Б.ДАМДИН
Канадад төвтэй “Meritus Minerals” компани Хэнтий аймгийн Батширээт суман дахь Гутайн давааны ордны алтны нөөцийг батлуулснаа 2012 оны наймдугаар сард мэдэгдэж байв. Уг хэсэгт 3.17 тонн буюу 102 мянган унци алтны нөөц байгааг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан байдаг. Гэхдээ энэ нь Гутайн давааны ордын нөөц биш. Зөвхөн “Төөрдөгийн шил” хэмээх хайгуулын хэсэг дэх нөөц нь ажээ. Энэ хэсгээс гадна өөр хоёр газарт алтны хайгуул хийж байсан юм. “Гутайн даваа” алтны төсөл нь нийт 3928 га талбайг хамардаг. Мөн агуулгын хувьд маш өндөр шороон орд юм.
Уг ордын хайгуулын лицензийг “Meritus Minerals” компанийн охин компани болох “Гутайн даваа” компани эзэмшдэг. Зөвхөн хайгуулын лицензтэй атлаа 2007 оноос тус компанитай харуул хамгаалалтын компаниуд гэрээ байгуулж ордыг хамгаалах болжээ. Гэвч харуул хамгаалалт гэсэн нэрээр халхавчлан Гутайн даваанаас гар аргаар алт олборлож, хууль бусаар тээвэрлэн Төв, Сэлэнгэ аймгийн нутагт цианит натриар угаадаг байжээ. Үүнд лицензийг эзэмшигчээс гадна, уул уурхайн зарим компани, орон нутгийнхан, хууль хяналтын байгууллагын ажилтнууд хүртэл холбогддог юм байна. Бид энэ талаар эрэн сурвалжилсан нийтлэлүүдээ цувралаар хүргэх болно.