Б.ТӨМӨР

“Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино, гэргий ГуаМаралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ...”

Монголын түүхийн алтан сурвалж “Монголын нууц товчоо” ингэж эхэлдэг. Түүхийн аль ч үед хүндлүүлэн тайлгасаар ирсэн энэ их хайрханыг өдгөөгийн Монгол төрийн тэргүүний зарлигаар тахиж, тайдаг болоод буй.

Тэгвэл 2014 оны шинэ дээр Бурхан Халдуныг зорих боломж бидэнд тохиосон юм.

БОНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Дүгэрсүрэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нарын хамтаар бага үдийн хэрд Улаанбаатараас гарч давхисаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт багтдаг байгаль хамгаалагчдын “оффис” байрлах газарт нар шингэж, харуй бүрий нөмрөхтэй зэрэгцэн очив. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Бурхан Халдун хайрханыг хариуцсан байгаль хамгаалагчид Их Хориудаар нутагладаг ажээ. Хориуд гэдэг нь Хориг гэсэн утга агаад  түүхнээ “Хориудаас хойш алтан ургийнхнаас бусдыг нутаглуулахгүй...” гэх зарлиг өнөө хэр мөрдөгдсөөр иржээ. Тиймээс нутгийнхан Их, Бага  Хориудаа “энгэр”-лэн нутагладаг байна. Их Хориудад байгаль хамгаалагч У.Аваргынх өвөлжиж байв. Тэднийх Бурхан Халдун уулаас 40-өөд км-ийн зайтай аж. У.Аварга зургаан жил Бурхан Халдуныг хамгаалж байгаа. Дөчин насны босго давж буй энэ эр малчин хүн өглөө босоод малаа бэлчээрт гаргадаг шиг өдөр бүр Бурхан Халдунаа эргэдэг гэнэ. У.Аварга эхнэр, хоёр хүүхэдтэй. Удахгүй бүл нэмэх гэж байгаа гэсэн. Бид тэдний илүү гэрт буудаллаж, хоноглоод өглөө эрт, нар битүүгээр Бурхан Халдун руу хөдлөв.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, байгаль хамгаалагч У.Аварга нар замдаа ярьж байна. “Сүүлийн жилүүдэд Бурхан Халдун хайрханд хандах олон нийтийн хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Гэхдээ л тусгай хамгаалалттай газарт ан ав хийхийг оролдох, байгаль орчныг сүйдлэх, хог новшоо хаях нь болихгүй байгаа. Хамгийн гол нь Бурхан Халдун хайрханыг Ихсийн газар гэж үздэг, төрийн тахилгатай, тэр утгаараа хатуу догшин ч гэж хэлж болох уул. Тиймээс энэ хавиар буруу зөрүү үйлдэл хийх нь тухайн хүнд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Тэгээд ч байгаль дэлхий гэдэг өөрт нь муу хандсанд хариу догширдог айхтар хуультай шүү дээ. Хүмүүс Бурхан Халдунд мөргөнө гэж яваа мөртлөө дээрх зөрчлүүдийг гаргах гээд байдаг. Гэхдээ бүгд биш... Бурхан Халдун хайрханы ээлжит тахилга, тайлга энэ жил тохиож байгаа. Өмнөхүүдээс харахад тахина, тайна гэдэг нэрээр Бурхан Халдуны орой руу олноороо зүтгэж, энгэр бэлээр нь буудаллаж, байгалийг нь сүйдэлчихээд болохгүй юм. Гэтэл түүхэнд бичигдсэнээр ингэж тахидаггүй байсан байгаа юм. Босго тэнгэрийн даваанаас хэтрэлгүйгээр тайлгын наадам сэлтээ хийж, өндөр сэнтийтэй, мөн ёслох албаны цөөн тооны хүн Бурхан Халдуны Дээд овоонд очиж, тахилга үйлдчихээд бууж ирдэг байсан. Тэгээд ч Бурхан Халдун руу их ойртох, Босго тэнгэрийн даваагаар давна гэдэг тийм амар биш шүү дээ. Тахилга тавдугаар сард болдог. Дулааны улирал болоод, шавар шавхай эхэлчихдэг. Энэ нь замыг бартаатай болгож, тийш зорчигчдын аюулгүй байдалд нөлөөлөхөөр болдог. Тиймээс Хориуд орчим дахь тэгш сайхан талд тайлгаа хийчих боломжтой. Тэндээс хайрханы орой харагддаг юм” гэж байлаа.

Нээрэн ч зам аргагүй л бартаатай юм. Дулааны улиралд олон хүн, машины  зовлогыг зовоож байсны ул мөр хөлдүү шаварт хээ татуулаад үлджээ. Зоогдсон машинаа шавраас хөшиж гаргах гэж дөхүүлсэн бололтой, замын хажуугаар байсгээд л бүдүүвтэр, урт гуалин тааралдах ажээ. Арав гаруй км давхиад Хан Хэнтийн дархан цаазтай газрын “босго”-ыг давлаа. Тэндээс дахин арваад км-ийг мөнөөх л “зун байсан сан бол явахын аргагүй” замаар өгсч уруудаж давхисаар Босго тэнгэрийн даваанд тулж ирэв.

Босго тэнгэрийн даваанд нар мандах хариугүй дөхжээ. Өнөөх алдарт давааны бэлд зогсох мөчид найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний их цэрэг үүгээр давж, Их Чингис энэ даваагаар даван хол ойрд зорчин амьдарч байсан, магадгүй манийн зогсч байсанд мориноосоо бууж байсан ч юм билүү, хэн мэдлээ гэсэн шүү юм бодогдож байв.

Давааны баруун өндрийг Босго тэнгэрийн өндөр, түүнтэй залгааг Баатар Ян уул хэмээн нэрийддэг хэмээж байв. Дээрээс харвал энгэр, бэлдээ хас тэмдэг бүхий үрчлээ атираа нуусан Босго тэнгэрийн өндөртэй зэрэгцэн хүглийх Баатар Ян уул нь нэг ёсондоо Харуул уул гэсэн утгатай юм болов уу гэж боддог хэмээн Б.Хашмаргад дарга тайлбарласан.

Энд нэг зүйлийг хэлэхэд,  манай эрдэмтэн мэргэд өнгөрсөн хугацаанд зөвхөн Бурхан Халдунд ихсийн газар бий эсэхэд анхаарч судлан, маргалдсаар байсан нь их. Харин тэр орчмын газрын нэрээс эхлээд бусад судалгааг орхигдуулсан нь нууц биш. Тиймээс түүхийн нотолгоогоор зарим газар усны нэрийг яг таг тогтоохоор судалж ажиллах хэрэгтэй нь харагдаж байв.

Даваан дээр гарахад нар тусч  хавийг бараатай болголоо. Араар нь дөнгөж эхэлж буй Хэрлэн мөрөн мөнгөрсөн цагаанаар атиралдаж, эргэн тойронд цул ногоон мод нөмөрсөн уулс бараантаад, байгалийн сайхан, өглөөний наранд ивээгдэн хамаг байдгаа дэлгэжээ.

Босго тэнгэрийн даваанаас цааш бүсгүй хүн, харь орны иргэн, бусармаг явдалтнууд явахыг хориглодог уламжлал, заншилтай ажээ. Энэ нь өнөөдрийн яриад байдаг бүсгүй хүнийг дорд үздэг жендер гээчтэй огтоос холбоогүй. Бурхан Халдун хайрхан бол хэдэн зууны туршид Ихсийн газрыг агуулан ирсэн хэмээн түүхчид өгүүлдэг. Манжид дарлуулж байхад ч, түүнээс өмнө хойно энэ утгаар тахиж дээдэлсээр ирсэн. Ингэхээр Монголын төрийн их шүтээн, оршин тогтнохуйн үндэс суурь, сүр хүч нь энэ хайрханд оршиж байдаг гэх ойлголт байсаар ирсэн. Одоо ч байгаа, цаашид байх болно гэх үзэл бий. Тэр утгаараа төрийн бэлгэдэл агуулсан, хатуу хэмээдэг ажээ. Харийн иргэн, бусармаг явдалтнуудыг ч мөн л ийм шалтгаар хориглодог ажгуу.

Нар мандахтай зэрэгцэн давааны баруун хажууд 6-7 бор гөрөөс идээшлэн яваа нь харагдав. Биднээс ердөө л 300 гаруй метрийн зайтай. Дархан цаазтай газрын амьтан л ийм байх болов уу гэж бодогдмоор, дуу шуу болсон биднээс үргэж дальдарч байгаа шинж ер алга.

Даваан дээр жаахан саатаж, овоо хангайд идээ будааны дээж өргөж ёслоод Бурхан Халдун руу хөдөллөө. Хайрхан хүртэл 14 км зайтай гэнэ. Давааны ар руу уруудаж, улмаар Хэрлэн мөрнийг хөндлөн хэрчиж гарав.  Дахиад багахан яваад Богдын гол эрэглэн зогслоо.

Тэндээс Бурхан Халдун гайхалтай харагдаж байв. Өглөөний нар, өчүүхэн ч үүлгүй тэнгэр, Бурхан Халдун хайрхан, басхүү цагаан цас, ногоон модтой байгалийн өнгө зохицол...

Бурхан Халдун хайрханы “дургүй нь хүрвэл” үүлсээр оройгоо ороогоод нуугдчихдаг гэж байгаа. Бидэнд тэгж хандсангүй.

Ингэж явсаар Бурхан Халдунд очлоо. Хайрхан гурван овоотой. Бид бэлд нь байдаг бяцхан дэвсэг дээр машинаа орхиод Бэлийн овоонд эхэлж гарлаа. Ер нь Бурхан Халдунд мөргөж, сүсэглэхээр очиж байгаа хүмүүс сүү цагаан идээнээс илүүтэй будаа, цай тэргүүтнийг өргөдгийг байгаль хамгаалагч хэлж байсан.

Бэлийн овооноос дээш 600 орчим метр яваад Дунд овоо гэж байх. Анхдугаар Богд Жавзандамба Дунд овооноос дээш гарвал маньд хүнддэнэ гэж айлдсан юм гэнэ лээ. Тиймээс Бурхан Халдунд очигсод Дунд овоонд мөргөл залбирлаа үйлдчихээд буцахад болох ажээ.

Бэлийн хийгээд Дунд овоо хадаг яндар, сүү саалийн цацлагаар дүүрсэн байв. Мөн овооны ойролцоох модноос хадаг самбай, зарим модыг төрөл бүрийн бичиг даруулж наасан скочоор битүү ороочихсонтой таарав. Хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч хоёр шогширсоор зарим модыг “суллан” чөлөөлсөн юм.

Ийн ёсолж, сүслээд нар хэвийлгэн Бурхан халдунаас буув. Буцаад Богдын голын дэргэдээс харвал, Бурхан Халдун тэр л чигээрээ дүнхийж байлаа.

Хэдэн сарын өмнө дөө, Ерөнхий сайд Н.Алтанхуяг дагалдан явсан 100 гаруй хүнийхээ хамтаар төөрч улс орон даяар дуулиан шуугиан болж байсан. Ерөнхий сайд аль хавиас төөрөөд, хаанаас олдсон, нөгөөдүүл нь хаана байсан гээд хайрханы энгэр сугыг нэвт харж болохоор тод үзэгдэж байв. Биднийг замчилж, ахалж, зөвлөж явсан Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад дээрх эрлийн багийг ахалж байжээ. Газар нутгаа маш сайн мэддэг, дээрээс нь өөрийнх нь газрын харьяанд байдаг газарт Ерөнхий сайд алга болсон учраас тэр шүү дээ. Тэрээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хүү. Яагаав, аавыгаа Ерөнхий сайд байхад малчин болоод Хэнтийн Биндэр рүү явж, тэр үедээ хөөрхөн сенсаац тарьж байсан эр.

Тэрээр “Энэ хүн өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа хүн дээ гэж манай сайдын зөвлөх тодорхойлсон юм. Тийм ээ, би дуртай ажлаа хийж байгаа. Тийм болохоороо аз жаргалтай байдаг юм” гэж байна лээ. Чухамдаа Бурхан Халдун бол тэдний газрын харьяалан хамгаалдаг газар нутгийн өчүүхэн хэсэг нь. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн газар нутгийг хамарсан томоохон талбайн аюулгүй байдлыг тэд хангах үүрэгтэй. Гэсэн ч шат дараалалтай, аажмаар хамгаалалтыг боловсронгуй болгохоор  ажиллаж байгаагаа Б.Хашмаргад дарга хуучилсан. Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхан болгох Засгийн газрын тогтоолыг гарахад С.Оюун сайд, Б.Хашмаргад дарга хоёрын боловсруулан өргөсөн санал санаачилгыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, танхимын сайд нар нэгэн сэтгэлээр дэмжжээ. Б.Хашмаргад үүнд сэтгэл нэн ханамжтай байв. Бурхан Халдуныг Төрийн тахилгатай болгох Засгийн газрын тогтоолыг анх 1995 онд түүний аав Д.Бямбасүрэн гуай гарын үсэг зуран гаргаж байсан бол 18 жилийн дараа Үндэсний бахархалт хайрхан хэмээн зарлах тогтоолыг гарахад хүү нь гар бие оролцсон сайхан тохиолд болжээ.

Бидний хэдэн хүн буцах замдаа нар шингэхээс арай өмнөхөн Бурхан Халдунаас 30 гаруй км-ийн зайд байх нэгэн тэгш дэвсэг дээр буув. Тэндээс Бурхан Халдуны орой Тэнгэрийн овоотойгоо харагдаж байгаа. Тайлга хийх газар хэмээн холбогдох хүмүүст нь танилцуулах газар хэмээн БОНХЯ, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрынхан хэлсэн. Сайхан тавиухан “Наадмын талбай” болохоор газар байв. Тэнд өмнө нь ёс төр үйлдэж байсны ул мөр болох овооны суурь ч байв. Төрийн тохоогдсон хүмүүс тахилгаа хийчихээд ирэхэд, олноороо тэр газарт тайлгын наадам сэлтээ зохиоход тун тохиромжтой газар байлаа. Тэгээд ч цааш зүтгэж машин тэргээ шавар усанд зоож, замын бартаанд алжаахгүй юм байна билээ.

Ингэж түүхийн, байгалийн сайханд хоёр өдөр саатаад утаат Улаанбаатараа зүглэвэй.

Энд нэг зүйлийг хараагүй мэт, дуугүй өнгөрч боломгүй санагдав. Манай сонин өнгөрсөн жилээс “Бурхан Халдуныг онцгой хамгаалалттай болгоё” сэдвээр нэлээд ажлыг хийж эхлээд байгаа. Өнөөдөр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрынхан л Бурхан Халдуныг хамгаалах үүргийг хүлээж байгаа. Тэгвэл энэ хайрханыг У.Аварга, бас нэгэн байгаль хамгаалагчтай хамт хамгаалдаг юм байна. Тэдний хамгаалалтад Бурхан Халдун орчмын 40 мянган га газар нутаг хамрагддаг аж. Тэдэнд улсаас өгдөг унаа тэрэг, зэвсэг хэрэглэл гэхээр юм алга. Хувийнхаа морь, машинаар унаа хийж үүргээ гүйцэтгэдэг. Галт, эсвэл хүйтэн зэвсэг барьсан этгээдтэй таарвал яах ч арга байхгүй. Тийм нөхцөлд байгаль хамгаалагч У.Аваргын хэлснээр “Хүн байна даа, хэл амаараа л ойлголцох...” болдог байна. Нэг ёсондоо тэд сайн дураараа ч юм шиг, бор зүрхээрээ албан үүргээ гүйцэтгэж байна. Нэл хөвч, ширэнгэ ойд өвлийн хүйтэн, зуны намаг шалбаагт зовлон ярьж хойш суулгүй, үүргээ гүйцэтгэхээр зүтгэж байгаа байгаль хамгаалагч нараар бахархмаар ч юм шиг. Хэд хоногийн өмнө Бурхан Халдуныг уурхайн зориулалтаар ухаж байна гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тийм явдал болоогүй, Бурхан Халдун халдлагад өртөөгүй байгаа шүү хэмээн байгаль хамгаалагч У.Аваргын хэлснийг дамжуулъя.

Нөгөө талаар Бурхан Халдун өөрийгөө хамгаалах дархлаатай гэдэг. Японы экспедицийнхэн хайгуулын төхөөрөмж зүүсэн онгоцоо Бурхан Халдуны орой дээгүүр нисгэх гэж гурван ч удаа оролдоод бүтэлгүйтсэн гэдэг. Бас таалахгүй хүндээ оройгоо харуулдаггүй, ёс бусаар хандвал доош нь буулгалгүй төөрүүлчих идтэй гээд домог мэт үнэн зөндөө бий.

Энэ мэтээс үзэхүл, Монголын төр энэ хайрханыг зарлигаар тахидаг, тайдаг болсон, Үндэсний бахархалт хайрханаар зарлалаа. Одоо онцгойлсон хамгаалалт нэн түрүүнд хэрэгтэй байна.

Учир нь монголчууд бид “Өндөр дээд Бурхан Халдун чамайг өглөө бүр мялаая, өдөр бүр тахья. Үрийн үрд, ургийн урагт хүртэл шүтье”  гэсэн ам тангарагтай билээ.