Э.СОЛОНГО
Улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг нүүрсний экспортоос бүрдүүлдэг. Ирэх онд нүүрсний экспортыг өмнөх жилүүдийнхээс ахиулахаар төсөвт суулгасан. Өнгөрсөн онд манай улс 31.1 сая тонн нүүрс олборлож, 20.2 саяыг нь экспортлож, 828.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ үзүүлэлтэд Тавантолгойн орд гол жин даржээ. Ирэх онд манай улс 39.1 сая тонн нүүрс олборлож, 31 тонныг нь гадагш гаргахаар төлөвлөсөн. Үүнд мэдээж Тавантолгой гол үүрэгтэй оролцоно. Тэгэхээр өмнийн говь дахь энэ орд ойрын жилүүдэд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлж, ирэх онд хэдийг олохоор зэхэж байгаа нь чухал юм.
ӨР БА УНАЛТ
Тавантолгой нүүрсээ зах зээлд гаргаагүй байхдаа зарж, улстөрчдийн аманд багтан олборлоогүй баялгаар дэнчин тавьж, өр авсан. Түүнийгээ хувь хишиг нэрийдлээр тараасан. Арвин нөөцтэй орд ийнхүү нэг л өдөр урд хөршид 350 сая ам.долларын өрөнд тооцогдох болов. Хятадтай тохирсон наймаа нь үнэ дээрээ гацсанаас болж нэг хэсэг Тавантолгойн нүүрсний үнэ, экспорт буурсан зэрэг олон таагүй мэдээллийг араасаа дагууллаа. Энэ бүхний үр дагаварт Монголын экспорт өнгөрсөн оныхоос 300 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 56 хувиар буурахад гол үүрэг үүрэг гүйцэтгэсэн гэх тооцоог эдийн засагчид хийсэн. Урд хөрштэй хийсэн улс төрийн хэд хэдэн айлчлалаар Тавантолгойн нүүрсний үнийг ярилцсаны дүнд ахиц гарсныг эрх баригчид онцолдог. 2011 онд ашиглалтад оруулсан зүүн Цанхийн уурхайгаас эхний жилд нэг сая тонн, өнгөрсөн жил 2.5 сая тонн нүүрс олборложээ. Энэ баялгаас олсон орлогоос нэг ч төгрөгийн ашгаа улсад өгөөгүй, өрөнд явсныг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь хэлсэн. Ийнхүү зүүн Цанхийн уурхай ашиггүй ажиллаж, олборлосон нүүрсээ 100 хувь урд хөрш рүү ачуулдаг учраас улсдаа орлого төвлөрүүлэхийн тулд энэ жил баруун Цанхийн уурхайг нээсэн юм. Тэнд өнгөрсөн хоёрдугаар сард хөрс хуулалтын ажлыг хийж, долдугаар сараас олборлолтыг эхлүүлсэн. Ингээд өнгөрсөн есдүгээр сараас нүүрсээ борлуулж эхэлсэн байдаг. Одоогоор энэ хэсгээс нэг сая тонн нүүрс борлуулаад байгаа аж. Он дуусахад баруун Цанхиас 1.5 сая тонн нүүрс борлуулна гэдгээ тус компаниас мэдэгдсэн. Уг борлуулалтаас 70-80 сая ам.долларыг олно гэж байгаа. Үүнээс тонн тутмаас нь 20-30 хувийн ашиг олох тооцоог гаргажээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд Цанхийн зүүн болон баруун хэсгээс нийтдээ таван сая тонн нүүрс олборлож, экспортлох зорилт дэвшүүлсэн. Одоогоор 2.5 сая тонныг олборлож, экспортлосон. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудын хэлснээр оноос өмнө 2.5 сая тонн нүүрсийг экспортлох боломж байгаа гэнэ. Цанхийн зүүн хэсгээс олборлож буй нүүрс Хятадын өрөнд явж байгаа бол баруун хэсгийнх нь бидэнд үлдэж байгаа юм. Он гарсаар тус компани ордын Цанхийн баруун хэсгээс 100 гаруй сая ам.долларын борлуулалт хийсэн байна.
ӨРӨӨ ТӨЛЖ, ОРЛОГОО НЭМНЭ
Салбарын сайд “Чалко”-ын өрийг энэ онд багтаж дуусгана гэж ам гарсан боловч амжихгүй нь тодорхой боллоо. Улирч буй энэ онд таван сая тонныг экспортлохоор зэхсэн ч одоогоор дөнгөж таван хувьтай яваа нь сайдын амлалтыг няцааж байгаа юм.Одоо Хятадад төлөх өрийн 60 орчим хувь буюу 160 орчим сая ам.доллар үлдсэн байна. ”Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулж, нүүрсээ боловсруулж гаргаснаар арай ахиу орлого олно гэж тооцоолжээ. Энэ дэвшлийн хүрээнд ирэх оны эхний улиралд багтан “Чалко” компанийн өрийг бүрэн төлж дуусгана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ үеэс л “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаагаа өөрөө санхүүжүүлэх чадалтай болно гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байгаа. Мөн ирэх онд тус компани БНХАУ-ын “Шинхуа” компанитай хамтарч Ганцмодоос Гашуунсухайт хүртэлх төмрийн замын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Нийт дөрвөн компани хамтрах энэ төслийн ихэнх санхүүжилтийг “Шинхуа” компани гаргах аж. Мөн тус компани ирэх онд “Шинхуа”-аас гадна дэлхийн томоохон компаниудтай хамтран ажиллаж, зах зээлээ тэлэхээр төлөвлөж байгааг захирал Я.Батсуурь мэдэгдсэн юм. Тавантолгой олборлолтоо ирэх онд нэг дахин нэмэхээр болжээ. Өнгөрсөн онд энэ ордоос 2.4 сая тонн нүүрс борлуулсан бол энэ жил таван сая тонныг гаргахаар ажиллаж байна. Ирэх онд 10 сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж, төлөвлөгөө боловсруулсан тухайгаа компанийн удирдлагууд мэдээлсэн. Урд хөршийн өрийг ирэх оны эхний улиралд багтаж дуусгаснаар энэ ордын хоёр уурхайгаас бэлэн мөнгөний орлого улсад шууд орж ирэх юм байна.