Б.СОЛОНГО
Үлдэгдэл 670 мянгыг олгоход шаардлагатай байгаа 350 тэрбум төгрөгийг олохын тулд ийм замыг сонгожээ гэсэн мэдээллийг ямар боловч Монголбанк үгүйсгэсэн байна билээ. Харин ч ийм мэдээлэл хамаагүй цацаж, эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөллөө гэж хэвлэлийнхнийг буруутгав. Энэ бол өгнө, өгөхгүйн үлгэрийн өрнөл хэсэг. Иргэд энэ долоо хоногт банкны үүд сахих хэрэггүйг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрынхан долоо хоногийн сүүлээр сэмхэн мэдэгдсэнээр үлгэр үргэлжлэв. Санхүүжилт нь бэлэн болоогүй тул энэ долоо хоногт иргэдэд мөнгийг нь өгч чадахгүй гэжээ. Харин энэ сардаа багтаана. Ирэх сард ч олгож мэднэ гэсэн үг хавчуулчихав. Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар болгон олгож байгаа 21 мянган төгрөг болон иргэдэд хувьцаа эзэмших үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-гаас хийсэн мэдээллээр 2010 онд иргэн бүрт 120 мянган төгрөг, 2011 онд 252 мянган төгрөг, 2012 оны эхний таван сарын байдлаар 104 мянган төгрөг олгожээ. Харин энэ сард иргэн бүрт 23 мянган төгрөг олгоно гэжээ. Ингээд нийт 500 мянган төгрөг авч байгаа аж. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-н нэг сая төгрөгтэй тэнцэх 1072 ширхэг хувьцааг нэмснээр 2008 онд хамтарсан Засгийн газрын амалсан 1,5 сая төгрөгийн мөрийн хөтөлбөр биелсэн дүрд хувирав. Ийнхүү энэ жилийн сонгуульд эрх баригчид итгэл алдарсан иргэдийн толгойг хэрхэн эргүүлж, сонгууль өнгөртөл элдэв арга хэрэглэн аргацаахаа олж ядаж байна. Толгой эргэмээр бэлэн мөнгөний амлалт, сонгуулийн шоу, халамжийн цувааг хурдан дуусгахгүй бол үнийн өсөлтийг гүйцэж, түрүүлэхээсээ өнгөр ч байна.