С.САРУУЛ
Сонгууль ойртох тусам улс төрийн хүрээний урвалт, шарвалт газар авч байна. Өөрөөр хэлбэл ашиг хонжоо хайж хэн нэгний нөмөрт нуугдсан хүмүүсийн баг хууларч эхэллээ. МАХН-аас урваж, МАН-ыг долоогчдыг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өнгөлж өдгөө олон түмэнд муу муухайгаараа цоллуулж явна.
Тэгвэл урвагчдын эгнээг өнөөдөр /2016.05.16/ МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батмөнх, ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал нар үргэлжүүллээ. Товчхондоо энэ гурав МАХН-ын гишүүдээс хамгийн залуугаараа өөрсдийнхөө хэмжээнд байж болох хамгийн өндөр албан тушаалд суусан хүмүүс. Ямарсайндаа Д.Тэрбишдагвыг Шадар сайд байхад “Боса” компанийн хамгаалалтын албаны дарга хийж, дээр нь Баянгол дүүргийн МАН-аас МАХН-д элсээд удаагүй залуу агентлагийн даргаар томилогдож суга татагдаж байв.
Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж өнгөрсөн жил МАНАН-гийн Засгийн газар байгуулах үед Монголын шуудан, Цахилгаан холбоо ХХК-ийн даргаар очих гэж МАН-ын дарга нарыг хормойдож, компанийн ажилчдад ад үзэгдэж, хөөгдөж туугдаж явсныг хүмүүс мэднэ. Мөн хормын төдийд Худалдан авах ажиллагааны газрын дарга болж дэвшсэн Д.Энхжаргал гэх бүсгүй байна. МАХН-аас богино хугацаанд огцом дээшилж, энэ намын өнгөтэй өөдтэй ажил албан тушаалын өрмийг нь хамсан хүмүүс өнөөдөр анх хаана хэн гэгч байснаа мартсан бололтой. Эцсийн эцэст МАХН эдгээр хүмүүсийг гуйж авчраагүй гэдгийг л санах хэрэгтэй. Харин МАН намаас урвагчдад ямар албан тушаал амлах бол?
Эх сурвалж: www.polit.mn