Ж.ЦОГЗОЛМАА, Э.СОЛОНГО
Энэ оны бизнес, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг бизнес эрхлэгчид хэрхэн харж, ямар хүлээлттэй байгаа бол. Энэ асуултад Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Хүннү коал” компанийн гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Барс” группын тэргүүн, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Амарбаатар, “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, “Хатан сүлжээ” компанийн захирал Б.Бадамханд нар хариулж байна.
Б.Мэдрээ:
ЭДИЙН ЗАСАГ 1-2 ХУВИАР ӨСӨХ БАЙХ
-Энэ онд эдийн засаг ирэх дөрөв, тавдугаар сараас сайжрах төлөв байна. Энэ үед улсын экспортын орлогыг бүрдүүлэгч уул уурхайн компаниуд ажлаа эхлүүлж, алт, нүүрсээ олборлоно. Эдийн засгийн өсөлт одооны төвшнөөс 1-2 хувиар өсөх байх. Мөн хамгийн том төсөл болох Оюутолгойн санхүүжилтийн асуудал ахицтай болж байна. Үүнийг дагаад бизнесийн орчинд ахиц гарна. Мөн Самурай бондын санхүүжилт эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах найдвар байна.
Т.Лхагвадорж:
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭХНИЙ ЗУРГААН САР ХҮЛЭЭХ БОЛОВ УУ?
-Хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчинд ахиц гарахаар эрх зүйн орчин бүрдэж байгаа ч энэ хууль хэрэгжиж, дүрэм журам нь тодорхой болтол байдал нэг хэсэгтээ хэвээр байх болов уу. Ерөнхийдөө энэ оны эхний 4-6 дугаар сард хөрөнгө оруулагчид харзнасан, хүлээсэн байдалтай байна. Тэд манай урд хөршийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар бодлого баримтлахыг ажиглаж байгаа. Манай улсын эдийн засаг, бизнесийн орчинд ахиц гарахад дэд бүтэц хэр хурдтай хөгжих нь ихээхэн нөлөөлнө.
Б.Лхагважав:
БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ НӨХЦӨЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
-Ам.доллар анх удаа 1800 төгрөгт дөхсөн нь мөнгөний бодлогтой холбоотой. Мөн өнгөрсөн онд аж ахуйн нэгж, дотоодын үйлдвэрүүдэд төрийн хяналт шалгалт, татвар их байсан. Энэ нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж дотоодын баялаг бүтээгчдийн эрчийг сулруулсан. Энэ онд эдийн, засаг, бизнесийн орчинд ээлтэй хуулиуд хэрэгжих ч энэ нь жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид хамааралгүй Оюутолгой зэрэг томоохон компаниуд руу чиглэсэн хууль болсон. Бизнесийн орчныг сайжруулах нөхцөл хангалттай харагдахгүй байна.
Ч.Амарбаатар:
ШИЙДВЭР ГАРГАГЧИД АЛДААГАА ЗАСВАЛ БАЙДАЛ САЙЖИРНА
-Шийдвэр гаргагчид алдаагаа ойлгож, цэгцлээд зөв бодлого бариад эхлэх байх гэж бодож байна. Гадаад нөхцөл байдал ч манай талд байгаа шүү дээ. Манай шийдвэр гаргагчид л буруу хөдөлдгөөс асуудал хүндрээд байдаг. Эдийн засгийг бид эдийн засгийн аргаар удирдвал манай улс нэмэх оноо авна. Бодит амьдралд гадаадын хөрөнгө оруулалт багасаагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалт багасангуут бид ганц компаниас хамааралтай эдийн засагтай болчихсон учраас асуудал үүсээд байгаа юм.
Л.Ариунболд:
ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖСЭН ОН БОЛОХ БАЙХ
-Энэ оныг өөдрөгөөр харж байна. 2014 онд бүтээн байгуулалтын ажил түлхүү хийгдэх байх. Орон сууцны зах зээл өмнөхөөсөө илүү хөгжих байх. Өнгөрсөн онд дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ онд зах зээл, хувийн хэвшилд тулгуурласан, тэдэнд боломж олгосон жил болох болов уу. Үндэсний үйлдвэрүүдээ бодит байдлаар дэмжих, техник технологийн шинэчлэл, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нь урт хугацааны томоохон санхүүгийн механизмаар дэмжсэн бодлого явуулах байх.
Б.Бадамханд:
БИЗНЕСМЭНҮҮД АЙДАСТАЙ БАЙНА
-2013 онд ам.долларын ханшийн өсөлт, бууралттай байлаа. Бас төсөв тасарсан. Хувийн хэвшлийнхэн татвараа өгөөд байхад дээрээс нь нэмж янз бүрийн торгууль тавьсан нь өнгөрсөн онд хүчтэй мэдрэгдлээ. Бизнесмэнүүд их айдастай байгаа. Аль нэг төрийн байгууллагын ямар ч учир тоймгүй, үндэс шалтгаангүй торгуульд орж үлдэх байдлаас их айж байна. Иймд төрийн бодлого буруугаас болсон төсвийн алдагдлыг бизнесмэнүүдээс гаргуулах гэсэн буруу үйл ажиллагааг нэн даруй зогсоомоор байна.