Ж.ЦОГЗОЛМАА 

Шинэ он гараад удаагүй энэ өдрүүдэд гацуур модтой баярын уур амьсгал Цагаан сарын ууцны уралдаанаар үргэлжлэх төлөвтэй. Бялуурсан энэ хоногуудад засаг барьж буй дарга нар ч том том төлөвлөгөөгөө өрөөд завгүй. Энэ зуур төсвийг бүрдүүлдэг үйлдвэрлэгч, бизнесмэнүүдийн нүдэнд энэ оны эдийн засгийн төлөв тэгтлээ таатай харагдахгүй байна. Монголын экспортын цөөн хэдэн барааны тэргүүнд заларч буй ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж, хөрөнгө оруулалт хангалттай нэмэгдэхгүй байх хандлага ажиглагдаад удаж буй. Ийм бартаатай цаг үед хувийн хэвшлээ дэмжинэ, валютын ханшийг 1384 төгрөгт барина, иргэдийн орлогыг нэмнэ, цалин тэтгэврийг өсгөнө, Самурай бонд гаргана зэргээр олон төлөвлөгөө цүнхэлсэн Засгийн газрын зорилт хэрхэн биеллээ олох бол. Ажил бүхний “шатахуун” нь өнөөх л төсөв, хөрөнгө.

 

ВАЛЮТЫН ХАНШ 1920 ТӨГРӨГТ ХҮРНЭ ГЭВ ҮҮ...

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаснаар энэ онд эдийн засаг царцах, цаашлаад мөчлөгийн дагуу хумигдах эрсдэл хүлээж буй. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурлаа.  Үүнээс улбаалан ам.долларын төгрөгтэй харьцах ханш анх удаа 1800 төгрөгт шүргэж, импортын бараа бүтээгдэхүүн гэлтгүй дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ ч дагаад өссөн юм. Өнгөрсөн оны сүүлчээр энэ ханш 1740 төгрөгт тогтож байгаа бол энэ онд Засгийн газраас ханшийг 1384 төгрөгт барина хэмээн амласан. Гэвч “Дэлхий нийтийн эдийн засгийн төлөвийг ажиглахад ГШХО болон дотоод эдийн засгийн төлөв тийм ч хурдан сэргэх боломж харагдахгүй байна гэж судлаач бид үзэж байна. Мөн дэлхийн голлох зах зээлүүд төдийлөн сэргэхгүй байх таамаглалыг ОУВС-ийн зүгээс гаргасан аравдугаар сарын Дэлхийн эдийн засгийн тойм тайландаа танилцуулсан” гэж Нээлттэй нийгэм форумын энэ оны төсвийн төсөлд хийсэн тойм дүгнэлтэд дурджээ.

“Мандал даатгал” компанийн Эрсдэлийн удирдлагын ахлах шинжээч Ч.Анхбаярын таамаглаж буйгаар инфляц 17.5 хувь байхаар төлөвтэй талаар “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Засгийн газар энэ онд инфляцийг найман хувьд буюу нэг оронтой тоонд барина гэж байгаа. Түүний тооцоолсноор инфляц өсөх нэг үндсэн шалтгаан нь валютын ханш. Мөн тэрээр энэ онд валютын ханш 1920 төгрөгт хүрэх тооцоолол гаргасан байна. Энэ тухайд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “2014 онд Монгол Улсын валютын ханш 1380 байх боломжтой гэж тооцоолсон. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийн эргэлт гаргах ёстой. Аливаа эдийн засгийн үзүүлэлт иж бүрнээр шийдэгдэх ёстой” гэсэн юм.

 

ЦАЛИНГИЙН ӨСӨЛТИЙГ АМДСАН ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ

Энэ онд Засгийн газар цалин хөлсийг олон нийтэд зарлахгүйгээр нэмэхээр болсноо зарласан. Гэвч нөгөө талдаа төсвийн хэмнэлтэд шилжсэн хэмээн тэд мэдэгдэж буй. Энэ онд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын 73.2 хувь буюу 5.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 27.3 хувь буюу 1.98 их наяд төгрөгийг хөрөнгийн зарлагад 38 тэрбум төгрөгийг цэвэр зээлийн төлөлтөд төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 7.27 их наяд төгрөгийн нийт зарлагатай байхаар байна. Нийт урсгал зарлага 326 тэрбум төгрөгөөр өссөн нь Засгийн газрын зүгээс ирэх онд цалин хөлсийг 166 тэрбум, урсгал шилжүүлгийг 169 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцсонтой холбоотой аж.

 

САМУРАЙ БОНДЫН ОРЛОГЫГ ЮУНД ЗАРАХ ВЭ?

Япон улсад иенээр гаргасан бондын орлого энэ оны эхний долоо хоногт орж ирнэ хэмээн албаны эх сурвалж хэлсэн. Одоогоор энэхүү бондын орлогыг юунд зарцуулах, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээлэл алга. “Олон улсын зах зээлээс босгосон Хөгжлийн банк болон Чингис бондын зарцуулалтын үр ашиг нь төдийлөн мэдрэгдээгүй үед дахин олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох нь эх үүсвэрийн өртгийг нэмэгдүүлэх магадлал өндөртэй байгааг анхаарах шаардлагатай. Мөн бондын хөрөнгө нь төсвийн гадуур зарцуулагдаж, бондын хүүний төлбөрийг төсөвт суулгаж яваа энэхүү зарчим нь ил тод байх зарчмыг гажуудуулж, эх үүсвэрийн ашиглалтын үр ашгийг бууруулж болзошгүй байгаа сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн Нээлттэй нийгэм форумын мэдээлэлд дурдсан байдаг.  Харин Засгийн газрын тайлбарлаж буйгаар Япон улсад гаргасан бондын орлогоор наран улстай хамтран дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэгт зарцуулах юм байна.

 

ИМПОРТЫГ ОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛД 360 ТЭРБУМЫГ ЗАРНА

Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын нийт импорт зургаа орчим тэрбум ам.долларт хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлснийг Засгийн газар мэдээлсэн. Иймд эдгээр үйлдвэрлэлийг дотооддоо хангах төслүүдийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

 

ТОДОТГОЛОО ХҮЛЭЭСЭН ТӨСӨВ

Дээрх төсөл, зарлагууд хэдийгээр ил болсон ч төсөвт хэзээ тодотгол хийх вэ гэсэн асуулт нээлттэй үлдэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр төсвийг хугацаанд нь багтаан батлахаар парламент яаруу ажилласан. Ингэхдээ 240 төсөл, арга хэмжээний өртгийг тэг дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад баталсан. Өөрөөр хэлбэл, тэг өртөгтэй эдгээр төслүүдэд аудит хийгдсэний дараа алийг нь санхүүжүүлэх нь тодорхой болох аж.

Өөрөөр хэлбэл, хүссэн хүсээгүй төсвөө тодотгохоос өөр аргагүйд хүргэсэн төсөв боллоо гэж олон хүн шүүмжилж байгаа юм. Ийм ч учраас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төсөв батлах үеэр “Хариуцлагагүй төсөв” гэсэн цаас өргөсөн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Энэ оны төсөвт үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн хэлж байв.