Э.СОЛОНГО 

Асгат орд гадаадынхны нүдийг булаасаар удлаа. Оюутолгой, Тавантолгойн “галт тэрэг” хэдийнэ хөдөлсөн ч мөнгөний баян булаг болсон Асгат байрнаасаа хөдөлсөнгүй.

Энэ ордын хувьд асуудал ялгаатай. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших эл орд газар ОХУ-ын хил дамнан байрладаг. Бүр тодруулбал, манай улсын газар нутаг дээр Асгатын гуравны нэг хэсэг нь оршиж байгаа. Үлдсэн нь оросуудын эзэмшилд багтдаг. Гэсэн ч эл ордыг газрын зурагт Монголынх гэж тодоор тамгалсан байдаг юм. Иймд Асгат уул стратегийн ач холбогдолтой төдийгүй улс орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой.

Өмнө нь уг ордыг ашиглах талаархи яриа хэлцэл хувь оролцооны маргаанаас болж удаа дараа хойшилж, сунжирч байсан юм. Оросуудын зүгээс “Полиметалл” хэмээх хүчирхэг компаниа олборлогчоор томилохыг хүссэн бол Монголын тал арай ахиу хувь эзэмшихийг зорьж байлаа. Зөвхөн 2007 оны түүхийг сөхөхөд Засгийн газраас уг ордын 50 хувийг төр эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргасан байдаг. Орос, Монгол хоёр улс энэхүү ордоос эрх тэгш олборлолт хийнэ гэсэн үг. Харилцан ашигтай, ижил тэгш хамтын ажиллагаа гэсэн уриа зүүсэн манай улсын гадаад бодлоготой уялдаж байгаа нь энэ юм байв. Мэдээж, энэ бүхэн эргэлзээ дагуулсан.

Хоёр тал адил тэгш эрхтэйгээр энэ салбарт хөрөнгө хаяна гэж тохиролцсон ч ямар нэг асуудал гарахад аль алинаасаа тэнцүү хамааралтай. Сүүлийн жилүүдэд Оросын оролцоо давуу болчихоод байгаа гэхэд хилсдэхгvй. Манай тал энэ салбарт адил 50 хувийн оролцоотой байдаг ч оросуудаас зөвшөөрөл авахгүйгээр элдэв томилгоо хийх, хөрөнгө оруулах ямар ч эрхгүй гэхэд бас хилсдэхээргүй.

Монголын талаас оролцоогоо нэмэгдүүлж ядахад 51 хувь болгоё гэсэн саналыг удаа дараа тавьж байгаа ч олигтой үр дvнд хүрээгvй юм. Оросын тал гэдийж, Монголын тал бөхийсөөр олон жилийг ардаа үдлээ.

Саяхан болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаанаар хоёр тал саналаа нэгтгэжээ. Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байна.

Их хэмжээний мөнгөнөөс гадна хүдэр, зэс зэрэг баялаг агуулсан энэ орд хэдийгээр манай улсын нутаг дэвсгэрт байдаг ч нөөцийг нь орос эрдэмтэд тогтоосон гэдгээрээ хойд хөрш Асгатын асуудалд илүүрхэдэг. Энэ утгаараа Асгатын лицензийг Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр тал зарим зүйл дээр санал зөрдөг учраас Монгол Улс одоо болтол Асгатын мөнгийг ашиглаж эхлээгүй аж. Мөнгөний ордоос мөнгө босгоход саад болж байгаа асуудалд дэд бүтэц хөгжөөгүй. Өндөр уул, хад чулууны дунд оршдог энэ ордыг “хөдөлгөхөд” Монголын хүч дутах ч гадны орнуудтай хамтрах боломж байгааг эдийн засагчид онцолдог. Гэхдээ нөөцийг нь тогтоочихоод баялгийг нь тийм ч амар тавьж явуулахгүй гэдгээ оросууд олон зүйлээр илэрхийлснийг улстөрчид хэлдэг юм. Өнгөрсөн жилүүдэд ах дүүсийн найрамдалт харилцаатай хоёр улс Асгатыг дангаар эзэмших гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг. ОХУ Горный-Алтай муж болон Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн нутагт орших уг ордыг өөрийн болгоход амар гэж тооцоолсон. Газарзүйн энэ боломж дээр “Нөөцийг нь тогтоосон” хэмээн додигор суудаг оросууд Асгатыг санаанд нь багтаад байгааг манай төрд хэд хэдэн удаа илэрхийлсэн гэдэг. Үүний нэг жишээ бол Оросын “Полиметалл” компани Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах санал тавьж, түүнийг нь Советийн хурлаар зөвшөөрөн “Асгат Полиметалл” компанийг байгуулсан ч УИХ-аас хамтран эзэмшихийг нь зөвшөөрөөгүй байдаг. Үүний хариуд хойд хөршийн тал Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг Монголын мэдэлд өгөхийг зөвшөөрөлгүй өдий хүрсэн гэх манай улс төрчдийн дүгнэлт бий.

Монголын гар хүрээгүй байгаа томоохон ордуудын нэг болох Асгат 10 мянга  гаруй тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгө, 12.2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тонн зэс, мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийг агуулж буйг тогтоосон. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олно гэсэн тооцоо бий. Энэ ч утгаараа их мөнгөний сургаар ахиухан хувь авах гэсэн санааны мухарт энэ орд гацсан гэж эдийн засагчид тайлбарладаг.

Манай улс Асгатыг ашиглах эхний алхмаа энэ онд хийсэн. “Орд ашиглах дэд бүтцээ шийдээгүй болохоор Монгол улс Асгатыг ашиглах цаг нь болоогүй” хэмээн хойд хөршийнхөн таамаглаж байсан. Асгатын орд руу зам тавих ажилд бүхэл бүтэн армийн хүчийг дайчилж, 3.7 тэрбум төгрөгөөр замтай болсон. Ийнхүү Оросын нутгаар, тэдний замаар хүрдэг байсан их баялагтаа монголчууд өөрсдийгөө холбосон зам тавьснаар энэ ордод хамтрах бодлыг оросуудад төрүүлж эхэлсэн гэж үзэх хүн ч бий. Монголын тал арвин баялаг руугаа зам тавь эхэлсэн нь нөгөө талд “хөдлөх” сэжүүрийг өгсөн гэдэг. Тухайлбал, “Монголросцветмет”-ийн Советийн хурлаар хамтрах саналд нааштай хандсаныг албаны хүн онцолсон. Үүнийг батлах гэсэн шиг Москвад болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны хуралдаанаар “Асар их баялагтай ордыг ашиглахгүй удах нь аль аль талдаа ашиггүй. Тиймээс ордыг хамтран ашиглахад саналаа нэгтгэж, хоёр улсын хамтарсан компанийг шинээр байгуулъя” гэж тохирсон. Хоёр тал Асгатыг ашиглах, мөнгийг нь мөнгө болгох эхний алхамыг ийнхүү хийлээ. Алсдаа арвин нөөцийг ашиглаж, хувааж хуваарилах ажил хэрхэн өрнөхийг харах үлдлээ.