1 Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр: АМ.ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖИЙГ БАЙХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ

-Гадаадын улсуудад банкинд нь өөр улсын мөнгөн дэвсгэртээр хадгаламж байдаггүй. Гэтэл манайд энэ нь асуудал болоод байгаа юм. Ам.долларын ханш өсөнгүүт нөгөө хүн чинь төгрөгөөсөө аваад ам.долларынхоо данс рүү шилжүүлчихдэг. Ам.долларын ханш сулраад ирэнгүүт валютаа аваад төгрөгийн дансандаа хийнэ. Иймэрхүү байдлаар ханшийн эрсдэлд орохыг хүсдэггүй. Тиймээс арилжааны банкуудад ам.долларын хадгаламжийг байхгүй болгох ёстой. Үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гүйлгээ хийх хуультай. Гэтэл хувь хүн болоод компаниудын харилцах данс нь ам.долларынх байна. Энэ чинь л ямар нэгэн хэмжээгээр арилжаа хийгээд байна гэсэн үг. Энэ нь ам.долларын эрэлтийг өсгөдөг. Хадгаламж эзэмшигчдийн гурван хувь нь ам.долларын данстай гэсэн судалгаа байдаг. Гэтэл тэдний мөнгө зах зээлийн 90 хувийг эзэлдэг. Энэ нь банк, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлдөг. Үүнийгээ зогсоох механизм гаргахгүй бол үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэдэг хуулийн заалт хэрэгжихгүй. 

 

2 СЭЗДС-ийн магистр Б.Лхагвадулам: ЗЭЭЛИЙГ ТӨГРӨГӨӨР ХИЙХ НЬ ЗӨВ

-Барилгын компаниуд орон сууцны ханшаа ам.доллараар тогтоодог юм билээ. Тухайлбал, А зэрэглэлийн бүсэд баригдаж байгаа орон сууцны үнэ ихэнх нь ам.доллараар үнэлэгддэг. Тиймээс ийм төрлийн орон сууцны зээл авсан хүмүүс ам,долларын ханшийн өсөлтөөс болоод алдагдалд орж байгаа. Ам.долларын ханшийн өсөлт зөвхөн орон сууцны зээлд ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөд нөлөөлж байна. Тиймээс Монголдоо гүйлгээ болон зээлийг төгрөгөөр хийх нь зөв шүү дээ. 

 

3 “Нэйшнл химикал” компанийн гүйцэтгэх захирал Р.Эрдэнэцогт: ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛД ОРЖ БАЙНА

-Ам.долларын ханш 1350-1400 төгрөг байхад зээл авсан манайх шиг компаниуд их хэмжээний алдагдалд орж байгаа. Ам.долларын зээлээр компанийн ажил явуулна гэдэг эрсдэлтэй. Үүнээс гадна ажил ихтэй байдаг. Арилжааны банкуудаас зах зээлийн ханшаас хямд авсан валютаа арай үнэд хүргэхийн тулд тулд валютын захад өгнө. Төгрөгөө дахин компанийн данс руу шилжүүлэх зэрэг олон шат дамжлага үүсдэг юм.

4 “Шарын гол” компанийн дэд захирал Л.Эрхбаатар: АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ КОМПАНИУДАД ДАРАМТ ҮҮСГЭДЭГ

 -Ам.долларын зээл олгохгүй бол бизнес урагшлахгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг нөхцөлд валютаар зээл авсан компаниудад дарамт ирж байгаа. Манай компани ч гэсэн ам.долларын зээл авдаг. Ханш огцом өсөхөөр байдал эвгүйтдэг. Гэхдээ ихэнх банк, компани гэрээнд ханшийн өөрчлөлтийн талаар тодорхой тоо тусгасан нь эрсдэлээс болгоомжлох нэг арга.

 

5 “Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав: АМ.ДОЛЛАРЫН ГҮЙЛГЭЭ АЛСДАА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ

-Бараа бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулж байгаа тохиолдолд заавал төгрөгөөр арилжаа хийх хэрэгтэй. Энэ нь төгрөгийн ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөх гэсэн агуулгатай юм. Бүх хүн ам.доллараар гүйлгээ хийх юм бол монгол төгрөгийн хэрэг юу байгаа юм бэ. Үндэсний мөнгөн тэмдэгт бол тусгаар улс гэдгийг илэрхийлэх нэг хүчин зүйл шүү дээ. Гэтэл ам.доллараар гүйлгээ хийгээд байна гэдэг чинь алсдаа Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлж болзошгүй. Үүнийг энэ зах зээлд оролцогчид бодож үзэх хэрэгтэй байх.

 

6 “Говь” компанийн дотоод аудитын хэлтсийн дарга Д.Энхтуяа: ҮНДЭСНИЙ КОМПАНИУД УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛТЭЙ БАЙДАГ

-Маш нухацтай бодож үзэх асуудлын нэг нь энэ. Ер нь ард түмний амь амжиргаанд нөлөөлдөг үндэсний томоохон компаниуд урт хугацааны зээл авсан байдаг. Зээлийн хүү нь бага юм шиг боловч ханшийн өөрчлөлтөөс болоод их хэмжээний ам.долларын алдагдалд оруулдаг. Энэ нь эргээд манай иргэдийн амжиргаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн хиймэл өсөлтөөс болоод ард түмний нуруун дээр их хэмжээний дарамт ирж байна. Тиймээс иймэрхүү зээлийг мөнгөний бодлоготой зохицуулж өгвөл зүгээр. Манай үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд гадаад руу гаргах их хэмжээний экспорт нь бодлогын алдаанаас болоод цохигдож унадаг. Уул уурхайн компаниуд ам.долларын ашиг олдог ч олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр ашиг нь хилийн цаана л үлдэнэ шүү дээ.