Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн хамгийн ядуу улсын жагсаалтад багтсан Африкийн Буркина Фасогийн тухай өгүүлбэрээр нийтлэлээ эхэлье. Хар тивийн энэ орны эдийн засгийн бүтэц нь манайхтай зарим талаар адилхан. Бид уул уурхайгүйгээр ирээдүйгээ төсөөлөхөд бэрх бол тэд хөвөнгийн тариалалтгүйгээр хэн ч биш. Нийт хүн амынх нь 70 гаруй хувь нь ажилгүй бөгөөд хөвөнгийн тариалалт хөрснийх нь үржил шимийг ховх сордог. Ийм болохоор ядуурлын индекс нь 81.5 хувьд хүрсэнд гайхах хэрэггүй. Ганц салбараас хамааралтай улс орны эдийн засаг хэчнээн сэргэн мандсан ч нэг л өдөр эцсийн зогсоолд хүрдгийн бодит жишээг энэ бүхэн харуулж байна.

 

ЭКВАДОРЫН МӨХӨЛ БА МОНГОЛ

“Эдийн засгийн алуурчны наминчлал” зохиолоороо дэлхийн санхүүгийн ертөнцөд дуулиан тарьж, хөшигний цаана нуугдсан бүхнийг ил гаргасан Жон Перкинс дээрхтэй адил жишээгээр бүтээлээ баяжуулсан байдаг. Түүний номд дурдагдсан Эквадорын мөхөл Монголд өгөх сэрэмжлүүлэг байж мэдэх юм. Монгол зэрэг нөөц баялгаараа гайхагдсан улс орнууд гуйланчлалын хаалга татахад эдийн засгийн алуурчид гол үүрэг гүйцэтгэдэг нотолгоог Жон Перкинсийн ном дэлхий дахинд шуугиантайгаар задалсан билээ. Цагаан захтан, эсвэл тэрбумтан, бүр өөрөөр бол сайн санаат туслагчийн дүрээр орж ирээд, улс орны хамаг шим шүүсийг сорогчдыг ийн нэрлэдэг.

Хар алтны арвин нөөцтэй Эквадорт 1968 оноос газрын тос дамжуулах хоолой тавьж, АНУ-д нефть нийлүүлэх хамгийн том 10 орны нэг болгосон юм. Энэ хоолойн “ачаар” тэндэхийн халуун орны борооны ойн ихэнх хэсэг устаж, тоть шувуу, ягуарууд болон эртний соёл иргэншлийнх нь омог мөхлийн ирмэгт тулжээ. Удаа ч үгүй 1970 оноос буюу “Газрын тосны дэлбэрэлт” гэгдсэн хугацаанд Эквадорт ядуурал 50-70, ажилгүйдэл 15-70, улсынх нь гадаад өр 240 саяас 15 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Хамгийн эмгэнэлтэй нь, хүн амынх нь хамгийн ядуу хэсэгт ногдох үндэсний баялгийн хувь 20-6 хувь хүртлээ буурсан юм. Хөрөнгө оруулагч компанийн нэрээр орж ирсэн эдийн засгийн алуурчдын үнэн дүр төрхийг Перкинс ийнхүү дэлгэснээрээ байгалийн нөөц баялаг ихтэй улс орнуудад заналхийлж буй аюулыг танихад томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ.

Зэс, алт, нүүрс, ноос, ноолуур, газрын тос, мал сүрэг гээд хавийн хэн бүхэнд гайхуулах бүхэн Монголд байна. Гэвч сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин нэмэгджээ. Гэтэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2008 онд 8,2 тонн байсан бол 2010 онд бүр 1,7 тонн болж бараг долоо дахин буурсан үзүүлэлттэй байна. Энэ тооны цаана Монгол дахь нөөц баялаг хаа нэгтэй, хэн нэгний захиалгаар золиослогдоод байгааг хэлж байна. Уул уурхайг хөгжлийн ганц түүчээ гэж өргөмжлөөд, гадаадынхныг хэмжээ хязгааргүй ноёлуулснаас хүрз барьж, газар ухахаас бусад салбар нь мөхөлдөө хүрчихжээ. Боловсрол, эрүүл мэнд, барилга, дэд бүтэц гээд хүний хөгжлийг бүтээх нийгмийн суурь бүтцүүд ганц уул уурхайн сүүдэрт хоргодож байна. Гарах гарц нь гэвэл Жон Перкинсийн тодорхойлсноор, эдийн засгийн алуурчдыг бас тэднийг хэн захиалсныг олох. 

 

“ХӨШИГ”-ТЭЙ ТӨСВИЙГ ХЭН САЙН ЛОББИДОХ ВЭ?

Эдийн засгийн “алуурчид”-ын тухай бүр өмнө нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн алуурчид аль хэдийнэ ороод ирчихсэн” гэж хэлж байсан юм. Тэгвэл Монголд өрнөж байгаа маргаантай асуудлын нэг хэсэг нь улсын төсөвт илэрч байж мэднэ хэмээн зарим хүн хардаж буй. Татвар төлж буй хэн бүхэн ийн хардах эрх нь ч нээлттэй. Ирэх оны төсвийн төсөл “авлигажсан”, “хөөсөрсөн” гээд олон нэр томъёогоор тодорхойлогдож байна. 800 саяар босох байшинд найман тэрбумыг нэхдэг, нэг барилга барих төсөв аймаг бүрт өөр өөрөөр төсөвлөгдөн гарч ирдэг гээд өнгөрсөн оны төсөвт хуудуу ихтэй зарлага олон байгааг Ерөнхий сайд хөндөн тавьсан. Төсөвт өртөг нь 5-10 дахин өссөн 200 гаруй барилга, обьектийг 144 болгон хасч 46-г нь үргэлжлүүлэхээр шийдсэнээр 300 тэрбум төгрөг хэмнэсэн хэмээн УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлсэн. Гэвч үлдсэн төслүүд дээр нэмж 96 барилгын ажил яаж ийгээд л нэмэгдээд ороод ирсэн нь шүүмжлэл бий болгоод байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Төсөв хэлэлцэж байгаа одоогийн механизм маань хэн сайн лоббидож чадаж байгаад нь үйлчилж байгааг бид харлаа. Зарчмын хувьд улс төрийн намууд ингэж тохиролцож, лоббид автаж төсвөө батлах нь улс орны амин чухал асуудал болсон эдийн засгийн бодлогоо буруу тал руу чиглүүлж байна гэсэн үг” гэсэн юм. Төсвийн тухай хуулийн 8.4.8-д “Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах” тухай заасан байдаг. Тэгээд ч ирэх оны төсвийг батлах хугацаа хуулийн дагуу өнөөдөр. Энэ тохиолдолд төсөв хэр бодитой, бас эдийн засгийн үр ашигтай батлагдах вэ гэдэг нь асуулт болон үлдэж байна.

Өөрөөр хэлбэл, маргаантай төслүүдийг цагийг нь тулгаж байгаад ногоон гэрлээр батлуулах гэж байна гэж иргэд ч шүүмжилж, хардаж байна. Татвараа төлж улсын сан хөмрөгийг бүрдүүлж буй хэн бүхэнд ийм хардах эрх нь ч бас нээлттэй юм. 

Төсвийн ил тод байдлын талаар Нээлттэй нийгэм форумаас “Төслийн дэлгэрэнгүй танилцуулга болох 300 гаруй хуудас материалыг өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд нийтлээгүй байна” гэж мэдээлсэн. Бас “Ийнхүү Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг цаг тухайд нь иж бүрнээр нь ил тод болгохгүй байгаа нь 2012 болон 2013 оны төсвийн төслийн тухайд ил тод байдлыг харьцангуй сайн хангаж байсан зарчмаасаа ухарсан байгааг харуулж байна. Энэхүү ухралт нь төсвийн процесст олон нийт оролцох идэвхэд сөргөөр нөлөөлж, Төсвийн тухай хуулийн “Төсвийг төлөвлөх, хэлэлцэх, батлах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” тухай заалтыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна” хэмээн тус форум үзэж байна.

 

ӨР БИШ ӨР

Ирэх оны төсвийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийсэн билээ. Тэд “Шинэчлэлийн Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлжээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үлдээх бодит нөхцөл бүрэлдээд байна” хэмээн дурдсан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т өөрчлөлт оруулах төсөл”-ийг буруушааж байна гэж бас энэхүү дүгнэлтэд дурдсан байдаг.

Харин Засгийн газар энэхүү өр зээлээ өр биш, хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт хэмээн нэрлэж буй нь олон хүний шүүмжлэлийг хүлээж байна. Бүр тодруулбал, өрөөр “өндөглөж”, санаатайгаар саад бий болгож байна гэж зарим хүн буруушааж байна. Учир нь “царцаах” боломжтой зарлагуудыг сэргээж, өрийн хэмжээгээ нэмэх санаархал гаргаж буй нь ийнхүү эдийн засгаа боомилж байна хэмээн эдийн засагчид хардаж буй юм.

Иймд ирээдүйн Буркина Фасо болж, ганц салбараас хамааралтай харалган төсөвтэй байхгүйн тулд гарцаа тодорхойлох цаг иржээ.

 

Жон Перкинс: Улстөрчид корпорациудын нөлөөнд автчихсаныг баримт харуулж байна

 

“Эдийн засгийн алуурчны наминчлал” бүтээлээрээ дэлхий дахинд шуугиан тарьсан зохиолч Жон Перкинс “http://truth-out.org” цахим хуудаст ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын хэсгээс хүргэж байна.

 

-Таны номыг уншсан зарим хүн “Энэ бол үнэнээс хэтэрхий хол түүхийг өгүүлсэн, ганц хүний түүхээс сэдэвлэсэн бүтээл” гэж шүүмжлэх нь бий. Та тэдэнд юу гэж хариулах бол?

-Миний хэлж чадах ганц зүйл бол Латин Америк даяарх улсуудын нэг Панамын төрийн тэргүүн Торрихос, Эквадорын Ерөнхийлөгч Ролдос гээд олон хүн эдийн засгийн алуурчин хийсэн гэдэг зүйл юм. Та Бүгд найрамдах Доминикан улсын иргэдээс асуугаад үзээрэй, тухайн үеийн гэрч болсон хүмүүс нь үнэхээр эдийн засгийн “аллага” болж байсныг хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд ч тоолж барамгүй олон баримт дэлгээстэй бий. Миний номд дурдсан бүх зүйл бодит юм. Та үүнийг нягтлаад шалгаж болно шүү дээ. Бүр “Бичл” корпораци миний эсрэг хуулийн зүйл бий хэрэг үүсгэсэн. Тэд намайг номд дурдагдсан “Бичл”-тэй холбоотой хэсгээс нэрээ арилгуулахыг шаардсан. Бас зарим байгууллага ч ийм л маягаар асуудалд хандаж байна. Бидний тэдэнд өгөх хариулт гэвэл надад асар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Хэрэв тэдний энэхүү дайралт үргэлжилсээр байвал бид нэмэлт  баримтаар баяжуулан номынхоо дараагийн цувралыг хэвлэх болно. Ингэсэн тохиолдолд тэд хэзээ ч хуулийн зарга хийж, бидэнд дахин асуудал удахгүй. Хүмүүс үнэхээр мэдэхийг хүсч байгаа бол би бүх баримтаа дэлгэхэд ямар ч асуудал алга.

-Зах зээл дэх өрсөлдөөн, бараа бүтээгдэхүүний худалдаа гээд капитализмын хөшигний цаана дандаа улс төр байдаг гэж та боддог уу?

-Асуултгүй зүйл шүү дээ. Миний дээр дурдсан корпорациудын эргэлдүүлж буй том мөнгийг улстөрчид удирдаж байдаг юм. Корпорациудын дэмжлэггүйгээр тухайн улс оронд ямар ч улстөрч сонгуульд ялж гарч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэн ч үндэсний оргил болсон талбарт дэмжлэггүйгээр гарах боломжгүй. Үүнийг бид Обамагийн жишээнээс харж байна. Тэр анх гарч ирэхдээ томоохон корпорациудаас ямар ч мөнгө авахгүй гэж байсан ч эцэстээ хүлээж аваад эхэлж байна шүү дээ. Одоо энэ бүхний үр дүнг бид үзэж байна. Түүний санхүүгийн бодлого “Уолл стрийт”, “Голдман сакс”-аар хэрэгжиж, хөдөө аж ахуйн бодлого нь хөдөө аж ахуйн бизнесүүд болох Монсанто зэргээр дамжин хэрэгжиж байна. Учир нь тэд түүний кампанит ажлыг маш их мөнгөөр дэмжиж байна. Ингэхээр улстөрчид корпорациудын нөлөөнд маш, бүр маш их орооцолдсон байна.