Э.СОЛОНГО

Үүрийн 00:05 цаг. “Хүчит шонхор” захад ажил буцалж байв. Баруун, зүүн, төвийн аймгуудаас мах ачиж ирсэн ачааны тэргэн дээр овоорох ченжүүдийн амнаас савсах уур тэр хавийн юмсыг үл харагдуулна. Тэд малчны хотноос ирсэн  шинэ махнаас ахиухныг хямд үнээр авах гэж нэг нэгнээсээ өрслөө.

 

ЧЕНЖҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН

Үүрээр захын хашаанд өмнөх өдрийнхөөс ондоо ачааны тэрэг орж ирэхийг ченжүүд анддаггүй аж. “Хэнтийгээс мах ирлээ” гэцгээн нэгэн ачааны тэргийг зүглэцгээв. Захын хашааны хаалгаар дөнгөж оронгуут машиных нь хаалга, цонхыг тогших ченжүүдийн энэ үйлдэлд дөжирсөн царайтай малчин залуу аятайхан зогсоол эрэн урагшаа зүтгэлээ. Араас нь ченжүүд гүйх шахам явцгаав. Тэнд очоод тэд мөн л ачааны тэрэгний хаалга, цонхыг нь тогшин “Юуны мах юм. Хэдэд өгөх вэ. Тарган мах бол бүгдийг нь авна шүү. Гайгүй үнээр авна шүү” хэмээн ам уралдуулан шуугив. Малчин залуугийн эхнэр машиныхаа цонхоор “Ханш судалж байгаад өгнө” гэчихээд цонхоо хаалаа. Наймаандаа улайрсан махны ченжүүдийн хөл тэр хавиас татрахад тэд ачиж ирсэн махаа задаллаа. Тэд үхэр, ямаа, хонины махтай иржээ. Ачаагаа эмхлэх зуур хоорондоо ийн хөөрөлдөнө. Эхнэр нь “Ханш судалж байж өгөхгүй бол наадуул чинь бараг үнэгүй авах гэж дайрна. Тэгээд дараа нь хамаагүй өндөр үнээр зардаг юм билээ” хэмээхэд нөхөр нь “Хоёулаа эсвэл өнөөдөр өдөржингөө энд зогсоод махаа жижиглэнгийн үнээр зарах уу” гэв. Хойно нь гэр, хүүхэд, хоттой хонио хүнд захиж үлдээгээд ирсэндээ санаа зовох эхнэр нь “Эртхэн гэрийнхээ бараа харъя. Наашаа гарахдаа хотод мах ямар үнэтэй байгааг Баатар ахын эхнэрээс асуусан юм чинь. Цаг алдахгүй байх” гэлээ. Төдөлгүй тэр хоёрыг хэдэн үг сольж дуусав уу үгүй юү ченжүүд дахин ирэв. Тэд гурав, дөрвөн ченжтэй ярилцсаны эцэст хонины махаа кг-ыг нь 5700, үхрийнхий 6200, ямааны махаа 4200 төгрөгөөр тооцож нэг үхэр, таван ямаа, дөрвөн хонины мах зарахаар болов. Малчны гар дээрээс авсан махны энэ үнэ “Хүчит шонхор” захын лангуун дээр хэрхэн хувирсныг сурвалжлагын төгсгөлд хараарай.

 

ЧЕНЖИЙН ДУРГҮЙЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН НЬ  

Өчигдөр өглөө үүрээр малчдын худалдсан 4400 төгрөгийн үнэтэй адууны махыг уржигдархан тэндэхийн лангуунаас 6000 төгрөгөөр авсандаа харамсах нэгэнтэй ч таарлаа. Хүмүүс хөдөөнөөс ирсэн махыг ченжийн гарт очихоос нь өмнө авах гэж ийн эртлэн босдог байна. Цагаан сарын буузны махаа базаахаар ирсэн хэд хэдэн хүнтэй таарсан юм. Баянзүрх дүүргийн иргэн А.Батхүү Сүхбаатар аймгаас ирсэн малчнаас адууны мах авахаар боллоо. Гэхдээ тэр махаа авахаас өмнө ченжүүдийн бяцхан эсэргүүцэлтэй тулгарах нь тэр. Тэрээр малчнаас “Адууны мах ястай, цул нь ялгаагүй кг нь 4400 төгрөг юм уу. 20 кг авмаар байна” гэхэд хажуунаас нь нэгэн ченж “Угаасаа малчид ястай, цулаар нь ялгаж өгдөггүй ш дээ. Наад махыг чинь би бүгдийг нь авъя” гэв. А.Батхүү ченж рүү муухай харж “Би эхлээд ярьж байсан зүйлээ дуусгачихъя” гэв. Тэрээр дахин малчинд хандаж хэдэн цувдай авмаар байгаагаа хэллээ. Малчин “Цөөхөн хэдэн цувдай бий. Та хэдийг авах юм. Уг нь манай цувдайг байнга авдаг ченж авахаар тохирсон байгаа” гэлээ. Удалгүй тэрэг түрсэн хүү дагуулсан эмэгтэй ирж, цувдай авав. Авахаар тохирсон  цувдай яагаад дутсныг ченж хүүхэн асуулаа. Малчин залуу хажууд нь зогссон А.Батхүү рүү зааж, “Хүн авчихлаа” гэв.

 

ЦУВДАЙН ҮНИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭВ        

Өглөө эрт захад ирсэн хүн хонины цувдай, толгойг малчдаас 1200 төгрөгөөр авна. Харин тус захын лангуун дээр цувдайг 2000, толгойг 1000 төгрөгөөр борлуулдгаа иргэн А.Батхүүг “ад үзсэн” ченж хүүхэн өөрөө хэллээ. Мөн малчдаас 25-35 мянган төгрөгөөр авсан 20 гаруй кг үхрийн гэдсийг жижиглэж кг-ыг нь 2500 төгрөгөөр зардаг байна. Үүрээр “Хүчит шонхор” захын хашаанд мах ямар үнэд хүрдгийг сурвалжилсан бид өдөр дахин тус захыг зорьсон юм. Нийслэлд гэгээ ороогүй байхад малчдын авчирсан үхрийн кг мах 6000-6200, хонины мах 5700-5900, ямааны мах 4200, адууны мах 4300-4400 төгргөөр арилжагдсан бол өдөр дунд энэ үнэ лангуун дээр үхрийн мах 2000-2500 төгрөгөөр нэмэгдсэн байв. Мөн малчид хонины ууцыг 170-270 мянган төгрөгөөр өгдөг байна. Харин захын лангуун дээр ууц 190-300 мянгад хүрлээ.