Г.ГАНЧИМЭГ
Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй 2013 оны статистик үзүүлэлтүүдийг тоймлон ярилцлаа.
-Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй байсан салбаруудыг нэрлэхгүй юу?
-Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн салбарыг нэрлэж болно. Аж үйлдвэр, түүн дотроо уул уурхай, барилга, үйлчилгээний салбаруудаас худалдаа болоод тээврийн салбарын зарим үзүүлэлтийг онцолж тэмдэглэх нь зүйтэй. Хөдөө аж ахуйн салбарын хувьд жил бүр мал тооллого явагддаг. Мал тооллогын дүнгээр манай улсын хэмжээнд 210 мянган малтай өрх, түүнээс 145.2 мянган малчин өрхийн нөр их хөдөлмөрийн үр дүнд манай улс 45.1 сая толгой малыг тоолуулсан байгаа. 2012 онтой харьцуулахад мал сүрэг 4.2 сая толгойгоор илүү тоологдсон. Түүнчлэн 15.2 сая төл бойжуулсан. 2012 онтой харьцуулахад 1.6 сая төлөөр илүү байгаа. Малын тоо толгой өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн салбар эдийн засагт голлох эерэг нөлөөг үзүүллээ.
-Хоёрдугаарт нь та аж үйлдвэрийн салбар, түүн дотроо уул уурхайн салбарыг нэр цохлоо. Тэгвэл энэхүү өсөлтийг ямар бүтээгдэхүүн нь хангасан юм бэ?
-2005 оны зэрэгцүүлэх үнээр харьцуулахад 14.8 буюу үндсэндээ 15 хувийн өсөлттэй гарсан. Энэхүү 15 хувийн өсөлтийг дотор нь дэд салбаруудаар салгаад үзвэл, уул уурхайн салбар тэргүүлэх нөлөөтэй байгаа. Уул уурхайн салбар 20 гаруй хувийн өсөлттэй байна. Алт, зэсийн баяжмал, газрын тос зэрэг бүтээгдэхүүн 40-55 хувийн өндөр өсөлттэй байлаа. Зэсийн баяжмалын хувьд өмнө нь бид нэг л үйлдвэрийн тухай ярьдаг байсан. 2013 оны хувьд цоо шинэ нэг үйлдвэр нэмэгдэж орж ирсэн. Энэ хэмжээгээр олборлож, боловсруулж байгаа зэсийн баяжмалын өндөр өсөлт харагдсан жил байлаа.
-Өнгөрсөн жилийн эхнээс нүүрсний олборлолт дандаа бага хувьтай байсан. Үүнээс хамааралтайгаар эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байлаа?
-2013 оны эцэст нүүрсний олборлолт хоёр хувийн өсөлттэй байсан эерэг дүн гарсан. Ес орчим тонн алт олборлосон нь гурав орчим тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Энэ мэтчилэнгээр манай уул уурхайн голлох өмнөө барьдаг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн үнийн өсөлт уул уурхай, аж үйлдвэрийн салбараар дамжуулаад манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн.
-Барилгын салбарт их хөрөнгө оруулалт орлоо. Энэ нь бодитоор эдийн засагтаа хэрхэн нөлөөлөв?
-1.4 их наяд төгрөгийн барилга угсралтын ажил хийжээ. Бүтцээр нь задалбал зөвхөн орон сууцны барилгаас илүүтэйгээр инженерийн хийцтэй барилга, үүн дотроо замын барилга руу нэлээд анхаарал хандуулжээ. Үүнтэй холбогдуулаад 1.4 их наяд төгрөгийн барилга угсралтын ажлын бараг тал нь буюу 44 хувь нь инженерийн хийцтэй барилга эзэлж байна. Энэ нь 2012 онтой харьцуулбал нэлээд өндөр хувийн жинтэй байгаа юм. Барилгын салбар өөрөө эдийн засагт эзэлж байгаа хувь хэмжээ нь бага. Гурав орчим хувийн эзэлдэг байсан. Харин одоо энэ дүнгээр тав орчим хувь руу орж ирнэ. Манай эдийн засагт түрж орж ирж буй салбарын нэг.
-Гэхдээ эдийн засгийн үзүүлэлт бүхэн нааштай сайхан байгаагүй гэдэгтэй маргахгүй байх?
-Гадаад талдаа нэлээд таагүй хүчин зүйлүүд байсан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийн төвшинтэй харьцуулахад эхний гурван улирлын байдлаар 50 хувьтай явж байна. Манай улсын гол орлого олдог уул уурхайн зарим бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 2012 оны мөн үеийн төвшингөөс нэлээд доогуур байгаа учраас экпортын орлогыг тэр хэмжээгээр багасгах муу нөлөө үзүүлсэн. Төгрөгийн гадаад валюттай харьцаж байгаа ханшны сулрал нь эргээд импортын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Энэ нь өөрөө үнийг өсгөж, инфляцийн төвшинг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл болж байна л даа.
-Инфляцийн өсөлтийг нэг оронтой тоонд барина гэсэн нь энэ онд хэр боломжтой бол?
-2013 оны арванхоёрдугаар сарын инфляц 12.5 хувьтай байсан. Өнгөрсөн онд мөн нэг оронтой тоонд барина гэсэн ч чадаагүй. Эхний хагас жилд махны үнээс хамааралтайгаар, сүүлийн хагас жилд импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтайгаар инфляц өссөн. Гэхдээ өнгөрсөн оны жилийн дундаж инфляц 10.5 хувьтай байгаа. 2012 онд жилийн дундаж инфляцийн төвшин 14.3 хувьтай байсан. Тиймээс дөрөв орчим функтаар саарсан үзүүлэлттэй байна.