Э.СОЛОНГО
АН, МАН-аас иргэдэд амласан молиго ирэх сарын 31-нд дуусна. Эх орны баялгаас иргэн бүрт нэг сая, 1.5 сая төгрөг өгөхөөр ам гарсан энэ хоёр намын амлалт 500 мянга, нэг саяар ийн дуусгавар болж байна. Үхрийн баас шиг цувуулсан “Эх орны хишиг”-ийг иргэд гурван жилийн хугацаанд 50, 70, 10, 21 мянга гээд хэд хэдэн янзаар авсан байдаг. Сонгуулийн маргаашнаас эхлээд л иргэдийн гар дээр нэг сая төгрөг ирнэ гэж сурталчилсан эрх баригчдын амлалт ийнхүү молиго боллоо.
Сонгуулийн саналаа “Эх орны хишиг”-ээр үнэлсэн төрд гарсан хоёр нам ч ялалтынхаа маргаашаас эхлээд өнөөх хувь, хишигтээ “луу унжив”. Ямар сайндаа том дүнтэй цувсан “жижиг” мөнгө нь сархад үйлдвэрлэгчдийн хэтэвчийг түнтийлгэж, ядарсан нэгэнд нь сарынх нь гурил будаанаас хэтэрсэнгүй. Угаас үүнийг судалгаагаар хэдийнэ тогтоогоод гаргачихсан тоо баримт нь ч бий. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг амлалт нэртэй молиго ч хуучрахгүй сэдэв болох нь дамжиггүй.
ЯЛГАЖ, ГАДУУРХСАН МОЛИГО
“Иргэн бүрт нэг сая төгрөг өгнө. Гэхдээ зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг саяыг олгоно”. Ийм шийдвэрийг Засгийн газраас гаргаж, оюутан, залуус болон дунд насныхныг “Эхний ээлжинд 500 мянгыг авч бай. Үлдсэнийг нь хувьцаа хэлбэрээр өгнө” хэмээн молгидосон. Үндсэндээ тэдний тав арван мянгаар увуулж цувуулан авч байсан “Эх орны хишиг” 500 мянгад хүрээд зогсч байна. Тавантолгойн нүүрсээ зарж, олон улсын зах зээлд хөрөнгө босгон тэндээс иргэддээ хувьцаа хуваарилна гэсэн АН, МАН-ын амлалтын сураг алдарлаа. Энэ нь эцэстээ “дээс томж найзаа аврах” үлгэрээс ялгаагүй хэрэг болоод байна. Дараа нь “Эх орны хишиг”-ээр орон сууц худалдаж аваарай гэж хүмүүсийн тархийг угаасан. “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонголт хийж, Орон сууцны тухай хуулийн 3.1.2-т заасан дэд бүтэц бүхий орон сууц захиалж гэрээ байгуулсан, зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан авсан иргэн Хүний хөгжил сангаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэж болно” гэсэн Засгийн газрын тогтоол иргэддээ өгөх дараагийн молгио байв. Энэ тогтоолын дагуу орон сууцтай болсон айл алга. Эрх мэдлийн төлөө улайрахдаа Монголын эрдэнэсийг хэрхэн мөнгө болгохоо буруу тооцоолсон АН, МАН арга барахдаа толгой эргэм олон янзын хувилбарыг ар араас нь баталжээ. “Эх орны хишиг”-ийг хувьцаа болгоно эсвэл Хүний хөгжлийн сангийн мөнгөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хишиг хувийг эрүүл мэндийн даатгал, боловсролын төлбөрт шилжүүлнэ гээд л... Гэвч эдгээр хувилбарын аль нь ч амьдралд буусангүй.
1.4 ИХ НАЯДААР БҮТЭЭСЭН МОЛИГО
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эх орны хишиг” нэрийн дор 1.4 их наяд төгрөгийг “салхинд хийсгэжээ”. Энэ мөнгөөр хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж болно.
Гэвч Хүний хөгжил сангаас “урссан” 1.4 их наяд төгрөг хүмүүсийн амьдралд хөрөнгө босгосонгүй.
“Эх орны хишиг”-ээ аваагүй иргэдэд нөхөж олгохоор энэ онд 32 тэрбумыг төсвөөс “хумсалсан”. Энэ мөнгийг ирэх сарын 31 хүртэл амжиж авахгүй бол “хохь нь болно” гэдгийг төр сануулж байгаа. Өнгөрсөн онд төрсөн хүүхэд Хүний хөгжил сангаас 128 мянган төгрөг авна. “Эх орны хишиг”-ийн үлдсэн мөнгийг эздэд нь “хүргэх”-ийн тулд хувь хишгийг ид тарааж байсан үеийнх шиг ажиллаж буйгаа Ниймийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “Эх орны хишиг”-ийг Төрийн банк, ХААН, Капитал банкны бүх салбараар нөхөн олгож байгаа аж. Мөн энэ онд нөхөн олгох 32 тэрбум төгрөгийн хувь хишгийг бүх аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст шилжүүлжээ. Энэ молигыг нь авахад хүртэл бартаа саад бас мундахгүй. Санхүүжилт орж ирээгүй гэдэг нэрээр хэчнээн хүн хоосон буцах бол. Замын түгжрэл, санхүүжилт ороогүй байх, бичиг баримтын зөрчил зэргээс шалтгаалаад авч чадаагүй бол хохирлыг молиго үмхүүлсэн төр биш тэднийг өндөр сэнтийд сонгосон иргэд л үүрэх нь.