Ж.ЦОГЗОЛМАА
Ийм нэртэй нийтлэл Австралийн “Business focus” сэтгүүлд нийтлэгджээ. Учир нь Бирм уул уурхайн хуулиа өөрчилж, хөрөнгө оруулагчдад уян хатан бодлого барих болсон нь хөрөнгө оруулагчдаа алдаад байгаа Монголын хүчирхэг өрсөлдөгч болж буй хэрэг юм.
2011 онд Монголд ашигт малтмалын салбар тэсрэлт хийж, эдийн засгийн өсөлт түүхэнд анх удаа 17 хувьд хүрсэн юм. Гэвч дараа нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргаад хамаг хөрөнгө оруулагчаа алдсан юм.
Ингэснээр манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 50 хувиар буурсан юм. Үүний дүнд төгрөгийн ханш ам.долларын өмнө шалдаа бууж, анх удаа 1800-д шүргэсэн. Гадаадаас ирэх валютын урсгал нарийсаад ирэхээр Төвбанк хэчнээн ажиллаад хатуу валют “ногоон”-ыг номхруулахад хүндхэн байна.
Ийнхүү хуулиа хэд дахин өөрчлөөд, хөрөнгө оруулагчдаа хөөгөөд гаргасан Монгол Улсад энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.2 хувь болж буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаас авахуулаад Тавантолгойд байгуулсан “Чалко”-гийн гэрээ гацсан нь энэ уналтад нөлөөлсөн юм. Өнгөрсөн дөрвөн сард нүүрсний экспортын орлого өнгөрсөн оныхоос 71 хувиар буурчээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НААШЛАХ БОЛОВ УУ?
Гадаадын хөрөнгө оруулагчдад хаягласан Монголын шинэ хуулийн үр дүн ирэх оны хагасаас наашгүй хэмээн шинжээчид тааварлаж байгаа. Энэ зуур мөнгөний төлөөх дэлхийн өрсөлдөөн улам хүчээ авч, ашигт малтмалаар баялаг улс орнууд хууль эрх зүйн орчноо эргэн харж эхлээд байна. Тэдний хурдыг бид гүйцэх эсэхээс эдийн засгаа “хөлд оруулах” хугацаа шалтгаалж байгаа. Монголчууд уул уурхайгаас хэтэрхий хамааралтайн зовлонд гүн нэрвэгдээд байхад Монголын гол өрсөлдөгчид тооцогддог Бирм рүү хөрөнгө оруулалтын сангууд жолоо залах боллоо. Тэдний нэг нь “Оrigo partners”. Энэ сан “Trafigura” сантай хамтран “Trafigura-Origo MGL” компани байгуулж Монголд нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх бөгөөд цаашид боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан юм. ”Одоо Европын сэргээн босголтын банк, Хөгжлийн банкуудаас өөр хөрөнгө оруулагч бараг байхгүй болсон. Зөвхөн “Origo partners” гэхэд Монголд нэг хэсэгтээ ирэхгүй гэж байсан” хэмээн Олон улсын хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч Ч.Ачит-Эрдэнэ хэлжээ. Хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтын хоёр сан Монголд орж ирэх төлөвтэй байгааг эх сурвалж хэллээ.
БИРМ РҮҮ ТЭД ЯВЖ БАЙНА
“Мянмар таймс” “Уул уурхайн хуулийн шинэчлэлд Австрали гол анхаарлаа хандууллаа” гэсэн нийтлэл хэвлэгдсэн юм. Бирм улс эдийн засгаа олон морьтой болгохын тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийлгэх бодлогын шинэтгэл хийнэ хэмээн Засгийн газар нь амлаж байна. Тэд өнгөрсөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчдын өмчийг 100 хувь хүлээн зөвшөөрч ирсэн юм. Ингэснээрээ харийнхан тэнд активаа чөлөөтэй зарж борлуулахад “хязгаар” тулгараагүй билээ. Дотоодын худалдаа, эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас далдалж хамгаалсан “гивлүүр”-ийг хуулиар үгүй болгосон нь олон улс оронд эрх зүйн орчноо эргэн харахад хүргэсэн юм.
Энэтхэг Хятадын хойгийн энэ улсын хувьд эдийн засгийн ирээдүй нь уул уурхай. Энэ утгаараа Азийн нэгэн дээвэр дор байгаа манай хоёр улс адилхан юм. Алт, зэс, төмөр, хар тугалга болоод гянт болдын өлгий болсон Бирмийн Уул уурхайн сайд Минт Аунгийн эргэлзээгүй тодорхойлсон зүйл нь уул уурхайн хуулийн шинэтгэлийн шаардлага. Ашигт малтмалаа эдийн засгийн тулгын чулуу болгох, харийнхантай ашигтай хэлцэл хийхэд шинэ хууль түлхүүр нь юм. Хөрсөн дорх баялгийг тогтвортой хөгжлөөр солих олон арга зам бий. Тухайлбал, уул уурхайн компаниудад нөөцийн татвар болон бусад татварыг ногдуулснаар улсын орлого болон ашиг шимийг бүрдүүлэх боломжтой хэмээн Засгийн газар нь үзэж байна. Гэвч эндээс урган гарч буй нэг шүүмжлэл нь уурхай бүрт адил хэмжээний татвар, нөөцийн татвар оногдуулах уу гэсэн асуулт. Энэ хуулийн хүрээнд уурхайн ашгаас хувьцааг нь Засгийн газар эзэмших боломжийг бий болгох аж. Гэвч асар их хөрөнгө “юүлдэг” уул уурхайн төслүүдэд хөгжиж буй Бирмийн Засгийн газар хувь эзэмшлээ бий болгоход хөрөнгө гаргах боломжоор хомс билээ. Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй шийд гаргахын тулд бирмүүд хөрөнгө оруулалт тус бүрт ялгаатай татвар ногдуулах бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.
Ингэхээр Монголын хөрөнгө оруулагчид Бирм рүү урваж дараагийн Монголыг бүтээхэд ойрхон байна. Харин бид хуулийн өөрчлөлтөө сурталчлах өндөр өртөгтэй ажилтай сууж байна.