Засгийн газар хоёр их наяд гаруй төгрөгийн дотоод бонд гаргаж, төсвийн улирлын шинж чанартай орлогын дутагдал болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэв. Энэхүү бондын арилжаанд өмнө нь иргэд олон нийтийн оролцоо бараг байгаагүй. Нийт гаргасан бондын 99.9 хувийг дотоодын 3-4 банк болон ING зэрэг банкны зуучилсны дагуу цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг байлаа. Харин 2014 оны арваннэгдүгээр сараас Монголын Хөрөнгийн биржид дээрх бондыг “Засгийн газрын жижиглэнгийн бонд” хэлбэрээр гаргаж эхэлснээр иргэд олон нийт Засгийн газрын дотоодын бондын арилжаанд оролцож эхэлсэн билээ.
Монгол Улс 1991 оноос хойш 20 орчим жил бага орлоготой, хөгжиж буй гэсэн (LIDC-Low income developing country) статустай байв. Тиймээс төсвийн алдагдал болон эдийн засгийн бусад төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ зөвхөн гадаадын нэн хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглаж ирсэн. Хууль эрх зүйн хувьд ч Засгийн газар зөвхөн хөнгөлөлттэй зээл авна гэсэн заалттай байсан юм. Харин бодлогыг нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк дээр зангидаж байлаа. Ингэснээр манайд олгох зээлүүд нь ихэвчлэн 30-40 жилийн хугацаатай, эхний 5-10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, хүүгийн хувьд жилийн 0.5-1 хувьтай байдаг. Мөн Япон, Хятад, Солонгос, Герман зэрэг хандивлагч улсуудаас авах хөнгөлөлттэй зээлүүд нь ихэвчлэн “tied loan” буюу зөвхөн эдгээр улсуудын аж ахуйн нэгжээс бараа бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлтэй.
Сүүлийн 20 орчим жил Засгийн газрын авсан гадаад зээлүүд нь хүү болон бусад нөхцлийн хувьд нэн хөнгөлөлтэй байсныг дээр дурдсан. Хэдийгээр таатай нөхцөл боловч нөгөө талдаа Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн байдаг. 2011 оны байдлаар гадаад болон дотоод зээл нь 99:1 гэсэн харьцаатай байсан. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад гэлтгүй нийт хөгжиж буй улсуудад нийтлэг тохиолддог нөхцөл юм. Тиймээс Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас бага орлоготой хөгжиж буй улсаас дунд орлоготой улсын (middle-income country) статусд шилжиж буй улсуудад өгдөг зөвлөмжийн нэг хэсэг нь Засгийн газрын дотоодын өрийн зах зээлийг хөгжүүлэхэд оршдог. Монгол Улс 2010 оны үеэс эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд дунд орлоготой улсын нөхцлүүдийг хангаж эхэлсэн бөгөөд төсөв, санхүүг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага гарсан. Тиймээс Засгийн газрын дотоодын үнэт цаасны буюу бондын зах зээлийг хөгжүүлэх нь өөрчлөлтийн чухал хэсэг болов.
Түүнчлэн 2015 онд батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газар шинээр өр үүсгэх зургаан төрлийн зориулалтыг дэлгэрэнгүй зааж өгсөн бөгөөд хуулийн 12.1.3 дахь заалтаар Засгийн газар нь дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориулалтаар шинээр өр үүсгэж болно гэж зааж өгсөн байна. Мөн Засгийн газар нь Өрийн удирдлагын тухай хуулийн зохицуулалтын дагуу дунд хугацааны өрийн удирдлагын стратеги батлаж хэрэгжүүлэх бөгөөд хуулийн 13.1 дахь заалтын дагуу Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, стратеги нь “… Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ” гэж заажээ. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалтууд нь дунд орлоготой улсын статусд шилжиж буй шилжилтийн процессийн үед дотоодын өрийн зах зээлийг хөгжүүлэх эрх үүрэг нь Засгийн газарт байдаг олон улсын стандартын дагуу хийгдсэн бөгөөд энэ нь Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өгдөг зөвлөмжүүдтэй нийцсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин