Д.ОЮУНЧИМЭГ
Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн талаар Монголбанкны удирдлагууд өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцлаа.
-Манай улсын эдийн засагт тулгарч буй эрсдлийг хэрхэн шийдвэрлэж болно гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг асар хурдацтайгаар уул уурхайгаас хамааралтайгаар өсч байгаа. Сүүлийн жилүүдэд бусад салбарууд унасан харагдаж байна. Нийт экспортын 90 хувийг уул уурхай эзэлжээ. Гэтэл эрдэс баялгийн орлогоос төсөв бүрдэж байгаа нь зэс, нүүрсний ханш өндөр үед их орлоготой, бага байвал хоосон сууж байх болж байгаа юм. Импорт, экспорт 2009 оноос хойш 2-3 дахин өссөн. Аливаа зүйлийн багтаамж 2-3 жилийн дотор гурав дахин огцом өснө гэдэг аюултай. Ийм нөхцөлд сүүлийн хоёр жил явчихаад ирэх жилийн мөнгөний бодлогыг тодорхойлохоор сууж байгаа улс шүү дээ бид. Энэ хугацаанд валютын нийт урсгал дөрвөн тэрбум ам.долларт хүрдэггүй байсан. Гэтэл 13, 14 тэрбумд хүрснийг бид эхлэл гэж харж байна. Цаашид үүнээс ч томорно. Сард 300 сая ам.доллар байсан бол энэ жилийн хувьд нэг миллиард ам.доллар зах зээлд эргэлдэж байна. Энэ том зах зээлд Төвбанк 5, 10, 20 саяар оролцож байгаа нь өчүүхэн жижиг хэсэг нь. Сүүлийн нэг жилд эдийн засгийн өсөлт байгаа харин огцом биш. Эдийн засаг өсч буурах хэрээр төсвийн орлого, зарлага дагаад л савлаж байдаг. Уг нь зөрж байх ёстой юм. Тиймээс зөрүүлдэг байлгахын тулд “Төсвийн тогтвортой байдлын хууль” гаргасан нь ирэх оноос хэрэгжинэ. Бид замбараатай төсвийн бодлогын хүрээнд л мөнгөний бодлого хэрэгжих гээд байгаа учраас инфляцийг найман хувьд барьж чадна гэсэн юм. Өнгөрсөн оны сүүлээс валютын ханш нэлээд савласан. Үүний шалтгаан нь гадаад худалдаа, валютын урсгал суларсантай холбоотой. Евро бүсийн хямрал тийм ч амар дуусахгүй. Энэ нь Хятадын эдийн засагт нөлөөлсөөр байх болно. Тиймээс үүний эсрэг бид юу хийх вэ гэдэг нь сорилт болж байгаа юм. Монголын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа нь бид үүгээр амьсгалж байгаа хэрэг. XXI зууны уул уурхай ажлын байраар биш техник технологиор дулдуйддаг. Энэ нь ажлын байрыг нэмдэггүй. Монгол Улсын өрсөлдөх чадварыг бодит ханш тодорхойлдог. Удаан хугацаанд ханш чангарвал бодит өрсөлдөх чадвар сайжраагүй бол Хятадаас авдаг импорт нэмэгдэж байгаа хэрэг. Ингэснээр бид биш урд хөрш хөгжиж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжихгүй бол ажлын байр байхгүй. Ингэснээр дундаж давхарга орлоготой байж чадахгүй. Аливаа ханшийн өөрчлөлт бодит эдийн засгаас хамааралтай байдаг. Гэтэл манайх чангалах бодлого баримталдаг. Үүний сөрөг үр дагавар нь валютын нөөцөө шавхаад, өрөнд орно. Харин Эрээнд ажлын байр, үйлдвэрлэл нь хөгжих боломж бүрдэнэ. Уул уурхайд хөтлөгдсөн, ажлын байр бий болгодоггүй, халамжаар дулдуйдсан бодлогын эсрэг Монголбанкны зүгээс баримталж буй бодлого нь иргэдийн дундаж давхрага хүчтэй байх ёстой гэж үздэг. Тэгж чадвал эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой өсдөг. Дундаж давхаргынхан хадгаламжтай, мөнгөтэй байвал юуг тулгуурлаж хөгжих нь хамаагүй. Манай улсын дундаж давхарга моргейжээс ямар ч үр дүн амсаагүй. Гадаад орнуудын моргейжийн зээл нь ДНБ-ий 50 хувьд нь хүрдэг бол манайд дөнгөж зургаахан хувьтай байна. Бидэнд энэ зээлээр дундаж давхаргаа орон сууцжуулах хязгааргүй боломж бий. Гэтэл 715 мянган өрх 2,5 сая төгрөгийн хадгаламжтай байна. Үүгээр хүүхдээ сургуульд сургаж, орон сууцтай болох уу. Энэ нь дөнгөж 10 орчим сая төгрөгийн машин авахад хүрэлцэнэ. Дундаж давхарга 20 жилийн туршид яагаад ийм сул байна гэхээр инфляц маш их нөлөөлж байгаа юм. Инфяц 15 хувьтай байна гэхэд болоод байгаа юм шигээр ойлгодог. Гэтэл хүнсний үнэ 60 хувь өсөхөд нэг жилийн дотор нэн ядуу иргэдэд 80 хувийн үнийн ачаалал очдог. Харин өндөр орлоготойд нь ганцхан хувиар нөлөөлдөг. Дундаж давхарга сул, олон жил өндөр инфляцтай байгаа нь эрсдлийг бий болгож байна. Тиймээс төрийн мөнгөний бодлогын зорилго өндөр орлоготой, ажлын байртай хүчтэй дундаж давхаргатай болох ёстой. Тэгэхээр эдийн засгийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй.
-Монголбанк, Засгийн газар хамтарч ажиллаж чаддаггүй гэж ярьдаг. Та өөрийн зорилгын төлөө Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ. Бидний хийсэн бодлогын эсрэг байх вий гэсэн болгоомжлол байна уу?
-Болгоомжлол дандаа байдаг. Нийт эдийн засгийн 50 хувь нь улсын төсөв. Жишээлбэл, 70 мянган төгрөг тараах шийдвэр гаргахад махны үнэ тэр даруй хоёр дахин өсдөг. Сүүлийн арваад хоног олон удаагийн уулзалтаар хоорондоо ойлгоцсон гэж бодож байна. Тийм ч учраас мөнгөний бодлого дотроо нийгэм рүү чиглэсэн хэсэгт Засгийн газартай тулж, хамтарч ажиллах болно. Энэ хөтөлбөрүүдийн тооцоо судалгаа хийх, мөнгө гаргах нь биднийх, харин хэрэгжүүлэх нь Засгийн газрын ажил байдаг. Замын-Үүдэд ачаа хүлээгдэж байгааг зохицуулах нь тэднийх. Мөнгөний бодлогод Засгийн газрын үүрэг маш чухал. Энэ төвшинд бид ойлголцож явна. Харин хоёр бие рүүгээ чулуу шидэлцээд суугаад байж болохгүй.
-Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмэхээс өөрийг хийдэггүй гэдэг. Зах зээлд мөнгийг гурван цоргоор нийлүүлж байгаа энэ тохиолдолд танайхаас авч байгаа арга нэмэр болохгүй байгааг цаашид хэрхэн зохицуулах вэ?
-Эдийн засагт нийлүүлж буй мөнгийг бид зохицуулж чадаж байна. Нийт эдийн засагт ороод ирснийг нь хүүг нь өсгөж байгаад татаж авч болно. Гэтэл бидний зохицуулж чадахгүй зүйл ч бий. Эдийн засагт инфляцийг бүтцээр нь урт хугацаанд авч үзвэл бидний зохицуулж чадахгүй зүйлүүд давамгайлж ирдэг. Нэг жил хагасын өмнө нөөцөө нэг миллиард ам.доллараар нэмж байхад Монголбанкны үнэт цаасны хэмжээ 1.3 триллион төгрөгт хүрч байлаа. Харин өнөөдрийн байдлаар 370 болж байгаа нь нэг триллион төгрөгөөр багассан байна. Нэг ёсондоо Төвбанкны үнэт цаасаар зохицуулж эдийн засгаас мөнгө татдаг хэсэг нь багасч байгаа юм. Гэтэл эдийн засагт өндөр инфляцийг бууруулдаг төсөв, мөнгөний бодлого орж ирэх ёстой. Энэ хоёр уг нь зэрэг явах ёстой юм. Эрэлт, нийлүүлэлтийг зэрэгцүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Үүний тулд л бид хүчээ дайчлан ажиллаж байна. Тиймээс л бид зээлийн хүүг нэг оронтой тоонд барих, инфляцийг найман хувьтай байлгах боломжтой гэдэг тоог гаргасан юм.
-Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тухайн улсын эдийн засгийг тодорхойлдог. Манай улсын хувьд бодитоор тодорхойлж чадаж байна уу?
-15 миллиард ам.доллар эдийн засагт эргэлдэж байхад 500 сая ам.долларын валютын дуудлага худалдаа хийж байна. Энэ нь том тогоонд балга ус хийсэнтэй адил. Магадгүй биднийг юу хийдэг юм бэ гэх биз. Бид огцом хөдөлгөөнөөс л сэргийлж, өсч, буурахад нь зохицуулалт хийж байгаа юм. Яагаад огцом хөдөлгөөнөөс сэргийлж байна гэхээр энэ үед бүх зүйл нам зогсдог.
-Инфляц найман хувьд хүрэхээр зээлийн хүү хэд болох вэ?
-Зээл дотроо олон янз. Дундаж зээлийн хүү гарна. Зөвхөн инфляциас хамаардаггүй. Эрсдэл, зардал гээд олон зүйл нөлөөлдөг. Бид инфляцийг бууруулахаас илүү зээлийн хүүг бууруулах тухай болон барьцаа хөрөнгийг хөрвөх чадварыг сайжруулах талаар ярилцаж байгаа. Хууль эрх зүйн орчинг сайжруулж чадвал бүх зүйл замбараатай, сахилга баттай болно. Үүний үр дүнд барьцаа хөрөнгийг 50 хувьд биш 70-80 хувь хүртэл үнэлэх боломж бүрдэнэ.
-Дундаж давхаргын орлогыг нэмнэ гээд байна л даа. Энэ нь инфляц буурахад нөлөөлөх үү?
-Тэр чинь өөрөө инфляцийг бууруулах амин сүнс. Дундаж давхрагын орлогын тодорхой хэсэг нь хуримтлалд шилжих ёстой. ингэж байж л тэд чадавхжина. Дундаж давхаргынхан нь чадалтай байж эдийн засаг тогтвортой байна. Тухайлбал ямар нэг хямралд тийм ч амар сөхрөөд унахгүй. Тэд хадгаламжаасаа аваад тэр цаг үеийг давах чадалтай байгаа учраас. Тиймээс л энэ нь урт хугацааны инфляциас хамгаалдаг суурь болж байгаа юм.
-Инфляцид нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь төсөв. Тэгэхээр одоогийн өргөн барьж байгаа төсвийг та хэрхэн харж байна вэ?
-Төсвийн хувьд уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засагтай. Хэрэв нүүрс 100 мянган төгрөгтэй байвал нэг янз. Таван мянга бол бас нэг янзын төсөв гарна. Ийм төсөв хийхэд асар өндөр хэлбэлзэлтэй байна. Ийм байхад Сангийн сайдын ажлыг хийж байгаа хүн худалч байхаас ч аргагүй. Зөв төсөв хийхийн тулд зах зээл яаж эргэхийг шууд таадаг байх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр төсвийн тоон дээр хэлбэлзэл гарна. Харин тухай бүр нь ажлаа зохицуулах хэрэгтэй юм. Түүнээс Сангийн сайдаас яг тийм тоо тавьсан байгаа энэ нь хаана байна гээд байвал тэр хүн яаж ажлаа хийх вэ. Гол нь юу нөлөөлөөд, юунаас хамаарч байна гэдгийг мэдэж ойлгох хэрэгтэй.
-900 тэрбум төгрөгийн халамжтай байсан нь инфляцид нөлөөлсөн гэж та хэлсэн. Тэгвэл одоо хүүхэд бүрт өгөх гэж байгаа 20 мянган төгрөгийг төсөвт суулгачихаад инфляцийг найман хувьд барьж чадах уу?
-Хавтгайрсан халамжийн мөнгө лангуу руу гарах чадвар хурдан. Харин зорилтот бүлэгт чиглэж байгаа нь өөр хэрэг. Энэ удаагийн халамжийн мөнгийг хүүхдэд гэж хаяглаж байгаа. Зах зээлд төгрөг хомсдож эхэлсэн байгаа энэ үед Засгаас барьж байгаа энэ бодлого цаг үеэ олсон гэж үзэж байна. Сард 20 гаруй тэрбум төгрөг гарна. Тиймээс инфляцид тэгтлээ нөлөөлөхгүй.