Ж.ЦОГЗОЛМАА

Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр өнгөрсөн жил хэрэгжсэн. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Төвбанкныхны тайлбар­лаж буйгаар өнгөрсөн оны эцсээр 12.5 хувиар хэмжигдсэн инфляц үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол үүнээс илүү өсөх байжээ. Түүнчлэн өнгөрсөн оны эхний долоон сард үнэ харьцангуй тогтвортой байсан ч наймдугаар сараас эхлэн эрчим хүчний үнэ, сургалтын төлбөр өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимтэй буурч, Оюутолгой гацсан юм. Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт буурснаас ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 гаруй хувиар буурч, валютын нөөц 2012 оныхоос 13 хувиар багассан билээ.

Монголбанкны ерөн­хий­лөг­чийн тайлбарлаж буйгаар үнийн бодлого хэрэгжүүлснээр инфляцийн иргэдэд очих дарамт 30-40 хувь байсныг бууруулж, 14-18 хувь болгосон аж. Иймд энэ онд Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг үргэлж­лүүлэхээ Төвбанкны тэргүүн мэдэгдсэн.

 

ӨНГӨРСӨН ОНЫ ХӨТӨЛБӨРТ ХЭН ДҮН ТАВИХ ВЭ?

Өнгөрсөн жил шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр боловсруулж, 195 тэрбум төгрөгийн шатахуун импортлогчдод жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Мөн өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулж Улаанбаатар төмөр замын шатахууны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр жилийн 3.8 хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хүрээнд төрөөс нийт 87 тэрбум төгрөг гаргаж өгсөн бол гурилын үнийг тогтворжуулах хүрээнд нийт 61 тэрбум төгрөг олгосон. Бас барилгын салбарт 400 орчим тэрбум төгрөг олгож, орон сууцны үнийг тогтворжуулахаар болсон. Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг хоёр дахин өслөө. Хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан цементийн бизнес эрхлэгч компаниуд өнгөрсөн 4-9 дүгээр сард нэг тонн цементийн үнийг 137-145  мянган төгрөгөөр борлуулж байлаа. Гэвч түүнээс хойш урд хөршийн хоёр хоёр үйлдвэрт технологийн саатал гарсан нь манайд өнөөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зорилгыг өөрчилчихөж. Үүнээс үүдэн цементийн үнэ өссөн билээ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цементийн 43 аж ахуйн нэгжид 48.5 тэрбум, арматурын 17 аж ахуйн нэгжид 81 тэрбум, барилгын материал үйлдвэрлэгч 64 компанид 146.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж орон сууцны үнийг ч тогтворжуулна гэж Засгийн газар тайлбарласан юм. Тэгвэл цементийн үнэ хөтөлбөр эхлэхээс өмнө буюу 2012 оны зургадугаар сарын 23-ны байдлаар 160-165 мянга буюу өнөөдрийнхөөс хамаагүй хямд байжээ. Гэвч хтөлбөр хэрэгжиж байх үед буюу энэ оны аравдугаар сарын 7-нд 250-300 мянгад хүрч үнэ нь бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Үнэ өссөн шалтгааныг худалдаачид юанийн ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үнэ олигтой ч хямдарсангүй. Одоогийн байдлаар орон сууцны ам метр талбайн үнэ хамгийн хямд нь хоёр сая төгрөг байгаа бол дээд тал нь гурван сая төгрөг хүрээд байгаа юм. Харин амины орон сууцны үнийн хувьд дунджаар ам метр талбайн үнэ 3.5 сая төгрөгт багтаж байна.

 

ХӨТӨЛБӨР ИЛ ТОД БУС ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

“Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ил тод бус, шалгаруулалт хаалттай, тендергүй явагдсан. Хөтөлбөрийг 2013 оны мөнгөний бодлогод тусган, хугацаа, зорилт, хүлээгдэх үр дүн, тооцоо үндэслэлийг Их Хурлаар хэлэлцээгүй. Ер нь энэ хөтөлбөрүүд нь Монголбанкны зүгээс улсын санхүүгийн эх үүсвэрийг субъектив хандлагатай зарцуулсан, мөнгөний зах зээлийг гажуудуулж,  чөлөөт өрсөлдөөнийг боомил­сон, цаг хугацаа аргацаасан, зах зээлд буруу жишиг тогтоох, алсын хараагүй арга хэмжээ болоод байна” хэмээн энэ оны мөнгөний бодлогын төсөлд МАН-ын бүлгээс өгсөн дүгнэлтэд дурдсан байдаг. Түүний тайлбарласнаар “Алтан тариа” нэгдүгээр гурилын үнэ 700 төгрөг байсан бол 1000 төгрөг болсон. Нэг тонн цементийн үнэ 130 мянган төгрөг байсан бол зарим үед 260 мянган төгрөг болж өссөн. АИ-92 шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээс давж 1800 төгрөг болсон гэж байгаа юм.

 

ЭНЭ ОНЫ САНХҮҮЖИЛТ ХААНААС ГАРАХ ВЭ?

Өнгөрсөн онд үнэ тогтворжуулах хөтөлбөрт нийт 600 тэрбум төгрөг зарцуулсан тухай Монголбанк мэдээлж байв. Харин намуудын мэдээлэлд үүнийг 700 гаруй тэрбум хэмээн дүгнэж байна. Гэвч энэ жил хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх, санхүүжилтийг нь хаанаас хийх талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. Зарим эх сурвалж бондоос энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов уу гэж харж байгаа аж. Ямар боловч чухам ямар эх үүсвэрээс, хэдий хэрийн санхүүжилтээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг харах үлдлээ.