Г.ГАНЧИМЭГ

Үйлдвэрлэл урлалын сургуулиас хойшхон, хүмүүсийн ярьдгаар 32-ын тойргийн шинэ замын зүүн талд Рашаантын 16 дугаар гудамжны үзүүрт “Шинэ бүтээл” хэмээх цомхон тавилгын дэлгүүр байдаг юм. Сүүлийн үед тус дэлгүүрийн хаалга байнга цоожтой харагдах боллоо. Уг нь тэнд гэр бүлийн жижиг бизнесээрээ амьжиргаагаа подхийтэл залгуулаад байдаг Б.Гэрэлт-Од ажилладаг.

Мужааны цех нь 2001 онд байгуулагджээ. Б.Гэрэлт-Од анх гэрээрээ модон эдлэл хийж эхэлсэн байна. Ширээ сандлаас эхлээд урласан бүтээлийг нь хүмүүс ч тоож, хийх ажил нь нэмэгдсэнд урамшин тэрээр өөртөө ажлын байр гаргахаар шийджээ. Захиалгаар ор, хувцасны болон гал тогооны шүүгээ зэрэг модон эдлэлийг хийдэг аж. Тэгэхдээ жижиг үйлдвэр учир ширээ сандалдаа илүү гаршсан.Цэцэрлэг, сургууль, цайны газрууд, хувь хүн гэр орон, гал тогоондоо авах сонирхолтой нь ажиглагдаж. Тиймээс сандал ширээгээ дагнасан цех гэхэд хилсдэхгүй. Бандан сандал, сурагчийн сандал ширээг нь харвал нэг үеэ бодвол өнгө үзэмж, загвар хийц импортын тавилгатай өрсөлдөхүйц болж иржээ. Тэдний хийсэн сандал ширээг өмнөд хөршид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй андуурч авдаг юм билээ. Монголчууд өөрсдөө хийсэн гэхээр гайхаад ийм гоё хийдэг болчихсон юм уу гээд л эрэл сурал болох нь их.

Тус цехийн бүтээгдэхүүн хямд үнээр зах зээлд өрсөлддөг. Гэхдээ өнгө үзэмж, загвар хийцийг сайжруулах тусам үнэ нэмэгдэнэ. Хятадаас орж ирсэн тавилгууд үзэмж сайтай, үнэтэй. Тиймээс ард түмэнд хүртээмж нь бага гэсэн үг. “Цаашид бид зах зээлд өнгө үзэмжтэй, хямд үнэтэй тавилгаар өрсөлдөнө л гэж боддог” гэж нийтлэлийн баатар маань үзэл бодлоо хуваалцсан юм. Түүний хэлснээр баяр ёслолыг эс тооцвол өвөл, хавар тийшээ бүтээгдэхүүний борлуулалт багасдаг аж. Зун, намар болохоор ширээ сандлын эрэлт өсдөг байна. Тэгээд ч модон материал ховор болчихсон. Оросоос мод импортлох мэдээж их үнэтэй. Материалын хомсдолоос үүдэлтэйгээр бүтээгдэхүүн нь ч цөөн тоогоор гарах болжээ. Улмаар тавилгын шаардлага хангасан түүхий эдээр гачигдахад хүрч буй нь энэ салбарынхны толгойн өвчин болоод байна. Үйлдвэрлэгчид түлшний цэнхэр модыг ашиглая гэхээр хаягдал нь ашгаасаа давчихдаг аж.

Б.Гэрэлт-Одын үйлдвэрлэлийн гол түүхий эд нь Оросоос орж ирсэн нарс. Ингэхдээ нэг шоо метрийг нь 520 мянгаар худалдаж авна. Харин өмнөд хөршөөс тавцангийн хавтан их орж ирдэг юм байна. Харин эднийх ихэвчлэн модоор сандал ширээгээ хийдэг. Нэг шоо метрээс 30-40 мухар сандал гардаг юм байна.

Мухар сандал 15 мянган төгрөг, намхан мухар сандал 10 мянган төгрөг, түшлэгтэй сандал 30 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тавилга урлаач маань овоож оцойтлоо ашиг олохгүй ч амьжиргаагаа болгоод л явдаг гэнэ. Харин ажилчиддаа өндөр цалин өгч чаддаггүй гэнэ. Туслахууддаа 300-500 мянган төгрөгийн цалин өгдөг бөгөөд цехэд нь 3-4 хүн ажилладаг. Нөхрийнхөө хийсэн ширээ сандлыг эхнэр нь зах дээр гаргаж борлуулдаг. Үйл ажиллагаагаа тогтвортой, жигд явуулах сонирхол түүнд бий. Хүн өөрөө хичээж, ажиллавал өргөжинө гэдэгт итгэлтэй байдаг.

Хятадаас хямдхан үнэтэй орж ирсэн мод, төмөр хийцийн эдлэл эдэлгээ даахгүй эвдэрч хэмхрэн хог болоод л хэвтдэг. 

Цалингаа хэрхэн өсгөх вэ гэж толгой гашилгахтай зэрэгцээд түүхий эдийн үнэ байнга нэмэгдэх нь бас л нэг зовлон. Гар хөдөлсөн л бол ашиг унадаг байх бизнесийн зарчмыг хэрэгжүүлье гэхээр энэ мэт асуудалд хүлүүлж байгаа юм.  Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдийнх нь үнэ өсөөд, нийлүүлэлт багасах тусам ажиллах ямар ч боломжгүй болж, жижиг үйлдвэрүүд нь хаалгаа барих хандлагатай болж байна. Ам.доллар, юанийн ханш өслөө гэхээр түүхий эдийн үнэ огцом өсдөг. Түүнийг нь дагаад бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихэж болдоггүй. Бага зэргээр өсгөхөд л хэрэглэгчид авахаа больчихдог. Ингэхээр эргэлт зогсох гээд байдаг гэнэ. Энэ жил өнгөрсөн жилийг бодвол борлуулалт харьцангуй багасчээ.

Бүтээгдэхүүн борлуулалтгүй болж тавилга цехдээ хураагдаад эхэлбэл түүхий эдээ авах мөнгөгүй болж, эргэлт нь удааширна. Тухайлбал, тавцан хийдэг хавтангаа өмнөд хөршөөс авдаг. 1.20х2.30 метрийн хавтан 21 мянган төгрөгийн үнэтэй байснаа 35 мянган төгрөг болоод өсчихжээ. Гэтэл урд хөршид үнэ нь өсөөгүй, хэвээрээ байх жишээтэй. “Оросоос орж ирдэг нарс мод шоо метр нь 380 мянган төгрөг байснаа 520 мянга болж үнэ нь өссөн. Үнийн өсөлт шударгаар буюу зах зээлийнхээ жаягаар явж болно. Үүнийг л төр жинхэнэ бодлогоороо цэгцэлж өгмөөр байна. Уг нь шударгаар өрсөлдөх тусам үнэ буумаар санагддаг. Ганц нэгэн хүний эрхэнд зах зээл байдаг бол үнэ өсөх магадлалтай. Олон хүн түүхий эд борлуулвал үнэ хямдарна байх” гэж Б.Гэрэлт-Од хэлсэн юм.

“Шинэ бүтээл” тавилгын дэлгүүрийн  менежер М.Сэржмядаг “Төр, засгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж ярьдаг. Гэвч ч бодит амьдрал дээр биднийг дэмжиж байгаа нь  огт үгүй” гэлээ.

Яагаад гэвэл, түүний эрхэлж буй жижигхэн үйлдвэрлэлийг дэмжих нь битгий хэл, хааж боох, цааш өргөжин хөгжих боломжгүй болгож байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, жижиг үйлдвэрлэл зогсох хандлагатай болоод байгаа юм. Гэтэл Хятадаас хямд үнэтэй, чанар муутай ширээ сандал их орж ирж байна. Эдгээр импортын бараанд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн шахагддаг. “Энэ нь төрөөс биднийг дэмждэггүй гэдгийг харуулж байгаа юм. Тэгээд  татварын тайлан мэдээ нэхээд л дарамталчихна” гэж тэрээр бас хэллээ. Түүнийхээр бол Монголдоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг импортоор оруулахаа багасгах хэрэгтэй гэнэ. Ингэж байж л жижиг үйлдвэрлэгчдийг хөл дээр нь босгох боломж бүрдэх нь. Тиймээс төр, засгийн зүгээс хавтгайд нь модны хулгай гээд хориглох биш жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ түүхий эд бэлтгэх боломжийг нь олгох цаг иржээ гэсэн саналтай байдаг аж.