Ж.ЦОГЗОЛМАА

“Зууны мэдээ” сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” аяныг зарлаад байгаа билээ. Шинэ, хуучин дугуйны нийгэм, зах зээлд үзүүлэх нөлөөллийн талаар эдийн засагч М.Пүрэвцогттой ярилцлаа.

 

-“Хуучин дугуйны импортыг хориглоё” аяныг манай сонин өрнүүлж бага­гүй хугацаа өнгөрлөө. Энэ аяны хүрээнд таны бод­лыг сонсмоор байна. Ер нь хуучин дугуйны импор­тыг хориглосноор эдийн засаг, эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ, таны бодлоор?

-Бүх асуудал хоорон­доо заавал уялдаа холбоотой байдаг. Цог­цоор шийдэх боломж бай­даг ч бидний мэд­лэг туршлага, суурь сис­темийн гажуудал саад бол­соор байна. Аливаа асууд­лыг шийдвэрлэхэд ялангуяа улс орны хувьд нарийв­чилсан судалгаа хийж, түүндээ үндэслэн тодорхой зорилгын сис­тем, стратеги, бодлого, төлөвлөгөөнд уялдуулж, хэлэлцэж шийд гаргадаг. Бидний өмнө тулгараад байгаа зүйл бол судалгаа багатайгаар асуудалд ханддагаас гадна, судал­гааг яаж хийх вэ, хэнээр хийлгэх вэ гэдэг нь өөрөө сул байгаа юм. Иймээс таах, хардах, найдах, барагцаалах, тоймлох, турших гэсэн үйлдлүүд ажиглагдаад байна.

Хуучин дугуй анх­наасаа үйлдвэрлэг­дэхээсээ өмнө судалгааны үнд­сэн дээр ашиглагдах хугацаа нь тогтоогдоод тэрийг нь хэн нэгэн тэр хугацаанд нь ашиглаад хэрэгцээнээсээ гаргасан дугуй. Үүнийг хэсэг бүлэг хүмүүс цөөнхийн эрх ашгийн төлөө лоббидож байгаа ч бай үгүй ч бай, засгаас машин тэрэгний хэрэгцээг багасгах бод­лого баримталж байгаа гэсэн хардлага үнэн ч бай үгүй ч бай иргэдийн эрүүл аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, хотын соёл, улмаар нийгмийн соёл, олон улсын бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн стандарт, хөгжил зэргийг бодсон ч зарчмын хувьд дэмжиж байна.

-Бизнес эдийн засгийн хамтын ажиллагаа, түүн­тэй хуучин дугуйны импорт хэрхэн холбогдож буй талаар тайлбарлаж өгөөч?

-Бизнес эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн дээр тодотгоход манай улс хөгжих хэрэгтэй, хөг­жил бол хамтын зохис­той амьдралын хууль эрх зүй болон дэд бүтцийн чанарын баталгаагаар хэмжигдэнэ. Сүүлийн жи­лүүдэд манай улсад олон улсын хүчир­хэг байгууллагууд үүдээ нээж, хамтын ажил­лагаагаа эхлүүлээд бай­на. Хөгжилтэй орны биз­нес эдийн засгийн хам­тын ажиллагааны тул­гуур шаардлагуудын нэг бол яах аргаггүй даат­гал, баталгаа байдаг. Тэд биднээс зохистой шаард­лагын төвшинд хамтарч ажиллахын тулд бизнесийн орчны бүхий л шаардлагуудыг тавьж ажил­лах нь дамжиггүй. Түү­ний хүрээнд хийгдэх нэ­гээ­хэн жижиг ажлыг энэ­хүү шинэ дугуйны им­портыг зогсоох асуудал гэж харж болохоор байгаа юм.

-Гэтэл хүмүүсийн байр суурь өөр өөр бай­гаад байна. Та ч бас яриан­даа дээр дурдлаа. Хуу­чин дугуйны импортыг хориг­лоё гэхээр хэн нэгний эрх ашгийн төлөө бичээд байна гэж хардах хэсэг ч байна. Зарим жолооч үүнийг яах аргагүй эдийн зас­гийн хэмнэлт гэж бас тайл­барлаад байгаа. Харин нөгөө талд элэгдэж муудсан дугуй эрсдэл дагуулах, түүнийг шатааж байгаа хүмүүс агаар бохирдуулах гээд олон сөрөг тал байгааг судлаачид хэлэх юм?

-Ер нь бид одоогоор хуу­чин дугуйгаа ма­шиныхаа импортын онц­логоос шалтгаалаад 80-90 хувийг нь Япон, Солонгос улсаас импортлодог бололтой. Бидний ор­логын төвшин дийлэнх ир­гэдэд бага байгаа гэсэн суурь шалтгаан бий. Үүнийг үндэслэн хуучин нь шинэ дугуйнаас дунд­жаар хоёр дахин илүү хямд учраас тэнд зах зээл ор­шин тогтноод байх шиг байна. Мэдээж мөн түлээ түлшний үнэ өндөр болоод түлшний зах зээлд эрэлт нь байгаад байна.

Сөрөг нөлөө гэвэл эдийн засгийн хувьд мэ­дээж бага, эрүүл мэнд, агаарын бохирдол ахуйн соёлын хувьд бол хүнээр хэлүүлэлтгүй их муу үр дагавар бий. Мэргэжлийн хүмүүс, байгууллагын гаргасан судалгааг харвал маш олон сөрөг үр дага­вар байсан. Багцлаад хэл­бэл хорт хавдрын гол шалт­гаан болдог. Бид чимээгүй хордсоор багаа нь үнэн гэсэн дүгнэлт хийхэд хол зөрөхгүй юм билээ.     

-Тэгвэл хуучин болон шинэ дугуйны талаар эдийн засгийн утгаар нь хий­сэн тооцоо судалгаа, тоо баримт гэвэл юу байх бол. Танд энэ талаар тоймлоод хэлбэл юу байна вэ?

-Бидний унаж хэрэг­лэж буй машины тоо, урс­галыг тооцоод үзэхэд бид жилдээ ойролцоогоор 1-1.5 сая шихэг дугуй оруулж ирэхээр байна. Гаалийн мэдээ бол нэг сая. Энд ойролцоогоор 50-70 тэрбум төгрөгийн зах зээл байна гэсэн санаа /хамгийн багаар тооцоход нэг дугуй 50 мянган төгрөг гэвэл/. Гэсэн хэрнээ хуу­чин дугуйны худалдан авах үнэ цаад улсдаа маш хямд ба өөрийн өр­төг нь ойролцоогоор 10 хүрэхгүй хувь буюу 5 тэрбум юм. Зарим им­порт­логч бараг үнэгүй ав­даг гэсэн судалгаа бай­гаа юм. Хэрвээ бид хуучин дугуйны импортыг хааж, шинэ дугуйны импортыг дэмжвэл дугуны өөрийн өртөг 10-20 хувиар нэмэг­дэж, бид жилдээ мөн 50-60 сая ам.долларын валютаа алдах эдийн засгийн сөрөг үр дагавар харагдаж байна.

Бид хуучирсан дугуйг хаядаг, тэр нь жилдээ 10 хувь (100 мянган хуу­чин дугуй) -ийг нь гэр хороол­лын 20 мянган айл ша­тааж, цөөхөн тоо нь дахин боловсруулагдаж (резинэн хавтан г.м), ихэнхдээ барилгын материалын орлох хэрэг­сэл (хашаа, гэрийн ивээс, гудамжны хаалт г.м ) болж байгаа бололтой. Манай шийдвэр гаргагчид зах зээлийн тоглогчдын (нийлүүлэгч, импортлогч, худалдаачид, ложистик болон санхүүгийн зах зээлийн удирдагчид г.м) эрх ашгийг нарийвчлан хамгаалж, шилжилтийн үеийг нь хохирол багатай­гаар тооцсон төлөв­лөгөөтэйгөөр аажмаар бүрэн шинэ дугуйны им­пор­тод шилжүүлж чадвал эдийн засгийн хувьд тоон утгаараа ма­най улсад алдагдалтай ч чанар аюулгүй байдлын утгаараа манай хэрэглэгч, ард иргэд, бизнесийн салбарынханд урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлэх болов уу.

-Тэгэхээр зөвхөн шинэ дугуйны импортыг дэмжсэнээр ямар давуу талууд бий болох бол?

-Хуулийн өөрчлөлт болон процедурын өөрч­лөлтөөс үүссэн зарим сөрөг нөлөө гарч, тэр нь цаашид зах зээлээ ну­раах эдийн засагт нөлөө­лөх магадлал байхыг үгүйс­гэхгүй. Жишээ нь шинэ дугуйны импорт хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөгөөр шинэ дугуйны үнэ одоо байгаагаасаа өсч, улмаар шинэ дугуй хэрэглэх боломжгүй хүмүүсийн эгнээ нэмэг­дэж болно. Мөн хуучин дугуйнаас үүдсэн аваар ос­лын хэмжээ урьдах үзүү­лэлтээсээ ихсэх магадлалтай, тэр нь хэр удаан үргэлжлэхийг тооцоолох шаардлагатай байх. Гэхдээ зах зээл өөрийн хуулиараа зохи­цуу­лах болов уу. Шинэ дугуй хуучин дугуйны хувьд өртөг, ашиглалтын хэмжээнд чанарын ялгаа үнэндээ байхгүй. Харин өртөг нь хоёр дахин өндөр ч эдэлгээ төдий хэмжээний урт байна. Асуудал төлбөрийн нөх­цөл дээр л бий. Давуу тал бол мэдээж хуучин дугуй­наас шинэ дугуйных үнэмлэхүй илүү юм.