Тэр 102 лицензийг хууль бусаар олгосон гэж үзнэ. Яагаад гэвэл хилийн зааг дотор хайх, ашиглахыг хориглоно гээд заачихсан байхад лиценз олгосонд хариуцлага тооцох ёстой. Хэдийгээр хожимдсон ч тэр асуудлын хойноос явна. Ер нь өнөөдрийн байдлаар барагцаалбал Монгол Улсад 5000 орчим тусгай зөвшөөрөл бий. Алга дарам цаасаар газар нутгаа өгчихсөн гэсэн үг. Зөвхөн 1782-ийг нь л буцааж авах гэж олон жил болж байна шүү дээ. Онц чухал хэсэг буюу ойтой, устай хэсгийг олборлолтоос хамгаалах гэж ийм их юм болж байна. Гэтэл Өмнөговийн нутаг бол тэр чигээрээ барьцаалагдчихсан байна. Шулуухан хэлэхэд харийнханд алдчихсан. Тйимээс энэ бүгдийг тэр чигээр нь цэгцлэх цаг болсон.
- Байгалийн үзэсгэлэнт газруудаа хамгаалахын тулд арга хэмжээ авсан бусад орны туршлага ямар байдаг бол?
- Хятад улс 1998 оноос хойш голтой, устай, ойтой хэсэгтээ алт олборлолтыг зогсоох арга хэмжээ шат дараатай авсан. 2005 онд алтны 4000 гаран уурхайг хааж чадсан. Бид ядахдаа хөрш орнууд юу хийж байгааг харах хэрэгтэй. Энүүхэндээ хэдэн компани дотроо эргэлдээд байхаас дэлхий даяар юу болж байгааг олж харахгүй байна. Дэлхий нийтээр цөмийн хог хаягдлын эсрэг тэмцэж байхад манайх уран олборлох гэж байна.
- Аль хэдийнэ 101 лиценз өгчихсөн шүү дээ?
- Тэгсэн. Хоёр нь олборлолт, 99 нь хайгуулын лиценз байгаа. Энэ бол хайрга, алт, нүүрс биш. Маш аюултай бодис. Улс орны аюулгүй байдалтай холбоотой. Маш хайхрамжгүй хандсан. Хэнд өгч байгааг нь хэн ч сонирхоогүй. Уран олборлоод дараа нь яах вэ гэдэг нь тодорхой биш. Атомын цахилгаан станц барина гээд л байна. Гэтэл атомын цахилгаан станцаас дэлхий нийт татгалзаж байна. Япон 55 станцаа хаана гээд зарлачихсан. Герман 2020 он гэхэд бүрэн татгалзана гэж байхад манайх барина гээд эсрэгээр нь явж байдаг. Өнөөдөр төрийн эрхийг яаж авах вэ гэхээс өөрийг харахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Уран олборлолтод Францын компани хэд хэдэн лиценз эзэмшиж байгаа. Гэтэл франц улс олборлосон бүтээгдэхүүнээ эх орон руугаа авч явна гэж байхгүй. Орос, Хятад руу л гаргаж таарна. Тэдэнд цөмийн зэвсгийг нь бэлдээд өгчихөөр хаягдлаа манайд л өгнө. Ингээд бид хордоно гэсэн үг.
- Яагаад ийм олон лиценз олгогдож байхад хэн ч дуугараагүй юм бэ?
- Лиценз ямар ч хяналтгүй байгаагийн жишээ. Ашигт малтмалын тухай хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлж батлахгүй бол хэдхэн хүн батлаад байна. Манай улсад 1000 ашиглалтын лиценз, 4000 хайгуул байгаа. Гэтэл тэр ашиглалтын 1000 лицензийг ном журмаар нь ашиглах боловсон хүчин манайд байхгүй. Уул уурхай гэдэг хайгуулыг нь мэргэжлийн хүн хийнэ. Дараа нь үйлдвэрээ барина. Олборлоно. Нөхөн сэргээнэ гээд олон шат дараатай. Гэтэл тал талын мэргэжлийн хүмүүс газар нутгийг минь сэндийчиж байна. Харин стратегийн 15 орд газартаа бол элбэг хүрэлцэнэ. Тийм чадвартай хүмүүс ч бий. Бид өөрсдөө Багануур уурхайд жилд 4-5 сая тонн нүүрс гаргаад ажиллуулдаг л байсан. Түүнээс 30 жилийн дараа, техник технологи өндөр хөгжсөн өнөө үед жилд 20-25 сая тонн нүүрсийг монгол мэргэжилтнүүд өлхөн гаргана. Миний бодлоор стратегийн 15 ордоо өөрсдөө ашиглъя. Монголд 15 орд байхад л болно. Бусдыг нь хаая. Монгол газар нутгаа аварч үлдье. Хэдэн зуун мянган жил байсан газрын баялгийг 20 жилийн дотор хоосолж болохгүй шүү дээ.
- “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд нөхөн олговрын асуудал гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Энэ заалт нь нөгөө л лиценз эзэмшигч буюу гадныхны захиалгаар орсон заалт. Лицензээ буцаагаад авчихвал төрөөс нь бөөн мөнгө аваад гарна даа гэсэн бодлоготой. “Хан ресурс” Монголын төрөөс 200 сая ам.доллар нэхэмжлээд олон улсын шүүхээр заргалдаад явж байна. “Алтандорнод Монгол” хэдэн зуун сая ам.доллар нэхэмжиллээ. Монголын байгалийг сүйтгэчихээд эргээд мөнгө нэхэж байдаг. Татвар ч төлөхгүй. Энэ бол шударга бус явдал. Хууль ч нь тэр. Үйлдэл нь ч тэр. Нэгэнт хуульд тусгасан учраас нөхөн олговрын асуудал байж болно. Гэхдээ мэргэжлийн хүмүүсээр хянуулах ёстой. “Урт нэртэй” хуульд хамрагдсан компаниудад тооцсон нөхөн олговрыг судлахад нэг триллион 161 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирсан байхад 500 тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэгдсэн байсан. Нөхөн сэргээлтийн зардалд дахиад нэг триллион төгрөг хэрэгтэй. Бид хоёр, гурван уурхайд мониторинг хийж үзэхэд экологийн хохирол нь дээр тооцоолсноос 5-6 дахин их байхаар юм билээ. Тэгэхээр энэ асуудалд хяналт тавих ёстой.
- Монгол Улс уул уурхайн компаниудаас татвараа бүрэн авч чаддаг болов уу?
- “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага” гээд сайхан нэртэй төсөл байна. Би ажлын хэсэгт нь бий. Намайг нэг ч удаа дуудаагүй. Би уул уурхайн инженер хүн. Тэгэхээр ийм замбараагүй уул уурхайг дуугүй хараад сууж чадахгүй байгаа юм. Ашиглалтанд байгаа 350 уурхайд анализ хийхэд 90 гаруй нь улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. 80 гаруй уурхай нэг сая төгрөг хүртэлх татвар төлсөн. Мөн 80 гаруй нь хоёр сая хүртэлх төгрөгийн татвар төлсөн. Үлдсэн нь хоёр саяас дээш. Тэгээд харьцуул даа. Тухайн үедээ энэ асуудал шуугиан тарингуут “Ил тод байдал” гэсэн сонинг нь хааж байсан. Одоо тэр хөтөлбөр хүмүүсийн хэл ам дарах байдлаар л ажиллаж байна даа.