Д.МОЛОМЖАМЦ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Гавьяат эдийн засагч
Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих талаар 1990-ээд оны эхнээс хойшхи өнгөрсөн 20 гаруй жилд манайд зах зээлийн харилцаа төлөвшиж, эдийн засаг, санхүүгийн гол гол үзүүлэлтүүд нэлээд тогтворжиж, дундаж цалин хийгээд бодит орлого өсч, өмчийн олон хэлбэрт суурилсан цалин хөлсний систем бий боллоо. Манай эдийн засгийн өсөлтийн 60 гаруй хувийг хувийн өмч дээр суурилсан аж ахуйн нэгж хангаж байна. Цаашид ч хувийн секторын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэнэ. Улсын төсөв бүрдүүлэх, зарцуулах хуучин тогтолцоог хальж, төсөв, татвар, гаалийн шинэ тогтолцоо бий боллоо. Банкны хоёр шатлал бүхий хөгжиж, төрийн өмч дээр суурилсан улсын даатгалын системийг өөрчилж, хөрөнгийн бирж байгуулагдан төрийн өмчийн үйлдвэрийн газрыг хувьчилж, хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн үндсийг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авсны үр дунд санхүүгийн зах зээл хөгжих эхлэл тавигдсан билээ.
Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр амьдралаас урган гарч ирж байгаа асуудлыг практик төдийгүй онолын талаас нь сайн судалж, зөв шийдвэрлэх шаардлага тавигдаж байна. Нөгөө талаар дэлхийн засаг даяарших үйл явц гүнзгийрэх тусам манай улсын үндэсний эдийн засаг, дотоод зах зээлийг нэг талаас хамгаалах, нөгөө талаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд өөрийн гэсэн орон зайгаа олж аван дэлхийн улсуудтай харилцан ашигтайгаар хамтран ажиллах арга замыг ч зөв сонгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэлбэрийг боловсронгуй болгох шаардлагатай болж байна. Олон улсын тавцан дээр улсынхаа нэр хүндийг дээшлүүлэхийн тулд зээлийн рейтингээ дээшлүүлэх олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг стандарт, үзүүлэлтүүдэд хүрэхийн төлөө эрчимтэй ажиллах нь чухал болж байна.
Манай нийгмийн өмнө тулгараад байгаа эдгээр болон бусад асуудлуудыг ул үндэстэй, зөв шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, эрдэмтдийн санал бодол чухал үүрэгтэй билээ. Манай шинжлэх академийн ихэнх хүрээлэн, институтууд ямар нэгэн хэмжээгээр зах зээлийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг баримтлан зах зээлийн нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжихийн төлөө чармайж, судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжилүүлэн явуулж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч шинжлэх ухааны нэг гол салбар болох эдийн засгийн чиглэлээр манайд судалгаа, шинжилгээний дорвитой ажил хийгдэж чадахгүй байна. Би энд эдийн засаг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг товч хөндөх гэсэн юм. Социализмын үед манай ШУА-ын дэргэд Эдийн засгийн хурээлэн ажиллаж тухайн үеийн нийгмийн тогтолцооны хэрэгцээ, шаардлагын дагуу эрдэм шинжилгээний ажлууд хийж байсан. Мөн зарим яам, тусгай газрын дэргэд хүртэл эрдэм шинжилгээний институт ажиллаж, эдийн засгийн тодорхой асуудлаар судалгааны ажил хийж байсан түүхтэй.
Шинжлэх ухааны нэг гол салбар болох эдийн засгийн чиглэлээр манайд судалгаа, шинжилгээний дорвитой ажил хийгдэж чадахгүй байна.
Харин 1990-ээд оны эхээр Эдийн засгийн хүрээлэнг татан буулгаж, МУИС-ийн сургуулийн Эдийн засгийн сургуульд үүргийг нь шилжүүлсэн байдаг юм. Энэ шийдвэрийг гаргахдаа их, дээд сургуулиудыг түшиглүүлэн эрдэм шинжилгээний ажлыг явуулах чиглэлээр манай шинжлэх ухааны байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөж байсан гэж би хувьдаа бодож, энэ санааг дэмжиж байсан юм. Гэвч манай шинжлэх ухааны байгууллагын сүүлийн 20 гаруй жилийн хөгжлийн явцаас харахад бүтцийн өөрчлөлтийн энэ замыг сонгоогүй болох нь тодорхой байна. Иймээс шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох зорилтын дагуу шинээр байгуулж, улсын хэмжээнд судалгаа, шинжилгээний ажлыг явуулах үүрэг бүхий эдийн засаг судлалын хүрээлэнг шинээр зохион байгуулж ажиллуулах нь зүйтэй санагдана.
Академич Т.Намжим, П.Лувсандорж, Б.Энхтүвшин, Т.Дорж, С.Нямзагд гээд манай нэртэй эдийн засагч, эрдэмтдийн мэдлэг боловсролыг ашиглаад залуу эрдэмтэн, эдийн засагчдын мэдлэг боловсролд тулгуурлаад эдийн засаг судлалын ажлыг зохион байгуулалтад оруулах нь чухал байна. Төрийн шинжлэх ухааны бодлого боловсруулах үүрэгтэй Боловсрол, шинжлэх ухааны яам юм уу манай ШУА-ын тэргүүлэгчдийн газар санаачлагыг гартай авч ажиллах юм биш үү. Төр, засгийн газрын зүгээс ч эдийн засаг судлалыг сэргээн хөгжүүлэхэд зориуд анхаарч, дэмжлэг үзүүлмээр байна. Манай ШУА-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хоёулаа эдийн засгийн эрдэмтэн шүү дээ. Эдийн засаг судлалыг хөгжүүлэх асуудлыг тэд анхаарах учиртай.
Сүүлийн жилүүдэд гадаад орнууд болон дотоодод манай олон залуу эрдэмтэн эрдмийн зэрэг хамгаалж, бүтээл туурвиж, асуудалд олон ургальч үзлээр хандан чөлөөтэй сэтгэн өөрсдийн санал бодлыг дэвшүүлж байна. Тэдгээрийн оюуны потенциал, мэдлэгийг улс орны хөгжлийн шаардлагын дагуу ашиглах ажлыг зохион байгуулалтад оруулмаар байна. Нөгөө талаар нийгмийн эдийн засгийн сэтгэлгээг хөгжүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, тухайлбал эдийн засаг судлалын хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэх естой.
Манай улсын эдийн засаг түргэн хурдацтай өсч, зах зээлийн харилцаанд шилжих үйл явц гүнзгийрэхийн хэрээр практикиийн төдийгүй онол, арга зүйн талаас судалж, шийдвэрлэх ёстой олон асуудал гарч байна. Эрдэс баялгийн нөөцөө түүхийгээр нь гадагш гаргахад тулгуурласан Монгол Улсын хөгжлийн өнөөгийн загвар хэр үр өгөөжтэй вэ гэдэг асуудлаас авахуулаад эдийн засгийн өсөлтийн оновчтой загварыг бий болгох, улсын төсвийн төсөвлөлтийг сайжруулах, хөдөлмөр цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох, ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, улс орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох замаар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төрийн мөнгөний бодлогын боловсронгуй болгох, валютын ханшийн бодлогыг оновчтой болгох, нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, санхүүгийн болон үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиглэлийг зөв тогтоох, санхүүгийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа үүсмэл хэрэгслүүдийн үр дүнг тооцох, хяналтын системийг бий болгох, манай эдийн засгийг хямралаас хэрхэн хамгаалах гээд олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах шаардлагатай байна. Манай улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн өнөөгийн шаардлагаас урган гарч байгаа эдгээр болон бусад олон асуудлыг онолын хийгээд практик талаас нь судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгөх, дүгнэлт гаргах нэг гол талбар нь эдийн засгийн хүрээлэн мөн.