Г.ГАНЧИМЭГ
МҮХАҮТ-ын урилгаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ барилга, зам, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнесмэнүүдтэй уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, танхимын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа болон барилгын салбарын 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Барилгын хуулийн шинэчилсэн найруулгаар барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлсэн төдийгүй нийгмийн даатгалын байгууллагын үүрэг оролцоо нэмэгдсэн нь шинэлэг болсон. Мөн төр аж ахуйн нэгжүүдийн хийх боломжтой зарим нэг ажлыг өөр дээрээ үүрэхгүйгээр тусгай зөвшөөрлийн асуудлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлээд байна. Хууль хэрэгжих явцад бизнес эрхлэгч та бүхэн саналаа хэлж, засч сайжруулаад явах бүрэн боломжтой” гэв.
Уулзалтад оролцогчид барилгын салбарт нэн тэргүүнд тулгамдаад байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгө, цалин хөлс, хүний нөөц, сургалт хөгжил зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлж, харилцан мэдээлэл солилцон сонирхсон асуултдаа салбарын сайдаасаа хариулт авсан. Энэ удаагийн уулзалт ингээд өндөрлөсөнгүй. Хэлэлцэж ойлголцох асуудал олон байгаа учраас ирэх долоо хоногт дахин уулзахаар товлов. Ингэхдээ бүх банкны төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, барилгын салбарын бизнес эрхлэгчдийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин