Э.СОЛОНГО

Монгол Улс хөнгөн үйлдвэрээс хүнд үйлдвэр рүү шилжих цаг ирснийг өнгөрсөн баасан гаригт  болсон “Metals Mongolia-2013” чуулганы оролцогчид онцоллоо. Манай улс сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө мөнгө, хүн хүчээ хуваарилж, хүнд үйлдвэрлэлийн хөгжлийг орхиж явааг тэд хэлж байв. Энэ жилээс төр алт, зэс, төмрийн боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа нь гадны  хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа аж.

“Metals Mongolia-2013” чуулганы оролцогчид Монголын металлыг хэрхэн хөрөнгө болгох талаар саналаа солилцсон юм. Ирэх онд Засгийн газар “Монгол Алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг эхлүүлэх юм.

 

2400 ТОНН АЛТЫГ “ОНИЛСОН” “АЛТ” ХӨТӨЛБӨР

Монголын өнөөгийн алтны зах зээл дунджаар 10 тэрбум ам.доллар аж. Ирэх 20-30 жилд үүнээс хэдэн зуу дахин их баялгийг ашиглах боломж байгааг Уул уурхайн яамныхан хэлж буй. Манай улсын гуравны нэгд л ашигт малтмалын хайгуулын судалгаа хийсэн гэхээр ирээдүйд одоогийнхоос илүү их үнэт металл боловсруулах шаардлага гарна гэж салбарынхан тооцоолжээ. Өнгөрсөн 20 гаруй  жилийн хугацаанд манай улс 130 гаруй тонн алт олборложээ. Гэвч олохын хэрээр газар нутаг сүйдэж, хайгуул, олборлолт явуулж буй компани орон нутгийн иргэдийн дундах үл ойлголцол одоо ч үргэлжилж байгаа нь энэ салбарын “шүдний өвчин” болсон юм. Монгол Улс ирэх жилүүдэд одоогийнхоос илүү их шар металл олборлоё гэвэл энэ асуудлыг цэгцлэх шаардлагатайг оролцогчид хэллээ.

Одоогийн байдлаар Монголын газрын хөрсөн дэх алтны нөөц 2400 тонн. Гэхдээ энэ тоо олон улсын стандартыг нэвтрүүлснээр өснө гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. “Metals Mongolia-2013” чууланд  оролцогчид “Алт” хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй технологийг ашиглах, олборлолтын зардлаа бууруулж, нинжа нарын толгойг илэх бус илүү хариуцлага тооцохыг төрд сануулсан юм.

 

ОЮУТОЛГОЙ 85 МЯНГАН ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Монголын металлыг онцолсон салбарын төлөөллүүдийн нэг “Эрдэнэс МГЛ” компани компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян стратегийн ордууд болон металлургийн ашигтай төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. “Эрдэнэс МГЛ” компани нь Оюутолгойн 34, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг. Мөн сүүлд стратегийн ордод багтсан “Цагаан суварга” компанийн тодорхой хувийг шилжүүлэн авахаар болжээ. Иймээс “Эрдэнэс МГЛ” эзэм­шиж байгаа хувь хэмжээндээ тохируулан зэсийн бүтээгдэхүүн боловсруулах “Мон зэс” хөтөлбөрөө эхлүүлжээ. Тус компани эхний ээлжинд олборлосон баяжмалынхаа 20 хувийг дотооддоо боловсруулах юм байна.

Эрдэнэтийн үйлд­вэрийг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулахаар 1980-аад оноос ярьсан ч одоо болтол судлаад байгаа нь зэсийг боловсруулахад гарах хүхрийн хүчлийн асуудлыг шийдэж чадахгүй байгаатай холбоотойг О.Сайнбуян захирал онцоллоо. Монголд хүхрийн хүчлийг хэрэглэх үйлдвэр, технологи байдаггүй. Иймээс “Эрдэнэс МГЛ” компанийн судалснаар олон улсад ашиглаж буй уусган боловсруулалтын аргыг Эрдэнэтийн үйлдвэрт ашиглах боломжтойг тогтоожээ. Ингэснээр “Эрдэнэс МГЛ” өөрсдийн эзэмшиж буй 270 орчим мянган тонн зэсийн баяжмалыг уусган баяжуулалтын аргаар гаргахаар болжээ.

“Эрдэнэт” үйлд­вэрийг түшиглэн байгуулах энэ үйлдвэрт эхний ээлжинд 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин “Оюутолгой” компани өнгөрсөн онд зэсийн баяжмал үйлдвэрлэх туршилтыг хэрэгжилжүүлж, өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс анхны баяжмалаа экспортод гаргасан. Ингээд Хятадын гаалийн агуулахад саатаад байсан  баяжмалыг сарын өмнөөс хэрэглэгчдэд нь дэлхийн зах зээлийн үнээр хүргэж эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани 43 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, энэ онд 85 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснийг тус компанийн Нөөцийн стратеги ба шинэчлэлийн хэлтсийн дэд захирал Т.Мөнхбат хэлэв.

 

ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ДАГАСАН ТӨМРИЙН ЭРЭЛТ

Манай улсын  төмрийн нөөц нэг тэрбум 160 сая тонн. Үүний ихэнх нь Төмөртийн ордод 229 сая, Таян нуурын ордод 187 сая, Цахиур-Овоотод 88 сая тонн төмөр байгаа аж. Нийт 40 орчим компани төмрийн хүдрийг гадны орнуудад экспортолдог байна. Энэ оны эхний 10 сарын статистикаас харвал үүний 70 гаруй хувийг “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр” компани экспортложээ. Манай улс өнгөрсөн онд 318 мянган тонн төмрийг гадагшаа гаргасан бол энэ онд 322 мянгыг экспортлоод байна.

Бид жилд 300 гаруй мянган тонн төмөр гаргадаг атлаа гаднаас 600 сая ам.долларын ган бүтээгдэхүүн авдаг аж. Ирэх жилүүдэд төмрөө гадагшаа “урсгаж” импортод ихэнх мөнгөө “хийсгэхгүйн” тулд төмрийн хүдрийн баяжмалаа  боловсруулахыг төрөөс анхаарч байгаа аж. Дотоодын гангийн хэрэглээ ч жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал,  гангийн 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн байдгаас манайд арматур, ган бөмбөлөг болон төмөр замд ашиглах бүтээгдэхүүний эрэлт их байна. Засгийн газраас орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр манай улсын төмрийн хэрэгцээ огцом өсчээ. Барилгын салбар огцом өсч, төмөр замын хөгжлийг эрчимтэй ярьж байгаа энэ үед төмөр, гангийн эрэлт улам ихсэнэ. Тиймээс зогсонги байдалтай байгаа төмрийн хүдрийн хайгуулыг эрчимжүүлэхийг салбарынхан төрд сануулж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 100 гаруй мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүний 60-70 хувийг дотооддоо ашигладаг байна. Тус үйлдвэр хүдэр боловсруулдаггүй, хаягдал төмрийг дахин боловсруулдаг тул олдоц болон улирлын нөлөөллөөс хамаарч бүрэн хүчин чадлаа ашиглаж чаддагүй аж.

“Metals Mongolia-2013” чуулганы оролцогчдын зарим төлөөллийн байр суурийг сонслоо.

 

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл: МЕТАЛЛУРГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

-Металлургийн үйлд­вэрийг хөгжүү­лэхэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтүүдийг төрөөс үзүүлэхээр болсон. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид ч таатай хүлээж авна. Энэ хэрээр хөрөнгө татах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Одоогоор манай улсад гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах саналыг Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсын томоохон үйлдвэрийн эзэд тавиад байна. Засгийн газраас баталсан алт, зэс, төмрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон хувилбарыг ярьж байгаа. Зэсийн үйлдвэрлэлийг дэмжихэд “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон, “Эрдэнэт” үйлдвэр болон “Цагаан суварга”-ын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн нь ихээхэн түлхэц болно. Манай дотоодын  төмрийн хэрэгцээ 300 гаруй мянган тонн. Ойрын жилүүдэд 400-500 мянган тонн болгох нөхцөл бүрдээд байна. Эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангана. “Монгол төмөр” хөтөлбөрийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ түшиглээд үйлдвэр босгох бүрэн боломжтой. Хөтөлбөрүүдийг Засгийн газраар хэлэлцүүлж, тодорхой шийдэлд хүрсний дараа хаана, хэдэн үйлдвэр хэрхэн байгуулах талаарх нарийн дүр зураг гарна. Үйлдвэр байгуулахад олон ч гарц, шийдэл байгааг чуулганд оролцогчид хэлж байна.

 

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян: ЗЭС БОЛОВСРУУЛАХ ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ ГАДНЫХАН СОНИРХОЖ БАЙНА  

-“Эрдэнэс МГЛ” компани “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Цагаан суварга”-аас хувь эзэмшихээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бүртгэлтэй байгаа төмрийн ордын лиценз манайд байгаа. Цаашид эзэмшиж байгааийн хувьд ямар эрх үүрэгтэй оролцох, Төмөртэй ордыг яаж  ашиглах, хэрхэн боловсруулах талаар “Мон төмөр” хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийг эхлүүлснээр манай эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлэхээс илүү уул уурхайн салбарт олборлох, баяжуулах үзэгдлийг хална. Түүхийгээр нь гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж илүү ашигтай ажиллах боломжтой. Зэсийн хөтөлбөрийн хүрээнд жилд 270 мянган тонн зэсийн баяжмалыг уусган баяжуулж дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөөд байна. Энэ хөтөлбөрт хамтран ажиллах гадны хөрөнгө оруулагчдын санал ирж байна. Энэ чуулганд ирсэн гадныхантай хамтарч ажиллах талаар ярилцаж байна.     

 

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд: БИД 30 ГАРУЙ ТОНН АЛТ ОЛБОРЛОНО

-Алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Хууль эрх зүй болон эдийн засгийн таагүй үеийг туулж байна. Зах зээл нь гадаадад өсөлттэй байгаа ч дотооддоо эрхзүйн хувьд тааламжтай биш. Хэдийгээр холбогдох хуулиудыг сайжруулахаар хэлэлцэж байгаа ч хүлээлттэй байна. Алтны үнэ дэлхийн зах зээлд нүүрс, зэсийнхээс харьцангуй өсөлттэй байгаа тул гадныхан манай алтны салбарыг илүү сонирхож байгаа. Металлын бусад төрлийг бодоход хөрөнгө оруулагчид нь тогтвортой байна. Гэхдээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин үүнд нөлөөлсөн. Өөрчилж, шинэчилж байгаа хуулиудын хүрээнд ирэх жилүүдэд алтны олборлолт өснө гэж бид тооцоолж байна. 2015 онд “Оюутолгой”, “Бороо гоулд”-ын олборлолтыг оруулахгүйгээр бусад компани 30 гаруй тонн алт нийлүүлнэ гэсэн судалгаа бий.

 

“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн: ТАВАН МЯНГАН ТОНН ГАН ЭКСПОРТОЛНО

-Өмнөд хөрш дэлхийн гангийн хэрэглээний 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Бид жилд урд хөрш рүү таван мянган тонн ган нийлүүлснээр тэр том зах зээлийн дуслыг л бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” жилд таван мянган тонн ганг асуудалгүй борлуулна гэсэн үг. Энэ цогцолборын эхний бүтээн байгуулалтад Засгийн газар 26 тэрбум төгрөг хуваарилсан. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гангийн үйлдвэр аль ч улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Энэ үйлдвэр хөгжсөнөөр тухайн орны ДНБ тогтвортой өсөх гол суурь болдог. Энэ зарчмаар манай эдийн засаг, ДНБ-д таатай нөхцлийг авчирна гэж тооцоолж байгаа.

 

“Гложекс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар: ТӨМРИЙН БАЯЖМАЛ ТӨСӨВТ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

-Гаалийн статистик мэдээллээс харахад, манай улс төмрийн баяжмалаа 2008 онд нэлээд өндөр үнээр экспортолсон ч энэ дүн 2009 онд огцом буурсан байдаг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе болж, баяжмалын үнэ огцом унасантай холбоотой. Үүнээс хойш төмрийн баяжмалын экспортын үнэ аажмаар өссөн. Манайх байнга өсөлттэйгээр баяжмалаа гаргаж байсан. Өнгөрсөн онд нэг тонн төмрийн баяжмалыг 83 ам.доллараар зарж байсан бол энэ онд 100 ам.доллар болсон. Тэгэхээр энэ он манай төмрийн салбарын хувьд боломжийн байсан гэж хэлж болно. Бид төмрийн баяжмалын экспортын ирээдүйг гурван хувилбараар авч үзсэн. Нэгдүгээрт, өнөөдрийн байгаа үнэ болох 100 ам.доллараар баяжмалаа зарна. Хоёрдугаарт, харьцангуй өөдрөг буюу 120 ам.доллараар, гуравдугаарт, гутранги буюу 80 ам.доллараар баяжмалаа экспортлох хувилбар байгаа. Ингээд үзвэл, 2016 онд жилдээ 11 сая тонн баяжмал экспортлох нөхцөлд нийтдээ 900 саяас 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогыг зөвхөн баяжмал үйлдвэрлэгчдээс олох боломжтой байна. Үүнийг дагаад нөөцийн төлбөр болон бусад татвар хураамжийн 200-350 сая ам.доллар улсын төсөвт орох бололцоотой байна.