Г.ГАНЧИМЭГ

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ярилцлаа.

-Уул уурхай эдийн засгийн тэргүүлэх салбар. Өнгөрсөн онд нүүрс, зэсийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадаагүйн улмаас төсөвт бүрдүүлэх орлогын хэмжээ буурсан. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?    

-Эрдсийн бүтээг­дэхүүний үйлдвэрлэгч, экспортлогчдын хувьд 2013 он шалгуурын жил байлаа. Яагаад гэвэл манай улсын экспортын зарим бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Ялангуяа, зэсийн үнэ ханш бага зэрэг буурч, нүүрсний үнэ уналаа. Харин төмөр, жоншны үнийн уналт бага байсан. 2013 оны төлөвлөлт дээр л алдсан. Нүүрсийг 34 сая тонн, зэсийн баяжмалыг 945 мянган тонноор буюу маш өндрөөр тооцсон тал бий.

-Төлөвлөлт хийхдээ эрсдэлийг хэрхэн тооцсон юм бол. Та судалж үзэв үү?

-2013 он Шинэч­лэлийн Засгийн газрын ажлын эхний жил байлаа шүү дээ. Шинэ хүмүүс төлөвлөгөө гаргасан нь нөлөөлсөн болов уу. Хоёрдугаарт, өнгөрсөн онд төсвийн зардал өсч, шинэ төслүүд гарч ирсэн. Тиймээс өсч байгаа зардал, шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө төвлөрүүлэхийн тулд экспортын эрдсийн бүтээгдэхүүний тоо хэмжээг өндрөөр авсан гэдэг нь тодорхой байна. Бодит байдал нь 2013 оны төлөвлөгөөг хийхэд мэдэгдэж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд 20.5 сая тонн нүүрс, 574 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ унаж, Хятадын эрэлт, нийлүүлэлт бага зэрэг саарна гэдэг нь анзаарагдаж л байсан. Нөгөө нэг зүйл нь зэсийн үнийг маш өндөр тооцсон.

-Та төсвийн орлогыг л нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөгөө хийсэн гэж үзээд байна аа даа. Үнийг тооцохдоо хамгийн өндөр биш дунджаар нь тооцож болдог биз дээ?

-Дэлхийн зах зээл дээр зэс нэг тонн нь 7300-7500 ам.доллар байхад манайхан төсвийнхөө орлогыг бүрдүүлэхийн тулд 8150 ам.доллараар тооцсон шүү дээ. Түүнээс биш экспортлогч үйлдвэрлэгчдийнхээ бодит байдалтай уялдахгүй байна. Засгийн газар УИХ-д танилцуулдаг тайландаа үнийн төвшинг авахдаа сүүлийн тав, арван жилийн дунджийг барилаа гэж онолын юм ярьдаг. Яг үнэндээ үнийг тогтоохдоо төсвийн орлогыг нэмэгдүүлж, илүү татвар авах зорилгоор өндөр тавьчихдаг байхгүй юу.

-Тэр үед олон улсын зах зээл судлаачид, судалгааны байгууллагууд юу гэж үзэж байсан юм бол? 

-Үнийг 8150 ам.доллараар тооцох нь өндөр байна. Үүнийгээ арай доогуур болгож, бодит байдалтай уялдуул гэж хэлж байсан.

-Тэгвэл 2014 онд нүүрс, зэсийн үнийг та ямраар төсөөлж байна вэ?  

-Энэ оны төсөвт зэсийн үнийг 6900 ам.доллароор авсан. Нэлээд бодитой тооцсон учраас энэ оны төлөвлөлт үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хятадын импорт буурахгүй. 2013 онд Австрали, Орос, АНУ-ын экспортлогчид Хятадын зах зээлд их хэмжээгээр бүтээгдэхүүнээ нийлүүлчихсэн. Чанар нь өндөр төвшинд байгаа. Тээврийн зардал багатайгаараа давуу талтай учраас манай нүүрс экспортлогчид Хятадын зах зээл дэх өрсөлдөөнд үндсэндээ ялагдсан. Харин 2014 онд нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдэнэ гэж тооцож байгаа. АНУ-ын өртөг зардал өндөртэй уурхайнууд хаагдах болов уу, Австрали ганцхан Хятадад нүүрсээ нийлүүлдэггүй. 30 гаруй оронд экспортолдог. Австралийн коксжсон нүүрсний хамгийн том импортлогч нь Япон. Австрали экспортынхоо 24 хувийг Хятадад, 35 хувийг Японд,  14 хувийг Солонгост, 10 хувийг Европт нийлүүлж байна шүү дээ.   

-Гэхдээ БНХАУ-ын тал “Хамгийн хямд үнээр аль улс нүүрс нийлүүлнэ, бид түүнийг авна” гэдгээ ил тод зарлаад байгаа. Тиймээс манай экспортлогчид хямд үнэд цохигдоод өрсөлдөөнд унах талтай биш үү?

-Бид яагаад хямд үнээр нүүрсээ өгөөд байна вэ гэдгийг ний нуугүй хэлэхэд хэд хэдэн асуудал байгаа юм. Нэгдүгээрт, манай нүүрсний боловсруулалтын төвшин бага байна. Хоёрдугаарт, манай нүүрсний экспортод маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нүүрсийг худалдан авч байгаа Хятадын импортлогчид голдуу худалдааны компаниуд, зуучлагч нар. Өөрөөр хэлбэл, бидний нэг дутагдал гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н зүүн Цанхи, МАК нүүрсээ уурхайн аман дээр өгч байна. Ганцхан “Энержи ресурс” Монгол-Хятадын хил дээр хүргэж өгч, хилийн цаана байгаа Цагаан хад руу гаргаж байна. Тэгээд ч зогсохгүй Хятадын хамгийн том нүүрсний хэрэглэгч болох далайн эргийн металлургийн үйлдвэрүүдтэй гэрээ хийх гэж оролдож байна. Энэ нь сайн зүйл. Гэтэл экспортлогчдын олонх нь Өвөр Монголд байгаа Хятадын хэдэн компанид л нүүрсээ өгөөд байгаа. Ингэхдээ нэг хэсэг нь уурхайн аман дээрээсээ, нөгөө хэсэг нь хил дээр өгч байна. Энэ нэгдсэн бодлогогүй худалдаа, дээр нь нүүрсээ бага үнээр зардаг байдалд зохицуулалт хийх ёстой. Нэг уурхай л нүүрсээ хямдхан өгөхөд Хятадын тал зохион байгуулалтад орчихсон учраас үнэ ханшаа буулгахыг бусдаас нь шаарддаг.

-Тэгвэл энэ замбараагүй гэж хэлж болох худалдаанд ямар зохицуулалт хийвэл зүгээр юм бол?

-Нэгдсэн зохицуу­лалт­тай худалдааг зохион байгуулах нь манайд тулгамдаж буй асуудал юм. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын баримтлах бодлогод Эрдсийн бүтээгдэхүүний бирж байгуулъя гэснийг дэмжиж байгаа. Бирж байгуулчихвал нэгдсэн зохицуулалттай худалдааг зохион байгуулсна. Ингэснээр Хятадын стратегийн металлургийн үйлдвэрүүд, томоохон худалдан авагч, хэрэглэгч нар Монголд өргөнөөр ирж, манай аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Хоёрдугаарт, бид олон улсын жишгийн дагуу нүүрсээ Монгол-Хятадын хил дээр борлуулах хэрэгтэй. Хятадын машин хилээр орж ирээд уурхайн аман дээрээс нь нүүрс ачаад явдаг орон ганцхан Монгол. Австрали гэхэд л нүүрсээ далайн эргийн боомт дээрээ болон худалдан авч байгаа орны далайн эргийн боомт дээр усан онгоцоор хүргэж өгдөг.