Г.ГАНЧИМЭГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас улсын хэмжээнд зохион байгуулж буй өрхийн амьжиргааны судалгаа нь иргэдэд ойлгомжгүй байна. “Танайх гэрт амьдардаг уу, байшинд амьдардаг уу”, Тэгээд “Зурагт, хөргөгчтэй юу”. “Машинтай юу”. Хөдөөд бол “малтай юу” гэж асуугаад л болох юм. Үүнийг иргэд “Дандаа хагас дутуу юм асуусан хүмүүс явж байдаг” хэмээн шүүмжилж байна.
Учир нь гэрт амьдарч байлаа ч тэр нь өөрийн өмч биш ах дүүгийнх нь байж болно. Гэтэл тэр айлыг гэрт амьдардаг гээд л бүртгэчихнэ. Эсвэл зурагт нь эвдэрчихсэн байхад зурагттай гэж үзээд бүртгэх жишээтэй. Мөн байшин, машинтай байлаа ч тэр нь лизинг, зээлийн барьцаанд байдаг. Эндээс харахад энэ судалгааны зорилго нь тодорхой биш. Уг нь иргэдийнхээ амьжиргааны төвшинг тодорхойлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх юм гэсэн Монгол Улсын Засгийн газар.
Гэтэл одоо хэрэглээнээс гарахдаа тулаад байгаа авдар шиг дөрвөлжин зурагтаа “Овоо сайн гардаг юм аа хө” гээд үзэж суугаа өвгөн хөгшин хоёр, лизингийнхээ төлбөрийг хийж дуусаагүй байтал дараагийн шинэ загвар нь гараад ирчихсэн LCD-ийг сэтгэл дундуурхан асаадаг залуу хос, сүүлийн үеийн загвартай LED-ийг өрөө болгондоо суурилуулчихсан бизнесмэн нар энэхүү бүртгэл дээр адилхан “зиндаа”-нд очих гээд байгаа юм. Автомашин ч ялгаагүй. Өрхийн амьжиргааны төвшингөөрөө л үнэ, чанар нь ялгарчихна. Ямартаа л шатахуун үнэд ороод энгийн иргэд урд хормойгоо хойдохоороо нөхөж ядан байхад баячуудын хүүхдүүд шатахуун их зарцуулдаг машинаар гангардаг моод дэлгэрч байхав дээ.
Тиймээс л энэхүү судалгааг ийм “халтуур”-ны хийж боломгүй гэдгийг иргэд хэлээд байгаа юм. Аливаа улсын хөгжлийг дундаж давхаргынхнаар тодорхойлдог жишиг бий. Хэрэв дундаж давхаргыг зургаар илэрхийлбэл, ээжийгээ үүрээд, эхнэр хүүхдээ хөтлөөд, хар хөлс нь цутгачихсан, гуч гарч яваа залуу хаашаа ч юм итгэл төгс тэмүүлж байгаа л дүр зураг бууна. Бүх ачааг нуруундаа үүрсэн ийм л хүмүүсээр нийгмийн дундаж давхарга төсөөлөгддөг. Үүнийг л тооны хэлээр гаргаж ирэхийг өрхийн амьжиргааны судалгаа гэж ойлгоно байх, олон хүн. Өөрөөр хэлбэл, өрхийн төсөв нь магадгүй алдагдалтай гарч болох ч айл гэр, улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачаанаас тэгнэлцэж яваа мянга мянган хүмүүсийн бодит амьдрал хэнд ч хамаагүй үлдсээр. Төр засаг, олон улсын байгууллагууд өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг ядуу бүлгийнхэнд тодорхой хэмжээний дэмжлэг тусламжийг үзүүлсээр ирсэн. Чинээлэг давхаргынхан том тоогоор өрсөлдөж, их ажил бүтээж л яваа байх. Харин үлдсэн дундаж давхаргынхан хэнд ч хамаагүй юм уу. Энэхүү судалгааг өмнө нь нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлбэл зохих ядуу, нэн ядуу өрхүүдийн тоог гаргаж ирэх зорилгоор хийж байсан юм билээ. Харин одоо өрхийн амьжиргааг тодорхойлно гэсэн үгэндээ хүрч үнэн зөв хийгээсэй.
Өрхийн амьжиргааны төвшингөө үнэн зөв тодорхойлчихвол Монголд дундаж давхаргад хэн багтах нь ойлгомжтой болно байх. Эсвэл ийм давхарга Монголд огт байхгүй байна уу гэдэг асуултад хариулт өгнө. НҮБ, Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар өдөрт 10-100 ам.долларын орлого, зарлагатай хүнийг дундаж давхаргад тооцно гэжээ. Энэ нь өдөрт дунджаар 17-172 мянган төгрөг олдог, бас үрдэг хүнийг хэлэх нь. Тэгвэл манай улсын нэг сарын цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг. Харин ажил хийж байгаа буюу ар гэрээ тэжээж яваа хүмүүс өдөр болгон 17-172 мянган төгрөгөөр “тансаглаж” чаддаг юм болов уу. Өөрөөр хэлбэл, тэд дундаж давхаргынхан мөн үү. Эсвэл энэ үзүүлэлтийг хангах дундаж иргэнгүй болохоороо айлуудын зурагт, хөргөгчийг загвар, марк, үнэ ханш, хуучин шинийг нь харгалзахгүйгээр өрхийн амьжиргааг тодорхойлох асуулга болгож, бүртгэсэн юм уу. Шинэчлэлийн Засгийн газар судалгааныхаа нэрийг л өөрчлөх биш зорилгыг нь шинэчлээсэй гэдэг хүсэлт байна шүү, ард түмний дунд.