Г.ГАНЧИМЭГ

Бид татварын шинэч­лэл яриад нэлээд хугацаа өнгөрч байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Хэлэлцүүлгээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулиудын хэрэгжилт, үүсээд байгаа нөхцөл байдлыг тал талаас нь хэлэлцсэн юм. Аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл Татварын ерөнхий хууль, НӨАТ, ААН болон хувь хүний орлогын албан татварын хууль, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбоотой зарим асуудлаар санал тавилаа.

Манай улс 1993 онд Татварын багц хуулийг баталжээ. Үүнд 20 гаруй хууль хамрагдана. Үе үеийн Засгийн газар эдгээр хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан татварын бодлогыг шинэчилсээр ирсэн. Тухайлбал, 1998 онд НӨАТ-ыг хэрэглэгчийн төвшинд нэвтрүүлж, гаалийн татварыг тэглэж байжээ.

2007 онд хоёр төрлийн татварын өршөөлийн хуулийг гаргасныг уншигчид санаж байгаа болов уу.  “Энэхүү ажлын үр дүнд НӨАТ 15 хувиас 10 хувь болтлоо байнга буурч ирсэн. Гэтэл энэ үеэс эхлэн татварын маргаан эрс нэмэгдэж, зөрчилтэй татвар төлөгчийн тоо өссөн” гэж албаны хүмүүс үзэж байна. Харин татвар төлөгчид “Татварын хууль, тогтоомжийн үг хэллэг, холбогдох заалтуудыг хоёрдмол салаа утгагүй болгож, шинэчлэн өөрчилмөөр байна. Мөн хуулийг хэрэгжүүлэх журам зааврыг боловсронгуй болгоё. Ингэж байж дагаж мөрдөхөд энгийн, ойлгомжтой болно. Эс тэгвэл гэнэтийн ашгийн татвар шиг маргаан тасрахгүй” гэж ярьж байна.

Тухайлбал, “Баатархайрхан трейд“ компанийн захирал Ж.Дамба “Татварын шинэчлэл хийх цаг нь болсон. Гэвч шинэчлэлийг олж харсангүй. Нөгөө л тэгэх үү, ингэх үү гэдгээ ярьж, тунхгийн шинжтэй ажил хийгээд байна. Татвар төлөгчдийнхөө эрх ашгийг хүндэтгэж, зөвлөл байгуулан тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд бидний саналыг УИХ-ын 76 гишүүн дэмжих болтугай. Ер нь татвар төлөгчдөө мохоох хэрэггүй” гэв.   

НӨАТ төлөөд, хуулиа хэрэгжүүлээд явж байгаа нэг хэсэг, хуулийн хэрэгжилтийг гажуудуулж буй нөгөө хэсэг бий. НӨАТ төлдөггүй хэсэг нь бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтоож, татвар төлдөг хэсэгтээ зарж борлуулан илүү ашиг олчихоод татвараас зугтаадаг.

Энэ нь хуулийн хэрэгжилт сул, өөр хоорондоо зөрчилтэй зүйл их, хариуцлага сул байдгаас болсон гэж оролцогчид дүгнэв. 

НӨАТ-ын буцаан олголтыг уул уурхайн компаниуд, лобби бүлгүүд авч байна гэсэн шүүмжлэл ч байв. Хүн бүр энэ буцаан олголтыг авахыг хүсдэг ч эрх нь хуулиар олгогддоггүй гэж ярих хүн байна.

“НӨАТ-ын хуульд босго тогтоох хэрэгтэй. 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой татвар төлөгч түүнийгээ тайлагнаад чөлөөлөгдөх боломжтой юм. Үүнээс дээш бол суутгагч гэж үзнэ” гэсэн санаа тусгуулахыг хүсч буйгаа СЭЗДС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал хэлсэн. Түүний тайлбарлаж буйгаар дээрх санаа хэрэгжвэл татвар төлөгч нь эцсийн хэрэглэгч болох юм. Өнөөдөр манайд хэрэгжиж буй хуулиудад татвар төлөгч нь өөрөө орлогоо тодорхойлж төлөхөөр заасан боловч сар болгоны 25-ны дотор аж ахуйн нэгж татвараа төлнө гээд бас заачихсан. Энэ нь өөрөө төлөх зарчмыг эвдсэн аж. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу төрийн эрх бүхий байгууллага хуваарь гаргаад шахалт үзүүлж авах юм шиг ойлгогдохоор байна гэж хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжилж байна. Энэ талаар тодруулахад, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа “Үүргийн хувьд татварын ногдол байгаа бол төлөх нь гарцаагүй. Тиймээс татвар төлөгч бизнес төлөвлөгөөндөө үндэслээд ийм хэмжээний татварыг сар бүрийн 25-ны дотор эсвэл улиралдаа төлнө гэдэг санаачлага гаргаж болно шүү дээ. Харин Татварын газар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй” гэлээ. 

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулах үнэлгээний алтан дунджийг зөв олж чадаж байна уу, үгүй юу гэдэг талаар санал солилцов. Хэрэв энэ аргыг буруу тогтоовол татварын дарамт үүсгэнэ. Үүнээс гадна олон улсад өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Татварын мэргэшсэн зөвлөх Д.Энхсайхан “Ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулахдаа тус хуулийн төслийн долдугаар заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй” гэдэг санал гарав. Тэрээр “Хэрэв хууль ингэж батлагдвал эцэс төгсгөлгүй маргааны эх үүсвэрийг тавьж бөөн будлиан үүснэ. Тиймээс хүн болгоны хэлсэн үг бүрийг татварын хуульд заавал тусгах албагүй” гэв.    

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд буюу татварын II үе шатны шинэчлэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, далд эдийн засгийг бууруулж, төрийн үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Аудит, улсын тэмдэгтийн хураамж болон  аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.