Ж.ЦОГЗОЛМАА

Санхүүгийн зохицуулах хорооноос “МИК” компанийн охин компани болох “МИК Актив-1” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгосон. Энэ компани арилжааны банкуудын үл хөдлөх хөрөнгийн зээлийн багцыг худалдан авч, энэхүү хөрөнгөөр баталгаажсан 328 тэрбум хүртэл төгрөгийн үнэт цаасыг гаргах эрхтэй болжээ. Ингэснээр найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн дараагийн эх үүсвэр бүрдэх юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын хэлтсийн дарга Т.Жамбаажамцтай ярилцлаа.

 

-Хөрөнгөөр баталгааж­сан үнэт цаас гэж юу вэ. Эндээс ярилцлагаа эхэлмээр байна?

-Энэ ойлголтыг компанийн бонд зэрэг ойлголттой шууд хамааруулж ойлгож болохгүй юм. Бондыг компани хөрөнгийнхөө хэмжээгээр гарга­даг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь баталгаажуулж буй хөрөнгийнхөө хэмжээгээр гарах юм. Энэ бол Монголын хөрөнгийн зах зээл дээр анх удаагаа гарч байгаа санхүүгийн шинэ төрлийн хэрэгсэл.

-Энэ үнэт цаасыг нээлттэй арилжих уу, Оролцогчид нь хэн хэн байх вэ?

-Хуулиараа энэ үнэт цаасыг нээлттэй, хаалттай хэлбэрээр гаргаж болно гэж заасан. Энэ удаад хаалттай хүрээнд гаргаж байгаа. Гэхдээ үүнийг шууд 328 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирнэ гэж ойлгож болохгүй. Энэ үнэт цаас гарч, түүнийг зарснаар банкууд эсвэл МИК-д энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Монголбанк олгосон зээлэндээ зөрүүлээд энэ үнэт цаасыг нь эзэмшээд явж байгаа. Цаашид энэ хэрэгсэл маань сонгодог утгаараа, зах зээлийнхээ жамаар хөгжинө. Тэр үед бизнес эрхлэгчдэд нэлээд таатай нөхцөл бүрдэнэ. Үндсэндээ энэ бол зөвхөн зээлээр баталгааждаг үнэт цаасны хэлбэр биш. Өөрөөр хэлбэл, зээл, түрээсийн орлого зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой активуудаар баталгаажуулаад үнэт цаас гаргах санхүүгийн хэрэгсэл юм. Иймд хямд, урт хугацаатай хөрөнгө татах боломж болж  гэдгээрэй онцлогтой.

-Энэ үнэт цаас бондоос юугаараа ялгаатай юм бол. Бонд өгөөжөөрөө ялгардаг бол энэ үнэт цаасыг авах банкуудад хэдэн хувийн хүүтэйгээр өгч байгаа юм бэ?

-Хугацаатай, хүүтэй гэдгээрээ бондтой төстэй. Гаргаж буй субьект, хэмжээ, баталгаа зэрэг нь ондоо. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас маань давуу эрхийн, энгийн гэсэн хоёр төрөлтэй байгаа. Нийт гаргаж буй үнэт цаасны 90 хувь нь давуу эрхийн, тэдгээрийг Монголбанк авч байгаа. Энгийн үнэт цаасыг арилжааны есөн банк авч байгаа. Өөрөөр хэлбэл, зээл олгосон, түүнийгээ шилжүүлсэн банкууд тохирох хэмжээндээ тааруулан үлдсэн үнэт цаасыг нь авч байгаа. 90 хувь нь 4.5 хувийн хүүтэй, 20 хүртэл жилийн хугацаатай. Банкуудын эзэмших 10 хувийн энгийн үнэт цаас нь 10.5 хувийн хүүтэй, адил 20 жил хүртэлх хугацаатай байх юм. Банкууд цаашид 2-3 жилийн дараа ч юм уу хоёр дахь зах зээлд гаргах боломжтой. Монголбанкны хувьд энэ нь хэдийд ч боломжтой зүйл.

-Хөрөнгөөр баталгааж­сан үнэт цаасны 90 хувийг Монголбанк эзэмших нь ямар учиртай юм бэ. Үүний цаад ач холбогдол нь юу байна?

-Эхний ээлжинд гаргаж буй энэхүү 328 тэрбум төгрөгийн зээлийн багцийн сар бүрийн эргэн төлөлт үнэт цаас эзэмшигч буюу Монголбанкинд очих юм. Тэгэхээр Монголбанк түүнийгээ цааш нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд явах санхүүжилтээ шийдэх ач холбогдолтой. 

-Тэгвэл хувийн хэвшлийнхэн үнэт цаасны зах зээлд оролцож хөрөнгөө баталгаажуулан эх үүсвэрээ сайжруулах боломж юу байна вэ?

-Өнөөдөр ч тэр боломж нь нээлттэй байна. Хууль нь гарчихсан. Дагах журмууд нь Санхүүгийн зохицуулах хорооноос гарчихсан байгаа. Хувийн хэвшлийнхэн, тухайлбал, түрээсийн бизнес эрхэлдэг компаниуд байгаа бол түрээсийн орлогоо баталгаажуулж энэ төрлийн үнэт цаасаар эх үүсвэр татах боломжтой.

-Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зээл байх уу?

-Үгүй. Тухайлбал, авто машины зээл зэрэг бүх төрлийн зээлээ үнэт цаасжуулаад урт, богино хугацаатай үнэт цаас гаргаад түүгээрээ хөрөнгө босгоод, дахиад санхүүжилттэй болох боломж нь нээлттэй байгаа. Ийм үнэт цаас гаргах хүсэлтэй хүмүүс санхүүгийн зохицуулах хороонд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авахад нээлттэй.