30-аас илүү хувийг хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна.
Х.ХУЛАН
Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуай, “Өмнөговийг Хятадын / Монголын биш шүү/ эдийн засгийн хавсарга болчихлоо” гэж хэлсэн удаатай. Ерөөс Монголын говь тэр чигээрээ хятадын “авдар” болчихсон юм биш үү. “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэдэг хэлц үг ч гэсэн Монголынх биш, тэднийх /Хятадынх/ юм шиг ээ.
Хятадын уул уурхайн компаниуд “Танай бүдүүн дарга нар зөвшөөрсөн. Худлаа гэвэл үүнийг хар” хэмээн лиценз сарвайж, баялгийг минь хашаалчихаад, “Энд бидний зөвшөөрлөөс гадуур хэн ч нэвтрэх эрхгүй” гэсэн бичигдээгүй хуулийг Монголд нэвтрүүлээд удаж байна.
Манайхан ч гэж уужуу улс юм даа. Барагтай бол тэр “хуулийг нь” зөрчих гэж хэл ам үүсгэхгүй. “Ухаад л байх юм, аваад л байх, ачаад явчих юм даа” гэж араас нь санааширсаар үлдэх.
Гавьяат эдийн засагчийн хэлсэнчлэн, өдгөө Хятадын эдийн засгийн хавсарга болоод байгаа Өмнийн говь маань Дундговиор хүрээгээ тэлж байна. Яагаад гэхээр энэ аймагт өдгөө 210 гаруй хайгуулын болон ашиглалтын лиценз байгаагийн 30-аас илүү хувийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байна. Хөрөнгө оруулалтаа дагаад эдлэх ёстой эрх ямба нь ч 100 хувь гээд тэд ойлгочихсон, нутгийн удирдлагаас эхлээд ард иргэдийг нь үүндээ итгүүлчихсэн бололтой. Хятад шаахайн мөр, хятад хүнд механизмын хоёр Монголын зам шороонд гарч эхэлсэн он жилүүдэд бидний гайхамшиг гэсэн бүхэн хоромхон зуур, нүдэн дээр минь гамшиг болон хувирдаг нь нууц биш юм.
Ганцхан жишээ өгүүлье. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутагт төмрийн ордод ашиглалт явуулах зөвшөөрөл авсан хятадын “Шанжин орд” компанийн мэдэлд нутгийнхны тахилгатай Хараат уултай нийлээд 32 га талбай шилжээд бараг гурван жилийн нүүр үзэж байна. Хятадын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Хараатын төмрийн уурхайд өдгөө 400 хол давсан хятад ажилчин байгааг тэнд ажиллаж байгаа нутгийн иргэд батлан хэлж байна. Гэсэн ч гадаад ажилтны тоо хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төлөх ёстой торгууль аль ч дансанд ороогүй байгаа нь хачирхалтай.
Манай сурвалжлах баг өнгөрсөн долоо хоногт Хараатын төмөртийн уурхайд очихдоо энд бүхэл бүтэн суурин бий болж байгааг нүдээрээ харсан юм. Уурхайн захиргаа, ажилчдын байр, төмөр баяжуулж, цэвэрлэх үйлдвэрийн барилга байшин нийлээд Оюу толгойн уурхайн camp-аас ч хамаагүй том талбайг хамарсан хашаа. Харин дотор нь юу болж байгааг мэдэх боломж нутгийн иргэд байтугай сумын Засаг даргад ч байхгүй. тагнуул, мэргэжлийн хяналтынхныг шалгалтаар ирэх сургаар өнөөх олон хятад ажилтнаа уул, жалганд нууж молиго үмхүүлээд буцаана.
“Шанжин орд”-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа орон нутгийн болоод улсын төсөвт нэг төгрөг ч орохгүй. Ингээд л нутгийн иргэдийн хэдэн үеэрээ хэрэглэж болох гүний цэвэр усаар газраас ухаж гаргасан хүдрээ угааж цэвэрлээд улсын хилээр давуулах бэлтгэлээ базааж “Шанжин орд”-ынхон үйлдвэрээ барьж байна. Сумын Засаг дарга В.Нямсүрэнтэй байгуулсан Ус ашиглах гэрээнд ямар хэмжээний ус ашиглахыг “гурван цэг” тавиад орхичихсон байх юм. Биднийг тэнд очиход “Шанжин орд”-ынхон хашаан дотор усны хоёр цооног ашиглаж байв. Сумын байгаль орчны байцаагчаас энэ худаг зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад, “Саяхан мэргэжлийн хяналтынхан ирээд акталчихаад явсан худаг шүү дээ. Хэдийдээ нээчихдэг байна аа” гээд сууж байв.
Бэлчээр нутгаа сүйтгүүлж байгаа малчид энэ бүхнийг нэн даруй зогсоолгохоор өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Сү. Батболд, амйгийн Засаг даргаас хандаагүй албан тушаалтан байхгүй. Хэн нь ч нохой хуцаж байна чинээ тоосонгүй.
Говь-Угтаал сумын зэргэлдээх Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж буй /мөн л хятадын хөрөнгө оруулалттай/ полиметаллын үйлдвэрийн хаягдал ус болон, тэндхийн хятад ажилчдын хувцас, хирээ угаадаг ус “гол” болж урсчээ. Тэр усыг нь мал уугаад байдаг учир “Дундговь газар шороо” хөдөлгөөнөөс энэ талаар олон удаа асуудал тавьсаар ирсэн ч нутгаас нь сонгогдсон төрийн түшээдэд үүнд нь анхаарал хандуулах сэтгэл байсангүй өдий хүрч байна.
Хараат уулыг бараадаж амьдардаг малчин өрхүүд өдгөө бэлчээр нь аалзны тор шиг хэрсэн замаар солигдож, агаар нь газар тэнгэр нийлсэн шороо болж хувирснаас болоод “Нүүх үү, үлдэх үү”- дээ тулчихаад байна. Олон малчин аль хэдийнэ нүүчихсэн. Үлдэж хоцрох хүсэлтэй ч, хүчин мөхөсдөж байгаа нь ч олон байна. Биднийг Хараат ууланд очиход тосч авсан, Говь-Угтаал сумын малчин, өндөр настнууд болон “Дундговь газар шороо” хөдөлгөөнийхөн ингэж ярьж байна.
“Дундговь газар шороо”хөдөлгөөний тэргүүн И.Оюун-Эрдэнэ:
-”Шанжин орд” компанийн захиргааны байр руу орох эрх нутгийн ардад ч байхгүй байгаа та бүхэн нүдээрээ харлаа. Монгол хүн Монгол нутагтаа эзэн байх эрхгүй байгаагаас ялгаа юу байна. Яагаад өнөөг хүртэл бидний тэмцэл төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэхээр анхнаасаа л шийдвэр гаргах төвшнийхөн энд хутгалдчихсан юм. Энэ компанид зөвшөөрөл гэх зүйл үндсэндээ байхгүй гэж ойлгож болно. Яагаад гэхээр бүх зөвшөөрлөө хуйвалдаж хийсэн. Хамгийн ноцтой нь, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд нутгийн иргэдийн биш, манай суманд огт байдаггүй хүмүүсийн саналыг тусгаж гарын үсэг зураад, тэрийг нь сумын Засаг дарга В.Нямсүрэн мэдсээр байж баталчихсан. Говь-Угтаал сумын Хонгор багийн иргэд үнэндээ цөхөрч байна. Төр, засаг одоо биднийг харах хэрэгтэй байна. Мэргэжлийн хяналтын дарга юу хийгээд байгаа юм бэ, бид монголоо дотроосоо ухуулаад дуусах юм уу. Хараатын уурхайн ордыг хятад компани 100 хувь эзэмшиж байна. Шинэ Засгийн газрын тэргүүнд хандаж энд цөхөрсөн ард иргэдтэйгээ уулзаж, байдлыг нүдээрээ хараач гэж хэлмээр байна. Энд зөвшөөрөлгүй ажиллаж байгаа олон хятад ажилчин байна. Монгол ажилчдыг нэг үг хэлэнгүүт нь дарамталж, ажлаас нь халаад хөөчихдөг. Монгол тогооч 300 мянган төгрөгөөр жорлон угааж байна. Энд хэн хариуцлага хүлээж, хэн хяналт тавих юм. Мэргэжлийн хяналтынхан энд ирээд хяналтаа тогтоогооч. Ирэхээрээ, “Та нар хөрс хуулж болохгүй” гэж акт тавьсан болоод явдаг. Та бүхэн харж байгаа биз дээ, акт тавиад явсных нь дараа л эргээд хуулж байна шүү дээ. Монгол нутагт байгаа хятад компанид хэн хариуцлага тооцох юм бэ. Үүнтэй хэн тэмцэх юм бэ. Нөгөө эх орончид маань хаана байна. Энд ирж ард бидэнтэй нийлээч гэж хэлмээр байна.
-Газрын зөвшөөрөл авахгүйгээр өндөр хүчдэл татаж, томоохон обьектууд барьсан гэж байна. Та энэ талаар баттай мэдэж байна уу?
-Миний л мэдэж байгаагаар, зөвхөн газрын зөвшөөрөл ч биш, Хараатын уурхайд л гэхэд бараг 20 гаруй хууль тогтоомж зөрччихсөн байгаа. ИТХ-аас зөвшөөрөл авалгүй барилга байшин барьсан гээд яриад байвал зөвшөөрөлтэй юм энд ховор.
-Уурхайн олборлолт бэлчээр ус, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Энэ хавь усгүй болох нь. Хүмүүс нь нүүж, дүрвэж байна. Чойроос ирж байгаа хүнд даацын машинууд хүссэн газраараа зам гаргадаг. Одоо бүр дээрэлхээд хороо, гэр хоёрынх нь дундуур том машины зам гаргачихсан байгаа юм. Ийм том зам, ийм их тоосжилт байгаа учраас малчид нутаг ус сайтай, бэлчээр сайтай газар руугаа нүүж байна шүү дээ.
Говь-Угтаал сумын Хонгор багийн өндөр настан Н.Чимэддорж:
-Хараат уулыг дээр үед Эрдэнийн уул гэдэг байсан юм гэнэ лээ. Бас л хятадууд ухаад байсан учраас юм авч байсан юм байгаа биз дээ. Эрдэнийг нь аваад байхаар нэрийг нь солиод, Хараатын уул нэртэй болгож, Жамсран сахиусаар уулаа тахьсан юм гэнэ лээ. Түүнээс хойш нутгийн ард түмэн жил бүр энэ уулыг тахиж ирсэн. Одоо тэгээд уурхай ухаж дуусаад нөхөн сэргээлт хийнэ гэж байгаа. Ёроол нь дээрээ гарчихсан байгаль дахиад нөхөн сэргэнэ гэж байдаггүй юм. Уг нь өнгөн хөрсийг нь тэр чигээр нь хадгалж байгаад тэндээ нутгийн ургамлыг суулгаж чадах юм бол хуучин төрхөндөө ойртдог. Гэсэн ч нутгийн дэрс дахиж ургана гэж бодохгүй байна. Эдний ярьж байгаагаар өнгөн хөрсийг ч ашиглахгүй юм шиг байгаа юм. Ухсан нүхэндээ үйлдвэрийн хаягдал усаа хийгээд загас үржүүлгийн талбай болгоно гээд байгаа.
Говь-Угтаал сумын Хонгор багийн иргэн С.Цэнд-Аюуш:
-Зөвхөн Хараатын уурхайгаа гадна ойр хавьд байгаа бусад уурхайгаас болоод хаа сайгүй аалзны тор шиг зам бий болчихоод байна.
-Хууль зөрчсөн маш олон үйлдэл байхад өдий хүртэл энэ уурхайн үйл ажиллагааг зогсоож хүчирдэггүйн шалтгаан юунд байна гэж та боддог вэ?
-Ард нь Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж байдаг гэж манай нутгийнхан ярих юм билээ. Нэг удаа түүнийг нисдэг тэргээр ирээд газар буухгүй байсаар явсан тухай Ганбаа гэдэг залуу ярьдаг юм.
-Нутгийн иргэд, газар нутагт гарч байгаа хүндрэлүүд юу байна?
-Энэ жил гэхэд манайд ханиахгүй хурга гэж байхгүй байна шүү дээ. Тэгээд байшин барилгаа барьж дуусчихаад өнгөн хөрсөө хуулна гэсэн чинь өнгөрсөн жилээс эхлээд л хууллаа. Одоо тэгээд аймгийн мэргэжлийн хяналтынхан нэг ирж зогсоогоод л гурав, дөрөв хоноод ахиад л ухчихдаг. УМХЕГ-аас бас энэ зун ирээд нэг зогсоосон, 20-иод хоног л зогссон доо. Тэгээд л ухчихсан. Салхитай өдөр салхин доогуур нь явахын янзгүй юм билээ. Шороо нь хийсээд газар, тэнгэр хоёр нийлчихсэн байдаг.
-Сумын чинь Засаг дарга энэ талаар юу хэлэх юм?
-Нэмэргүй л гэх юм байн лээ шүү дээ. Одоо эхэлчихсэн, ухдагаараа ухахаас биш үүнийг зогсоох арга байхгүй гэх юм билээ.
-Цаашид та бүхэн яая гэж бодож байна. Ухвал ухаг гээд хаях уу?
-Ухуулахгүй юм сан л гээд үзээд байгаа шүү дээ. Мал бэлчээх ч газаргүй боллоо. Та нар харж байгаа биз дээ.