Э.СОЛОНГО
Хувь хүний орлогын албан татварын тайланг авах хугацаа ирэх сарын 15-нд дуусна. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг товчхон танилцуулаач?
-Тухайн жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй байдаг. Иргэний орлогод цалин, хөдөлмөрийн хөлс, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсаны орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спорт тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогууд ордог. Эдгээр орлогоос Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана. Үүнийг жилд нэг удаа тайлагнадгаараа онцлог. Иргэд тайлангаа ирэх сарын 15-ны дотор өөрийн харьяа татварын албанд хүргүүлээрэй. Мөн энэ жилээс Татварын ерөнхий газар Монгол шуудан компанитай хамтран иргэдийн бүрдүүлсэн бичиг баримт, тайланг шуудангаар авахаар болсон.
-Иргэдийн бүрдүүлсэн материал, тайланг шуудангаар дамжуулж татварын газарт хүргэнэ гэсэн үг үү?
-Иргэдийн цаг завыг хэмнэх, татварын албадын ачааллыг хөнгөлөх үүднээс материалыг шуудангаар дамжуулах боломжийг бүрдүүлсэн. Тухайн иргэн татварын буцаан олголтоо авахад бүрдүүлэх материалыг Монгол шуудангийн гэр, ажилдаа ойролцоох салбарт хүргэснээр тус газар татварын албад руу хүргэх юм. Үүнийг Монгол шуудан хотод 3500, орон нутагт 5500 төгрөгөөр хүргэх юм билээ. Харьяа татварын албадад өөрийн биеэр ирж өгсөн ч болно.
-Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод хэчнээн төрлийн бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэн Үндэсний татварын албанаас гаргасан бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Орон сууцны чөлөөлөлтөд анхны жилд хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ. Хоёр ба түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн долоон төрлийн, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа. Бүрдүүлэх материалын жагсаалтыг mta.mn цахим хуудаснаас авах боломжтой.
-30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс дээш өртөгтэй байр авсан бол хувь нь нэмэгдээд явдаг гэсэн ойлголт байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хуулийн хүрээнд “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг татвараас чөлөөлөхөөр заасан. Мөн хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар гарсан. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсан байна. Тухайлбал, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө. Ихэнх иргэн 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая төгрөгийг буцаан авна гэсэн ойлголттой байна. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөөлөлтөө эдлээд дуусна.
-2013 оноос өмнө орон сууц анх удаа худалдаж авсан, барьсан иргэд хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Хуулийн шинэчилсэн найруулга нь 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Татварын хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тэгэхээр 2009 оноос хойш орон сууц худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан боловч орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаагүй байгаа иргэд энэ онд тайлангаа гаргаж, хамрагдах боломжтой.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг даган ачаалал ихэсч байгаа. Үүнд татварын ерөнхий газар ямар зохицуулалт хийж байна вэ?
-Жилээс жилд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэж буй иргэдийн тоо 10 орчим мянгаар нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 48 мянга гаруй иргэн 23.5 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авсан. Энэ жил найман хувийн хүүтэй зээлийг даган улам нэмэгдэх төлөвтэй байна. Иргэд хоёрдугаар сар гарангуут тайлангаа өгдгөөс болж татварын албанд ачаалал үүсдэг. Иймд оны эхнээс татварын тайлангаа гаргаж, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бичиг баримтаа бүрдүүлэх нь аль аль талдаа чирэгдэлгүй.