- Ам.долларын зээлийг хориглоё -

Ж.ЦОГЗОЛМАА

“Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай” хэмээн Ерөнхий сайд маань аль есдүгээр сард мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар “Ногоон”-ы эсрэг төгрөгийн ханш 1800 болтлоо унахад ойртсон ч хэргийн эздийн нэрс тодорсонгүй. 

Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханшид хэтэвчээ гөвөөд дуусч байгаа олон хүний нэг нь Дорж. Тэрээр хоёр жилийн өмнө банкнаас “ногоон”-оор зээл авч байртай болсныхоо шанд хоёр дахин өндөр төлбөр төлж яваа “баян” хүн дээ. Анх зээл авч байхад буюу 2011 оны хоёрдугаар сард валютын ханш 1357 төгрөг байсан тул сард 320 ам.доллар буюу сайндаа л 430 мянган төгрөг төлөх хуваарьтай байсан нь боломжийн санагджээ. Гэтэл одоо 650-720 мянган төгрөг төлөх болж, иддэг уудгийнхаа хэмжээг ч цөөлсөн байна. Төгрөг сулрах тоолонгоор хэтэвч нимгэрнэ гэдгийг тооцоогүйдээ амаа барихын зэрэгцээ гадаад валютын “дарангуйлал”-ын зохион байгуулагчдыг харахаас өөр ажилгүй суугаа Засгийн газар, эрх баригчдад гомдолтой яваа хүний нэг нь бас тэр. 

Банкны ам.дол­ларын зээлийн хүү төгрөгийнхөөс хоёр дахин бага байдаг нь монголчуудын халаасыг сэгсрэх зальжин арга болсон бололтой юм. Банкуудын орон сууцны зээл нь ам.доллараар бол 1.35-1.3 хувийн хүүтэй, төгрөгөөр бол 1.5-1.6 хувийн хүүтэй байна. Харин бизнесийн зээлийн хувьд “ногоон”-оор бол хоёр, төгрөгөөр бол 2.2 хувийн хүүтэй байх жишээтэй. Хэнд ч валютын зээл нь хүү багатай харагдаж байгаа биз. Энд л хамаг учир байгаа юм. Дорж ч ялгаагүй зээлийн хүүгийн хэмжээг нь түрүүлж харснаас биш ханшийн өсөлтийг тооцоогүй байжээ. Яг түүн шиг олон хүн, олон бизнесмэн Цагаан ордны зурагтай “цаас”-наас болж хэдэн мянгаас авахуулаад хэдэн зуун сая төгрөгийн алдагдал хүлээж байна.

 

ТӨГРӨГ ДЭЛХИЙН ХАМГИЙН СУЛ ВАЛЮТ

“Дэлхийн хамгийн сул валютаар төгрөг тодорлоо” хэмээн “Блүүмберг” мэдээлсэн юм. Энэ онд нүүрсний үнэ 15 хувиар унасан нь Монголын гол экспорт болсон нүүрсний худалдааны орлогыг 47 хувиар бууруулж, гадаадын хөрөнгө оруулалт 46 хувиар унасан зэрэг нь хоёул төгрөгийг шалдаа буухад нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэж байна. Олон улсын банк болох “Морган Стэнли” ч төгрөгийн ханшид муу гэсэн дүн тавив. Тэд тайландаа “Төгрөг дэлхийн хамгийн их уналттай валютын нэг хэвээр байна” хэмээн дурдсан байлаа.

Хамгийн муу валютын эзэд болсон монгол айл өрхүүдийн гал тогоонд хоолны орц, найрлага, төрөл нь бас муудаж байна. Импортын барааны үнэ өсөхтэй зэрэцээд дотоодын үйлдвэрлэгчдийн бараа улам үнэтэй болж байна. Ариун цэврийн цаасны хамгийн хямд нь гэхэд 1200 төгрөгөөс эхэлж байгаа бол өндөг автобусны тасалбарын үнэтэй дүйж байгаа. Дотоодын гурилын үнэ кг нь 1400 төгрөг бол импортын цагаан будаа 2800-3000 төгрөг болжээ. Энэ үнийг өнгөрсөн онд ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байсантай харьцуулбал хоёр дахин хямд дүн гарч байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар ам.долларын ханш 1400.98 төгрөгтэй тэнцэж байсныг Монголбанкны цахим хуудаст дурджээ. Тэгвэл тэр өдрийн байдлаар цагаан будаа кг нь 1660 төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Ингэхээр валютын ханшийн өсөлт “халаасны хулгайч” болж хувирсны амьд жишээ нь бид өөрсдөө болжээ. 

Үүний дараа орох том алдагдлыг ам.доллараар зээл авсан хүмүүсийн хэтэвч хэлээд өгнө. Дорж гэхэд 2011 оны хоёрдугаар сараас хойш анх гэрээ хийсэн дүнтэй нь харьцуулахад хэчнээн төгрөгийн алдагдал хүлээсэн бол. Өчигдөр 14.27 цагийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 1748, Худалдаа хөгжлийн банкных 1753 төгрөгтэй тэнцэж байв. Ингэхээр Дорж анх гэрээ хийсэн дүнгээсээ 130 мянган төгрөгөөр илүү төлбөр зээлдээ төлөх болж таарлаа. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн чангарсан ханштай харьцуулаад нарийн тооцоо гаргавал тэрээр багагүй мөнгөө ханшийн өсөлтөд хийсгэжээ.

 

ХАНШ ӨСГӨСӨН ХҮМҮҮСИЙГ ЗАРЛАНА ГЭСЭН ЯАСАН БЭ?

Нийтлэлийн эхэнд дурдсан сэдвийг энд хөндөж байна. Учир нь одоогоос хоёр сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Валютын ханш өсгөсөн хүмүүсийг олсон, удахгүй тэдэнд хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн ч хэрэгжилтийг нь хайсан хүмүүс гар мухар сууж байна. Хэргийн эзэд хэзээ илрэхийг хүлээсэн олон нийт, улс төр хөөж гүйсэн Засгийн газрын “хөөс”-тэй мэдэгдлүүд тэнцэхээр хугацаа ч өнгөрлөө.

Саяхны нэг өдөр Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ам.доллараар зээл аваад олон хүн ханшийн өсөлтөд хохирч байгаа тухай асуултад “Ам.долларын зээл авсан хүмүүс ам.долларын орлоготой учраас алдагдал бараг байхгүй” гэж хариулсан байх юм. Түүнийхээр бол Дорж валютын орлоготой болохоор л бүтэн сарынхаа цалин дээр нэмж өр тавин байж байрны зээлээ төлж байгаа хэрэг аж. Ер нь энэ гаргалгаагаар бол монголчууд бүгдээрээ ам.долларын цалинтай, орлоготой гэж ойлгоход хэтрүүлэг болохгүй нь. Засгийн газар нь ингэж харж, дүгнэж байхад валютын зээл олгосон банкууд додигор байх нь ч аргагүй юм байна. Ийм харалган төр, засгийг сонгосон хүмүүсийнх нь хохь болоод, зээл өгсөн, өгсөн зээлийг нь өмөөрч суугаа нь Засгийн газрын хожоо болоод төгсөх төлөвтэй.

 

ВАЛЮТЫН ХАНШ “ӨРДСӨН” ХУУЛЬ

Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай хууль 2009 онд батлагджээ. Энэ хууль хэрэгжсэнээр төгрөгийн ханшийг уналтаас хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж банк, санхүүгийнхэн нь тайлбарлаж байна. Энэ хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа бараа, үйлчилгээг зөвхөн төгрөгөөр тооцон төлбөр хийх юм билээ.

Гэхдээ хуулийн хэрэгжилт нь амьдралаас хол тасарсан нөхцөл шаарддаг болохоор ч тэр үү үр дүн багатай байна. Энэ хуулийн 2.4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, банкнаас ам.доллараар зээл аваад бараа, үйлчилгээ үйлдвэрлэлээ гэхэд түүнийгээ зөвхөн төгрөгөөр борлуулахыг энэ хуулиар хуульчилсан. Төгрөг үнэгүйдэж, ам.доллар дээшээ өгсөөд ирэхээр хямд төгрөгөөр үнэтэй “ногоон” худалдаж аваад хууль ёсны дагуу алдагдалд орох ёстой гэж төр хуульчилжээ. Энэ хуульд заасныг хэрэгжүүлэх бяр чадалтай, Ерөнхий сайдын хэлээд байгаа ам.долларын орлоготой хүмүүс хаана байгаа юм бүү мэд. Валютаар зээл аваад хоёр сарын цалингаараа нэг сарын зээлийн төлбөрөө төлж яваа Дорж лав тэр ангилалд багтахгүй байх.

 

ҮЙЛДВЭРЛЭГЧИД АЛДАГДЛАА ТӨРӨӨС НЭХЭЖ БАЙНА

Дээр дурдсан хуулийн дагуу бол бизнесмэнүүд банкнаас ам.доллараар зээл аваад, бараа бүтээгдэхүүнээ зөвхөн төгрөгөөр борлуулах юм бол ханшийн өсөлтөд дарлуулсаар хууль ёсны дампуурал руу Ерөнхий сайдынхаа заасан замаар марш гэснээс ялгаа алга. Үйлдвэр худалдааны “Өлзий” төвийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзий валютын ханшийг төр, засгаас зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа юм. Тэрээр “Компаниуд жилийн өмнө ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байхад авсан зээлээ одоо төлөх гэхээр 200-300 сая төгрөгийн алдагдалтай байна. Ингээд үйлдвэрлэгчид элгээрээ хэвтээд байна. Валютын орлого олдоггүй, валютын зээлтэй бол тухайн компанийн өрийг бодоод төр барагдуулж өгөх ёстой гэж бид үзэж байгаа” гэлээ.

Засгийн газраас одоог хүртэл үндэсний үйлдвэрлэгчдийн ханшийн өсөлтөөс болж хүлээж буй алдагдлын талаар ганц ч болов мэдэгдэл хийсэнгүй.

Монгол Улсад валютын ханшаас болж хэчнээн аж ахуйн нэгж, иргэд хэдэн төгрөгийн хохирол амссан талаарх статитсик судалгаа алга. Тэмээ гэхээр ямаа гэдэг хачин хуультай байснаас ам.доллараар зээл олгохыг хориглох хуультай болчихвол аль аль талдаа өлзийтэй юм болов уу. Эсвэл бусад улсад хэрэгждэг шиг ханшийн зөрүүнээс хүлээх алдагдлыг шийдвэрлэх, бизнесмэн, иргэдийг эрсдэлээс хамгаалах санхүүгийн бодлого хэрэгжүүлэх юм болов уу. Олон нийтийн хүлээлт энд хүрээд байна. Хариултыг нь Засгийн газар хэзээ өгөх бол. Үгүй бол ам.долларын ханшийг 2000 хүртэл нь дуугүй суух хэрэг үү.

 

Зээлийг зөвхөн төгрөгөөр өгье

Ам.долларын ханш өссөн нь ам.долларын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулсаар байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ИРГЭД, КОМПАНИУД ХОХИРЧ БАЙНА

-Ам.доллараар зээл авсан иргэн, компаниуд өнөөгийн нөхцөлд багагүй алдагдалд орж байгаа. Ер нь дотоодод ам.доллараар бараа, бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглосон атлаа зээл олгох эрх нь нээлттэй байдаг.

 

ЭМШУИС-ийн багш Б.Гэрэлээ: ЗАСГИЙН ГАЗАР АРД ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ХИЙГЭЭСЭЙ

-Ам.долларын ханшийн өсөлт замбараагаа алдсан. Засгийн газар юу хийгээд байгаа юм бол. Ард түмэндээ хэрэгтэй ямар нэгэн ажил хийгээч. Энэ ханшийн өсөлтөөс болоод бидний ахуй амьдралын өртөг өссөн. Гэтэл цалин тэтгэвэр дагаж нэмэгдэхгүй л байгаа шүү дээ.

 

Гавьяат багш Д.Дүнгэрдорж: ХУУЛЬ НЬ ХАНШИЙНХАА ЭСРЭГ БОЛЧИХООД БАЙНА

-Валют арилжааны захуудыг дураар нь тавьсан. Үүнээс болж ам.долларын ханш өслөө. Эрх бүхий санхүүгийн байгууллага нь үүнд хяналт тавьж ийм төрлийн солилцоог болиулах хэрэгтэй. Ер нь манайд валютын зах байх шаардлагагүй. Өмнөд хөршид гэхэд л ийм төрлийн захгүй шүү дээ. Ам.доллар шаардлагатай хүн нь арилжааны банкуудаар төгрөгөө солиулчихаж болно. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд ам.доллараар гүйлгээ хийх нь хуулиар хориглосон зүйл. Гэтэл арилжааны банкууд ам.долларын зээл гаргаад байдаг. Энэ нь төгрөгийн ханшийг сулруулахад мөн нөлөөлж байгаа. Тиймээс ам.долларын зээл гаргахаа зогсоох хэрэгтэй.

 

Сүхбаатар дүүргийн XVIII хорооны иргэн Г.Оюунчимэг: ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ТӨГРӨГӨӨР ӨГДӨГ БОЛГОЁ

-Ам.долларын ханшийн өсөлт юм юманд л нөлөөлж байна. Наад зах нь дэлгүүрт ороход 50 төгрөгийн үнэтэй байсан шүдэнз 150 төгрөг болчихож. Манай хүүхэд гэхэд л ам.долларын зээлээр байр авсан. Ганцхан манай хүүхэд ч биш залуучууд ханш өсөхөөр эдийн засгийн эрсдэл үүрнэ гэдгээ тооцоолж чаддаггүй. Тиймээс орон сууцны зээлийг төгрөгөөр өгдөг болгомоор байна.   

 

“Хурц хос харцага” хамгаалалтын албаны дарга Б.Сүхбат: БАНКУУД АМ.ДОЛЛАРААР ЗЭЭЛ ӨГӨХӨӨ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

-Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаж байгаа гол зүйл нь ам.долларын ханшийн өсөлт шүү дээ. Тиймээс ам.доллараар зээл өгөхөө банкууд зогсоох хэрэгтэй. Ингэж байж л төгрөг чангарна.