Э.СОЛОНГО

Ирэх оны төсөвт баяжуулсан хүдэр буюу ган чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг төсөв боловсруулагчид онцолж байгаа. УИХ ирэх саруудад улс орныхоо хөгжилд зарцуулах, иргэдийнхээ амьжиргааг дэмжих нийт хөрөнгийн тавны нэг болох 1.4 их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос бүрдүүлэхээр болсон. Үүний 12 хувийг төмрийн хүдрээс олох юм. Ирэх онд зэс, нүүрсний дараагаар төмрийн хүдрийн орлого төсөвт гол байр суурийг эзэлнэ.

Үүнтэй зэрэгцээд төмөрлөгийн зах зээлийг сэргээх төрийн төлөвлөгөө Сайншандын аж үйлд­вэрийн цогцолбор, Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү чиглэлээ. Ган боловсруулах, хүдэр баяжуулах ажил Засгийн газраас өнгөрсөн онд боловсруулсан “Монгол төмөр” хөтөлбөрөөр эхэлж байгаа юм. Ийнхүү төр ирэх онд төмрөөс олох орлогоо өөдрөгөөр төсөөлж, байшин барилга, замд ашиглах төмрийн бүтээгдэхүүнээ дотооддоо шийднэ гэж амласан тул гараанаасаа хөдөлсөн гангийн олборлолт, боловсруулалт замдаа саатах “эрхгүй” нь.

 

УРД ХӨРШ РҮҮ “УРСАХ” ТӨМРИЙН ХҮДЭР 

 

Манай улсын газрын хөрсөн дор нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдэр байгааг судлаачид тогтоожээ. Үүний 90 хувийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой аж. Гэвч Монгол Улс өнгөрсөн хугацаанд дэлхийн гангийн хэрэглээний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг урд  хөршийн гангийн үйлдвэрүүдийн түүхий эдийг хангаж иржээ. Монголоос Хятад руу 40 орчим компани төмрийн хүдэр гаргадгаас нийт экспортын 80 орчим хувийг өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр” компанийнхан бүрдүүлж байна.

Өнгөрсөн гурван жилд манай улс 6.5 сая тонн төмрийн хүдрийг Хятадын хилээр давуул­жээ. Үүнээс бидэнд ирсэн ололт нь баяжуулсан төмрөө арай ахиу үнээр өгдөг болсных. Монгол Улсыг төмрөө боловсруулж, ган үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайг салбарынхан онцолж байна. “Гангийн үйлдвэрлэл гадаад зах зээлээс хэт хамааралтай тул эрсдэл их. Мөн байгаль орчинд хатуу дэглэм шаарддаг. Тиймээс дунд болон урт хугацааны сайн бодлого баримталж, хөгжүүлэх нь оновчтой. Манай улсын төмрийн хүдрийн олборлолт, экспорт сүүлийн жилүүдэд огцом өссөн. Баяжмалын хэмжээ ч дагаад нэмэгдсэн. Хангалттай нөөц ч байна” хэмээн “Гложекс Холдинг” компанийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар хэлсэн юм. 

 

6.4 САЯ ТОННЫГ ТУШААСАН Ч НЭГ ТЭРБУМЫГ ТӨЛНӨ 

 

Манай улсын ган бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-400 мянган тонн. Үүний 80 гаруй хувийг Хятадаас импортлодог. Ингэхдээ жилд 3-6 сая тонн төмрийн түүхий эдийг урд хөршдөө “тушааж” хариуд нь 600 гаруй сая ам.доллар буюу нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй ган бүтээгдэхүүн авч байна. Монгол Улс өнгөрсөн онд 6.4 сая тонн төмрийн хүдрийг гадагшаа гаргасан бол ирэх онд 6.5 саяыг экспортлохоор төлөвлөжээ.

Манай улс саяхнаас төмрийн нийт хэрэглээний 20 хувийг өөрсдөө шийддэг болсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын өсөлт  125 хувьд хүрсэн судалгаа бий. Үүнийг даган төмрийн эрэлт огцом өсч байгааг салбарынхан хэлсэн. Ирэх онд ган бүтээгдэхүүний импорт 100-200 мянган тонноор нэмэгдэх төлөв байна.

 

ХЯТАДЫН “СОРОХ” БОДЛОГО

 

Өмнөд хөрш ирэх таван жилийн төлөвлөгөөндөө гангийн үйлдвэрлэлээ дэмжих хэд хэдэн бодлого боловсруулжээ. Тэд эхний ээлжинд ган бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, гадны орнуудаас ган худалдаж авахгүй байх нөхцлөө бүрдүүлэх зорилт тавьсан байна. Мөн ган үйлдвэрлэдэг томоохон 10 компанийнхаа зах зээлд эзлэх 49 хувийг 60-д хүргэж, гадны орнуудын төмрийн хүдрийг улсдаа төвлөрүүлэхийн тулд бүс нутгийн гангийн үйлдвэрүүдээ дэмжихээр болжээ. Тус улсын энэ бодлогыг олон улсын шинжээчид “Дэлхийн гангийн хэрэглээний ихэнх хувийг хангадаг Хятад улс энэ салбарын хөгжлөө сааруулж, төмрийн хүдрийн нөөцөө хуримтлуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн үзэж байна. Тэгэхээр бүс нутгийн гангийн үйлдвэрээ дэмжин хөрш орнуудынхаа түүхий эдийг “сорох” өмнөд хөршийн энэ бодлогод гангийн салбарынхаа хөгжлийн гарцыг хайж буй арвин нөөцтэй Монгол Улс хамгийн түрүүлж өртөх нь.