Г.ЧИМЭГ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын намрын чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж буй Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийнхөө талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-Хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5-5 хувиар тогтоож байгаа. Ямар ялгаатай юм бэ?
-Алт бол бусад эрдэнэсээс арай өөр юм. 2005 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байхад албан ёсны статистик мэдээллээр түүхэндээ хамгийн их хэмжээний алт олборлож байлаа. Тэр нь 24 тонн алт. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш алтны олборлолт жил дараалан буурч 2012 онд зургаан тонн болж, дөрөв дахин буурсан байгаа юм. Алтны зах зээлийн үнэ өсөөд байж байтал манай улсад алтны олборлолт буурсан гол шалтгаан нь 68 хувийн татвар. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын хоёр тогтоол гарсан байдаг. Хамгийн их нөлөөтэй нь 2012 оны зургадугаар сарын 5-нд буюу сонгуулийн үеэр 194 дүгээр тогтоол гарсан. Ингэснээр энэ хуульд хамрах талбай нэмэгдэж 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байдаг. 2011 оноос ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр авахаар болсон. Энэ нь ашгаас тооцвол 30 орчим хувь болох юм. Энэ татвараас зайлсхийх, банкинд алтаа барьцаалж орхих зэрэг сөрөг үзэгдлүүд бий болсон. Эндээс бид зохистой дүгнэлт хийх шаардлагатай байгаа. Алтны татвар өндөр байгаа тохиолдолд далд наймаа газар авах онцлогтой гэдэг нь ойлгогдож байна. Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх тухай хуулийг батлуулахтай холбоотойгоор алтны нөөц ашигласны төлбөрийг Монголбанкинд алтаа тушаавал 2.5 хувиар тооцох, үгүй бол таван хувиар тооцох, хэрэгжих хугацааг таван жил байхаар хуульд заасан байгаа.
-Энэ татварыг “Оюутолгой” компани манай улсад төлөх болов уу?
-Энэ хууль ямар нэг компанид зориулагдаагүй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Энэхүү төслөөрөө хууль батлагдвал “Оюутолгой” ч бусад компанитай адил алтаа Монголбанкинд биет болон биет бус хэлбэрээр худалдвал 2.5 хувийн роялтиг хууль хэрэгжих таван жилийн хугацаанд төлнө. Монголбанкинд алтаа худалдахгүй бол таван хувиар татвараа төлөөд явах болно. Гэтэл өнөөдөр манай улсад алттай, түүнийгээ олборлодог мөртлөө тодорхой хэмжээг нь алга болгочихдог нөхцөл байдал бүрдсэн байгаа. Бид хөгжилтэй орнуудын алтны нөөцийн судалгааг хийж үзлээ. АНУ 8.1 мянган тонн буюу 15.8 ам.доллар, Герман 2.4 мянган тонн буюу 3.4 тэрбум ам.доллартай байна.
-Алтаа банкинд биет бус хэлбэрээр тушаана гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүнийг тайлбарлаач?
-Хөрөнгийн биржүүдийн индексийг харж байхад англиар “Futures” гэж гардаг. Энэ нь зэсийн баяжмалтай цуг нэгэнт орж ирэх алтыг ашиглан түрүүлээд худалдан авах боломжийг бүрдүүлсэн хэлэлцээр юм. Үүнийг тооцоолсон гэдгийг хэлмээр байна. Энэ хууль хэрэгжих таван жилийн хугацаанд бүх компаниуд таван хувийн роялти төлөөд явах юм. Гадаад улсуудын алтны нөөц ашигласны төлбөр буюу роялтиг бас судалж үзлээ. Хэтэрхий өндөр татвартай байвал далд наймаа газар авдаг. Гэхдээ зохистой тоо гэж бас байна. Тухайлбал, манай ашигт малтмалыг худалдан авагч гол түнш БНХАУ хоёр хувь, мөн Бразил хоёр хувь, Энэтхэг 2.5 хувь, Индонезид дөрвөн хувьтай байна.
-Хуулийг таван жил хэрэгжүүлэхээр хугацаа заасан шалтгаан нь ямар учиртай юм бол?
-Энэ хугацаанд зэс хайлуулах үйлдвэрээ барьчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хуулийн төсөл батлагдсаны дараа агуулгын хувьд олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог Монголбанкны бүрэн эрхэт хамааруулснаар улс орны хэмжээнд нэгдсэн хяналт тогтоно. Ингэснээр алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, олборлолт нь нэмэгдэж, алтыг төгрөгөөр худалдан авах болно. Үүнд л хамгийн гол онцлог нь байгаа юм. Мөн валютын нөөц бүрдэж, ханш тогтворжиж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ нь манайх шиг импорт ихтэй оронд эргээд иргэдийн амжиргаа тогтвортой өсөх эдийн засгийн бодит боломжийг бүрдүүлэх юм. Ийм л зорилгоор энэ хуулийг санаачилсан. Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт орох орлого жилд 40-50 сая ам.доллар болж буурах боловч банкин дахь алт, валютын нөөцийн хэмжээ 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Таван жилд 8.5-10 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоо гарч байгаа юм. Энэ нь чамлахааргүй амжилт.