Ам.долларын зээлтэй олон хүнийг зах зээлийн бөгөөд хууль ёсны дампуурал амдаж байна. Хуулиараа валютаар зээл авч болно гээд заачихсан хэр нь ам.доллараар бараа үйлчилгээ худалдаалахыг хориглосон. Ийм болохоор хэрэгжих найдвар багатай хуулийн хажуугаар зах зээлийн жамаар алдагдал хүлээсээр сүүлдээ дампууралтай золгох уу гэсэн хүлээлт олон хүнд байна.
Өчигдөр 14.13 цагийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1745 төгрөгтэй тэнцэж байв. Он гарснаас хойш энэ валютын ханш 20 гаруй хувиар өссөн байна. Ам.долларын зээлийн хүү төгрөгийнхөөс бага харагддагаас иргэд орон сууцны болоод бизнесийн зээлээ энэ валютаар авах нь олон байдаг. Гэвч банк болоод банк бус санхүүгийн байгууллагуудаас иргэдэд зөвлөгөө өгөх нь бага байгаа юм. Иргэд ам.доллараар зээл авахаар боллоо гэхэд эрсдэл болоод өгөөжийнх нь талаар хангалттай мэдээлэл өгдөггүй нь энгийн үзэгдэл болчихсон гэж олон хүн дүгнэжээ. Нэг үгээр бол авсных нь хохь, өгснийх нь олз болж таарч байна гэхэд хилсдэхээргүй болж таараад байна уу. Тэгээд ч Ерөнхий сайд нь хүртэл ам.долларын зээлтэй хүмүүсийг ам.долларын орлоготой гэж тодорхойлоод байхад орон сууцны зээлээ “ногоон”-оор авсан төсвийн байгууллагын энгийн нэг ажилтан хүртэл валютаар цалинждаг болж таарах нь.
Ийнхүү зах зээлийн жамаар иргэдийг хохироогоод байгаа ам.долларын ханшийн өсөлтийг эргээд харвал өнгөрсөн долдугаар сараас эхлэн эрчээ авчээ. Ингэхдээ Оюутолгойд илгээсэн захидлаас эхтэй гэж зарим нь ч тааварладаг. Төр, засаг маань найр наадам гээд завгүй байхад төгрөгийн ханшийн уналтын “голомт” эдийн засагт үүсчихээд байж. Өдгөө 1740 төгрөг давчихаад байгаа валютын ханш зөвхөн импортлогчдод ч бус экспортлогчдод халтай болон хувирч байгаа.
Зөвхөн ам.долларын зээлтэй, төгрөгийн орлоготой иргэдээс гадна гадагшаа худалдаа хийдэг валютын орлоготой хүмүүс хүртэл хэтэвч нь хэрхэн нимгэрч буйг ярьж байна. Наад зах нь 200 сая төгрөгийн алдагдалтай яваа бизнесмэн ч байна. Тэд гадаадад бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд импортын орц, найрлага хэрэглэдэг учраас хямд төгрөг, үнэтэй валютын зовлонг ялгаагүй эдэлж байна.
Төрийн зардал нэмэгдэж, хөрөнгө оруулалтыг үргээсэн хууль баталсан нь валютын урсгал саарахад төгрөгийн ханшийг сулруулах үндсэн шалтгаан байсан гэж зарим хүн үздэг. Бүр тодруулбал, энэ оны нэгдүгээр сард “Засгийн газар хариуцлагагүй явбал валютын ханш асар их сулрах нь” хэмээн Монголбанкны хурлын протоколд гурван удаа сануулсан тухай УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлсэн. Гэвч ханшийг бууруулах, тогтворжуулах, ам.долларын зээлтэй хүмүүсийг эрсдэлээс хамгаалах ямар нэг алхам өнгөрсөн хугацаанд хийгдсэнгүй. Харин ч төр, засаг Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилсэн хэмээн сайрхаж, маргааш гэхэд мөнгөөр борооших юм шиг тайлбар хийгээд явж байна.
Ханш өсгөсөн хүмүүсийг олсноо зарлаж, тэдэнд хариуцлага тооцохоо амласан Ерөнхий сайд бас таг чиг. Харин УИХ-ын даргын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргыг загнаснаас өөрөөр ханшийн өсөлтийн талаар дуугарсангүй.
Энэ зуур баярын улирал дөхөж шинэ жилийн уур амьсгал ч орчихлоо. Шинэ жилийн барааны үе эхэлж, юань, ам.долларын эрэлт өсчихөөр ханш дахиад л “өгсөх” үү. Гэвч төр ханшийн өсөлтийг номхотгох, ам.долларын зээлтэй хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах, экспортлогч болоод импортлогч ялгаагүй алдагдал хүлээж байгааг харсан ч хараагүй мэт өнгөрч байгаа хэмээн олон хүн шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААР ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ
-Валютын ханш өссөөр байгаад одоо 1760 болчихлоо. Холбогдох хүмүүсийнх нь өгч байгаа тайлбар нь “Зах зээлийн жамаараа явж байгаа” гэнэ. Тэгвэл зах зээлийн жамаар ард түмнийг хохироож явж болдоггүй юм. Валютын ханшийн тодорхой төвшин нийт эдийн засаг дахь юмны үнэд нөлөөлөөд, юмны үнэ зугуухнаар нийтээрээ өсөөд ирэх үед ард түмний худалдан авах чадвар, төгрөгийн худалдан авах чадвар унадаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
ИРГЭД, КОМПАНИУД ХОХИРЧ БАЙНА
-Ам.доллараар зээл авсан иргэн, компаниуд өнөөгийн нөхцөлд багагүй алдагдалд орж байгаа. Ер нь дотоодод ам.доллараар бараа зарж борлуулахыг хориглосон атлаа зээл олгох эрх нь нээлттэй байдаг.