Э.СОЛОНГО
“Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” гээд хаа сайгүй захуудыг хөл даржээ. Баярын бэлтгэлээ базаахаар ирсэн нийслэлчүүд захуудад зай завсаргүй холхино. Юмны үнэ өссөнд бухимдах хүмүүс, баярын ширээний төсөв төсөөлснөөс нь илүү гарсанд уурласан эзэгтэй нар тэнд гол үйлчлүүлэгчид нь байлаа. Худалдааны төв, захуудад шинэ жилийн баярын ширээний хүнс ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.
ШАРСАН ТООРОЙГ НЭГ САРЫН ЦАЛИНГААРАА АВАХ УУ
“Барс” захаас шинэ жилийн баярын ширээний хүнсээ базаах залуу хосууд мах, махан бүтээгдэхүүний тасгаар орлоо. Тэд жилд ганц болох энэ баяраар бусад өдөр хэрэглэдэг малын махнаас татгалзаж буйгаа худалдагчид хэллээ. Адуу, үхрийн мах шинээр ирснийг дуулгаж зогссон худалдагч шалавхан гэгч нь “Шарсан тоорой байна. Толгой нь ч бий. Энд алга. Өөр лангуун дээр байгаа” гэв. Залуус үнийг нь асуухад “Тоорой нь жингээсээ хамаараад 300-500 мянган төгрөг, толгой нь 200 мянга” гэлээ. Залуу хосууд хэсэг зуур эргэлзсэнээ “Жаахан хямдруулахгүй юм уу. Бараг сарын цалингаараа авах нь байна шүү дээ” хэмээхэд “Аль алинаас нь 30 мянган төгрөг хасъя. Энэ жил цаанаасаа үнэ нь нэмэгдэж ирсэн” гэв.
ААРЦТАЙ БЯЛУУГ АРАЙ ЭРТ ЗАХИАЛААРАЙ
Шинэ жилийн баярын ширээний хүндтэй хүнс болох бялуу дээрх захуудад 10-69 мянган төгрөгийн үнэтэй байна. Бялуу хэмжээ, орцноосоо хамаараад өөр өөр үнэтэй. “Батбайгаль”, “Талх чихэр”, “Суман гүн” зэрэг компанийн крем, школадтай бялуу “Жүр үр” компанийнхаас ялимгүй хямд байна. Бялууны лангууны худалдагч нар хүмүүст аарцтай бялууг хэд хоногийн өмнө захиалахыг сануулав. Учир нь баяр дөхөхийн хэрээр нарийн боовны үйлдвэрүүдийн ачаалал нэмэгдэж байгаа аж. Тиймээс аарцтай бялуу зэрэг арай үнэтэй гардаг бүтээгдэхүүнийг хэд хоногийн өмнө захиалахгүй бол өдөртөө гарч амжихгүйг хэлж байв. Аарцтай бялуу бусад төрлийнхөөсөө 6000-12000 төгрөгөөр үнэтэй байна. Өнгөрсөн жил 12000 төгрөгөөр авч байсан бялууны хэмжээ нь хэвээрээ атлаа 2000 төгрөгөөр яагаад өссөнийг нэгэн эмэгтэй асуухад худалдагч “Цаанаасаа үнэ нь нэмэгдэж ирсэн” гэв.
ЗАГАС, ҮХРИЙН МАХНЫ ҮНЭ ЗЭРЭГЦЭВ
Хүнсний захын худалдагчид шинэ жилийн баярт зориулж шинээр загас, тахиа, гахайн мах борлуулж буйгаа үйлчлүүлэгчдэд хэлж байв. Тэд лангуун дээрээ 2-4 төрлийн загасны мах өржээ. Кг нь 2500-8000 төгрөгийн үнэтэй. Архангайн цагаан загас арай хямд бол Хөвсгөл, Ховдын хайрсгүй загас хамгийн үнэтэй нь аж. Харин тахианы мах кг нь 5000-5500 төгрөг. Үүнээс 10 кг-аас ихийг авбал кг тутамдаа 100-200 төгрөгөөр хямдарна гэдийг худалдагч хэлэв. Захуудад үхрийн мах кг нь 7500-8000, хониных 6000-6800, адуун мах 6000-6700 төгрөгийн үнэтэй байлаа.
Шинэ жилийн баярын ширээгээ жимсээр чимдэггүй айл байхгүй биз. Иймд хүнсний захуудад жимс болон хүнсний нарийн ногоо ямар үнэтэй байгааг хүргэе.
ЖИМС 3500-9000 ТӨГРӨГ
/кг, төгрөгөөр/
Лийр 7800-8000
Жүрж 4000-9000
Алим 3500-7000
Усан үзэм 7000-8000
Гадил 4000
Улаан лооль 4000-5000
Хан боргоцой 8000-8500
Лимон 9000-11000
Хулуу 5000
Цагаан гаа 8000
Байцааны навч 2500
Мөөг 10000
Кимчиний байцаа 5000
Чинжүү 5000
Ногоон сонгино 7000-9000
Сармисны гол 9000-10000
Эрдэнэ шиш багц нь 1400-1500
Дүпү багц нь 1600-1800