Ж.ЦОГЗОЛМАА

УИХ-ын гишүүдийн төсөв гэж нэрлэгдсэн 76 тэрбум төгрөг 2010 онд шуугиан тарьж байсан. Гэтэл парламентчдын нэг тэрбумаас илүү асуудал яригдаж эхлэв. 2001 онд гишүүн тус бүрт арван сая төгрөгийн төсөв зарцуулах эрх өгч байсан бол одоо 4.3 тэрбум төгрөг гишүүдийн тойрогт хуваарилагдах бололтой байна.

Эргэн сануулахад гишүүд гурван жилийн өмнө нэг тэрбумаараа юу хийсэн бэ гэдэг сэдэв хуучраагүй. Энэ асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ мөнгөөр хүүхдийн эмнэлэг барих санаачилга гаргасан. Нийт 30-40 ортой, 25 хүний ажлын байртай хүүхдийн эмнэлгийг Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байх юм. Нийт хоёр тэрбум 400 сая төгрөг шаардагдаж байгаа. Миний нэр дээр төсөвлөгдсөн нэг тэрбум төгрөгийг Сангийн яамнаас энэ ажилд тусгаж байгаа. Үлдсэн тэрбум гаруй төгрөгийг 12 cap гэхэд улсын төсвөөс гаргах байх” гэж хариулжээ. Тэгвэл гишүүн Ц.Мөнх-Оргил “500 сая төгрөгөөр дүүргийнхээ 20 хороодын 17-д нь Ахмад, хүүхэд, залуучуудын амралтын талбайг тохижуулсан. Үлдсэн 500 сая төгрөгийг иж бүрэн гэрэлтүүлгээр хангах зэрэг хэд хэдэн ажил хийсэн” гэж тайлагнасан байна.

Тэгвэл энэ удаагийн 4.3 тэрбум гэдэг ямар учиртай төсөв вэ. Мөн хэрхэн баталгаажиж, хэн хэнд хэрхэн зарцуулагдах бол. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Би энэ талаар сайн мэдэхгүй. Албан ёсоор мэдэгдсэн зүйл бас алга. Ер нь ингэж болохгүй” гэсэн юм. Гишүүд тойрогтоо нэг тэрбумыг аваад ач холбогдол, үр ашгаар нь “дэнсэлсэн” төслүүдийг хэрэгжүүлж чадсан л юм бол өдийд орон нутаг эл хуль болж нийслэлд хамаг хүн шаваад байхгүй л байх байсан гэж үзэх хүн байна.

Монголд парламент­чид нь зарах мөнгөө нэмэх гэж асуудал болох зуур Хятадад тансаг хэрэглээг танах төрийн бодлого хэрэгжээд эхэллээ. Гэтэл манайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөж, алдагдлыг энэ оных шиг гааруулахгүй байна хэмээн УИХ, Засгаас газраас мэдэгдсэн. Бас зарлагаа бууруулж, бодитой, үр ашигтай хөрөнгө оруулалтыг чухалчилна хэмээсэн билээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагыг өмнөх онтой харьцуулахад бууруулж төлөвлөсөн ч урсгал зарлагын хэмжээг өсөхөөр төсөвлөсөн нь төсвийн урсгал тэлэлт хэвээр байгааг харуулж байна.  Ингэхдээ нийгмийн халамжийн зардлыг өсөхөөр төлөвлөжээ. Тухайлбал, оюутны тэтгэлэгт зориулж 100 орчим тэрбум төгрөг, нийгмийн халамжид 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь халамжийн зардлыг үргэлжлүүлэн өсгөж байгаа аж.

Төсөвт зарим салбарын хөрөнгийн зарлагыг эрс бууруулсан. УИХ-ын гишүүдийн зарцуулах төсөв өсөх бол зам, тээвэр, барилгын салбарт төсвийн санхүүжилтийг өмнөх онтой харьцуулахад хамгийн их хэмжээгээр бууруулжээ. Тухайлбал, зам тээврийн салбарын хөрөнгийн зардлыг 70, барилгын салбарынхыг 50 гаруй хувиар тус тус бууруулсан байна. Гэвч бусад эх үүсвэрээс хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой тусгагдаагүй байгаа юм. “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын болон төслийн зээлээр санхүүжих төсөвт ажлуудыг огцом бууруулсан гол шалтгаан нь төсвийн гадуурхи бондын санхүүжилт хэвээр үргэлжлэхтэй холбоотой гэж үзэж байна” хэмээн Нээлттэй нийгэм форумын тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл төсвийн гадуурх Засгийн газрын үйл ажиллагаа улам идэвхжих хандлагатай байгаа аж. Үүнээс гадна үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын зарлагыг 35 хувиар буюу 108 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан байна. Үүний дотор хөрөнгө оруулалтын зарлагыг 36 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2009 оноос гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж ирсэн хууль 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гэх төсөв өссөн дүнтэй байхад жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнес ашиг орлого эсрэгээрээ байж мэдэх нь.