Ж.ЦОГЗОЛМАА

Ам.долларын ханш өнгөрсөн долдугаар сараас хойш чангарсаар анх удаа 1800 төгрөгт шүргэсэн. Өчигдрийн байдлаар энэ ханш харьцангуй суларч 1623-1647 болоод байна.

Гадаадын хөрөнгө оруулалт саарсан, Оюутолгой гацсан гээд улстөрчдийн ярьдаг том том шалтгааныг энгийн иргэд ялгаж салгаж ойлгох завгүй л явна. Үнийн өсөлт ханшийн самбарт бөх гэгч нь дөрөөлчихсөн. Ингэхээр дундаж давхаргад багтах гэж ядаж яваа олон түмэнд төрийн хэлээд байгаа нүсэр тоонд анхаарах сөхөө алга.

Засгийн газрын тэргүүн долоо хоног бүр цэнхэр дэлгэцийн цаанаас сонгогчидтойгоо болздог уламжлалтай. Махны үнэ яагаад буурдаггүй, валютын ханш өсөх бүрт дээш цойлсон үнэ валютын ханш буурахад яагаад дагаж бөхийхгүй удсаны шалтгааныг Ерөнхий сайдынхаа амнаас иргэд нь сонсохыг хүсдэг. Гэвч энэ уулзалтаар болж бүтэж байгаа тухай баахан чимэг зүүлт, хачраар “бөмбөгдсөн” яриа өрнөдөг болохоор үр дүн нь эсрэгээрээ юм.

Өнгөрсөн хэдэн сард валютын ханш монголчууд бидний амьдралд сүүдрээ хангалттай тусгалаа. Бас гадаад мөнгөний урсгал нь ганцхан цоргоноос эхтэй учир үндэсний аюулгүй байдлаа алдах хүртэлх ядуу бодлоготой явж ирсэн төр, засгийн үнэнийг илчиллээ. Хилийн чанадаас хэн хэдэн “ногоон” цүнхлээд ирэх бол гэж харж хүлээсэн хямдхан шийдлийг цэглэх цаг ирснийг ч харуулав. Үндэсний жижиг, дунд компаниудаа дэмжиж байгаа нэртэй гоё шошготой бодлогын цаана сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлээ цөөхөн монополь томчуудынх нь гарт атгуулчихаад эцэг эхчүүдэд 100 мянган төгрөг давсан үнээр шахах ичгүүргүй бизнес цэцэглэж байна. Ийм болохоор Монголд дотоодын хэдэн жижиг, дунд компани нь үйлдвэрлэгчээс экспортлогч хүртлээ өсч дэвжих гарц хаалттай хэвээр байна. Оронд нь уул уурхайн акулуудыг магнайдаа залж, хүрз барьсан хүнээр ирээдүйгээ төсөөлж яваад гайхах зүйл алга.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын 15-ны байдлаарх гадаад худалдааны тойм мэдээллийг гаргажээ. Дээрх хугацаанд экспорт 3790.6 сая, импорт 5594.7 сая ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны алдагдал 1.8 тэрбум “ногоон” болжээ. Нийт экспортод нүүрс 24.7, зэсийн баяжмал 21.2, төмрийн хүдэр 15.1, боловсруулаагүй газрын тос 11.2, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.8, бохир ноолуур 4.9, цайрын хүдэр, баяжмал 2.8, хайлуур жоншны хүдэр, баяжмал хоёр хувь эзэлжээ. Ноолуурыг эс тооцвол тэр чигтээ газрын хэвлийгээс ухаж гаргасан баялаг. Түүнээс биш “Made in Mongolia” гэсэн бичигтэй шар тос, ааруул, сүү, бяслаг сураггүй. Өч төчнөөн төрлийн импортын сүү дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байдаг хэр нь өөрсдөө харьд ганц литр сүү гаргаад худалдчих овсгоогүй. Ийм байхаар гаднаас валют олж ирнэ гэдэг лөөлөө болохоос яахав.

Гадаад улс орнуудын валютын нөөцийг жишвэл хамгийн их нь Хятадынх. 2010 онд Бээжин хоёр их наяд ам.долларыг үүцэлж байсан бол энэ хэмжээ энэ оны зургадугаар сарын байдлаар 3.5 их наяд “ногоон” болжээ. Тэдний дараа Япон орж байна. Наран улсын нөөц өнгөрсөн сарын байдлаар гэхэд 1.2 их наяд ам.доллар байв. Азийн хос зүрх болсон эдгээр улсад адил тал байгаа нь хоёулаа дэлхийн гол үйлдвэрлэгчид, экспортлогчид. Гадагшаа гарц хэдий чинээ олон байна төдий чинээ баян байх боломж нээгдэж буй нь энэ.

Харин манай улсын валютын нөөц өнгөрсөн сарын байдлаар ердөө 2.3 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 13 хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортыг эдийн засгийн бүх салбараа оролцуулан идэвхжүүлж чадахгүй уул уурхай хэчнээн хөгжөөд ганц эх үүсвэрээс хараат, хэдийд ч ганхаж мэдэх эмзэг нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь.