Ж.ЦОГЗОЛМАА
“Файненшл таймс”-ийн цахим хуудаснаа өнгөрсөн мягмар гаригт “Самурай бондоос болж Монгол Улс төсвөө өөрчлөх үү?” гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Байгалийн баялгаар арвин Монгол Улс олон улсын бондын зах зээлд эргэн орж ирж байна. Эмзэг сул дорой эдийн засгийн мөчлөгөө дахин сэргээхэд энэ алхам “жор” болно гэж тэд найдаж буй.
Засгийн газрын харьяа Хөгжлийн банк нь 30 тэрбум иен буюу 290 сая ам.долларын 10 жилийн хугацаатай Самурай бондыг гаргаж нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Гэвч энэхүү арилжаа нь тус улсын өр зээлийн хуулийн хязгаарыг давж байгаа билээ. Бондын хүүгийн төлбөр нь 1.52 хувь байх бөгөөд ААА зэрэглэлтэй Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргажээ.
Монголын Хөгжлийн банкнаас бондын өгөөжийг багаар буюу 1.3-1.35 хувиар таамаглаж байсан юм. Гэвч үүний цаана үлдэж буй нэг асуудал бол 2010 онд батлагдсан Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрхэх тухай юм. 2012 оны гуравдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банк олон улсын өрийн зах зээлээс хоёр тэрбум ам.доллар зээлжээ. Түүнчлэн Засгийн газрын өр нь ДНБ-ийнхээ 50 гаруй хувьтай дүйж байна. Уг нь хуулиараа цаашид ямар ч бонд нэмж гаргахгүй гэвэл нийт өр ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байх юм. Тус улсын Сангийн яамнаас өнгөрсөн сард өрийн хязгаарыг 60 хувьд хүргэх санал гаргасныг парламентынх нь гуравны хоёр нь эсэргүүцсэнээр буцаагдсан билээ.
Монголын Хөрөнгө оруулалтын банкны Менежмент хариуцсан захирал Крис МакДугалл “Засгийн газар ямар ч тохиолдолд хуулиа дагана. Гэвч бид эдийн засгаа эргээд өсөлттэй болгох нь чухал. Шинээр өрийн бичиг гаргах нь эдийн засгаа урт хугацаанд сэргээхэд чиглэж буй биш юм. Хөрөнгө оруулагчид хуулийн тогтвортой орчныг хүсч байгаа” гэж твиттерт бичжээ.
Олон улсын валютын сан өнгөрсөн 23 жилийн турш Монгол Улсын эдийн засгийг таван удаа аварч байсан юм. Энэ онд төсвийн томоохон зардлуудаа танаснаар Монгол Улс төсвийн алдагдлаа хоёр хувьд барихаар болсон.
Олон улсын судалгааны “Fitch” агентлаг Монголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлжээ. Мөн эдийн засгийн урт хугацааны төлвийг нь тогтвортойгоос сөрөг гэсэн ангилалд шилжүүлснээ зарлав. Шалтгаан нь төсвийн алдагдал, төсвийн гадуурх хөрөнгө оруулалт ДНБ-ий 12 хувьд хүрсэн нь Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчиж байгааг энэхүү судалгаанд онцолсон байлаа.
Үүнээс өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард бас буурч байсан юм. “Стандарт энд Пүүрс” компаниас зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” гэсэн үнэлгээнээс “Хасах” төвшинд хүргэн бууруулсан нь тэр байлаа.
Ийн буурсан нь хөрөнгө оруулалтын орчин муудсантай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.