Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ж.Хайруллатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Толгойн өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
-Хурууг чимхээд байвал өвдөнө. Яагаад өвдөж байгаа юм гэдгээс л эхлэх ёстой. Хамгийн гол нь чимхэхэд цусан хангамж зогсч байгаа юм. Хуруунд цус очихгүй болохоор чинэрч, бадайраад өвдөж байгаа нь энэ. Толгой өвдөх нь заавал хавдартай байж өвддөг юм биш. Хавдаргүй байлаа ч толгой өвдөж болно. Тархины цусан хангамж ямар нэг хэмжээгээр хямралд орвол толгой өвдөнө. Түр зуурын цусны гүйдэл хаагдах, саатах, судас агших, даарснаас эсвэл хэт халснаас толгой өвдөж болно.
-Сүүлийн үед хүмүүс тархины судас нарийслаа гэж ярьдаг. Энэ нь юунаас болдог юм бол?
-Тархины судас нарийсах шалтгаан олон бий. Тухайлбал, ус гүйж байгаа хоолойнуудыг 3-4 жилд нэг удаа солихгүй бол дотор нь бохир орно.
Үүнтэй адил бидний судсан дотор гүйж байгаа. Цусны найрлагад давс, өөх, тос, уураг бий. Цус гүйж байгаа судсанд эдгээр зүйл аажимдаа өнгөр тогтож суухаар хөндий нарийсдаг. Энэ нь нас тогтсон хүмүүст ихэвчлэн тохиолддог учраас судас нарийслаа, хатуурлаа гэж ярьдаг. Харин залуучууд юунаас болдог вэ гэхээр олон шалтгаан бий. Уур биеийг, уул морийг зовооно гэж ярьдаг. Эцэг өвгөд, элэнц хуланц маань дээр үеэс уурлаад байвал цусны судас агшиж, цус гүйх нь мууддаг гэдгийг тогтоосон байгаа юм. Надад үзүүлж буй хүмүүс дотор сайхан залуучууд судас нарийссан гэсэн оноштой ирж байна. Яагаад ингэдэг юм бэ гэхээр дандаа уурлаж, уцаарлаж, бухимддаг. Эсвэл айж цочдог, үгүй бол айхтар хүнд юм өргөж, хөдөлдгөөс дотор нь юм суугаагүй мөртлөө судас нь агшиж нарийсдаг. Мөн ямар нэг хатуу юманд дарагдвал, сэтгэл санаа таагүй үед ч судас агшдаг.
-Судасны нарийсалттай үед ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ?
-Юунаас болж цусны гүйдэл хямралд орж байгааг нь тогтоохгүйгээр эмчилгээ ярих хэрэггүй. Уурлаж уцаарласнаасаа болоод цусны хямралд орсон байвал уурыг нь тайлаад тайвшруулах, айсан бол айхыг нь болиулчихвал зүгээр болчихно. Учрыг нь олохгүйгээр таамаг, багцаагаар эмчилгээ хийнэ гэдэг эмч биш хүний ажиллагаа.
-Толгой дүүрч эсвэл таллаж өвддөг. Энэ юутай холбоотой вэ. Толгойн аль нэг хэсэгт өвдвөл эмчид ханд гэдэг. Энэ талаар...?
-Яг үнэн. Хүний уураг тархи олон мянган төвтэй. Тухайлбал, харах, сонсох, үнэрлэх, ярих, амтлах, айх, цочих гэсэн төвтэй. Аль төвийнх нь цусан хангамж хямралд орж байна түүнээс шалтгаалж тухайн төв өвдөнө. Тэгэхээр толгой таллаж өвдөөд байна гэдэг нь тэр талынх нь цусан хангамж муудаж байгаагийн шинж. Зарим тохиолдолд гэмтэл согог байлаа гэж бодоход гэмтлийн хүчнээсээ болж эсрэг талд нь илүү өвдөх, цохиулсан тал нь гайгүй байх жишээтэй. Энэ нь тархины дотоод бүтэцтэй холбоотой.
Мөн толгой өвдөх нь олон янз байдаг. Дүүрч, хатгуулж, лугшиж, шахаж базаад байгаа юм шиг өвдөх нь цусан хангамжийн хэлбэрээс болж байгаа юм. Хавдар ур тогтсон нөхцөлд ихэвчлэн дээрээсээ өвддөг. Би хавдар гэдэг үгэнд их эмзэг ханддаг. Тухайлбал, тархины хавдартай хүн орж ирээд “Эмч үзээд намайг тархины хавдартай гэсэн” гэж хэлдэг. Тэгэхэд нь “Үгүй ээ наадах чинь хавдар биш. Хүний нүүрэн дээр ургацаг байдаг шүү дээ. Түүн шиг тархинд чинь тийм жаахан ур ургасан байна” гэж хэлэхээр нөгөө хүн тайвширдаг. Мөн тархины гэр хальс гэж бий. Тархины гэр хальсны өвчлөлийн үед хатгуулах, судас зангирсан, агшсан байвал лугшиж өвдөх жишээтэй.
-Манайхан толгой өвдсөн үед цинаризин, фезам уудаг. Таарахгүй тохиолдолд ямар нэг гаж нөлөө үзүүлэх үү?
-Цинаризин, фезам аль нь ч судас тэлдэг эмүүд. Гол нь цусны гүйдлийг дэмжиж байгаа санаатай юм. Гэтэл энэ нь онож ч байж болно үгүй ч байж мэднэ. Учир шалтгааныг нь олохгүй эм бичнэ гэдэг мэдлэггүй хүний ажил. Хэрэв таараагүй эм хэрэглэвэл өвчинг намжаах бус харин ч хортой нөлөө үзүүлж болно.
-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд маань үсээ байнга индүүддэг болсон. Энэ нь толгойн өвчинтэй болоход нөлөөлөх үү?
-Толгойд байх ёстой юм байхаас бус хажуугаар нь гоёх, дураараа өөрчлөх, хэлбэр оруулах нь хүсээд байх зүйл биш. Ялангуяа, 40-50 нас хүрсэн хойно өнгө зүсээ засуулах нь зөв зүйтэй болохоос залуу байхад илүү будаг шунх, хими хийлгэх хэрэггүй. Аав, ээжийн хайрласан хишгийг эвдэж болохгүй гэсэн үг.
-Хүзүү шохойжсоноос цусан хангамж дутагдаж толгой их өвддөг. Энэ нь хавдар болоход нөлөөлдөг болов уу?
-Хавдар юунаас үүсдгийг одоо хүртэл шинжлэх ухаан тогтоогоогүй байна. Утаа, тортогноос хавдар үүсч болно. Бид утаан дунд нүүрсхүчил дотор амьдарсаар байна. Идэж, ууж байгаа хоол, ундны чанар ямар байгаа билээ. Янз бүрийн химийн бордоо хэрэглэсэн төмс, хүнсний ногооноос эхлээд хүнсэнд хэрэглэж буй зүйлс маань хавдар үүсэх шалтгаан болж байна. Хүзүү шохойжсоноос цусан хангамжийн хямралд орно. Ингэснээр цусгүй болж мэдэх юм. Цусгүй удаан байвал хавдар ч юм уу, хавдар төстэй юм болж хувирч мэднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин