Ч.ҮЛ-ОЛДОХ
Манай улсын хөгжил, бүтээн байгуулалтын салбарын гол түүхий эдийн нэг, стратегийн бүтээгдэхүүн болох цемент сүүлийн үед анхаарал татсан сэдвийн нэг боллоо. Гол асуудал өнгөрсөн хавраас өрнөсөн үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих үү, энэ чиглэлд манай эрэлт, нийлүүлэлтийн гол судсыг атгаж байдаг Хятад улсад найр тавих уу гэдэгт чиглэж байгаа юм. Нөхцөл байдал ямар байна вэ гэвэл, манай улс цементээ бараг 100 хувь шахам Хятадаас импортоор авдаг.
Гэхдээ үндэсний үйлдвэрлэгч “Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэр, “Эрэл” компанийн цементийн үйлдвэр, МАК болон “Монполимет” компанийн сүүлийн үеийн техник, технологиор барьж эхлээд буй цемент, шохойн үйлдвэр нийлүүлэлтийн тодорхой хувийг эзэлж байгааг мартаж болохгүй.
Гэтэл үүнийг судалсан урд хөрш маань цементийн салбарт манай улсыг хараат байлгаж ирсэн монополь байдлаа хадгалахыг гол болгож байгаа. Тухайлбал, үйлдвэрлэлээ нутагт нь ойртуулахын зэрэгцээ гол түүхий эдүүдээ Монголоос, газар дээрээс нь хямд авах үүднээс Төв аймгийн Сэргэлэн суманд төрийн өмчийн компанийнхаа 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэрийн шавыг 2009 онд тавьсан. Зогсонги байсан энэ ажлаа олон нийтийн анхаарал Ерөнхийлөгчийн сонгууль руу хандаад байсан хавар, зуны хэдэн сард эрчимжүүлж, өдгөө бүтээн байгуулалтын гол ажлынхаа ард гараад байна. Энэ талаар бид “Төв аймгийн Сэргэлэнд хятад хороолол босч, монголчууд цемент үйлдвэрлэхээ болино” гэсэн гарчигтай цуврал нийтлэл, сурвалжлагаар өмнө нь хүргэсэн. Иймд байдал ямар байгаа болон холбогдох албан тушаалтнууд хэрхэн мэдэн будилсан хариу өгч хугацаа хожиж бас аргацааж байгааг энд нурших илүүц юм. Харин сүүлийн үед дуулдаж буй шинэ мэдээллүүдээс тоймлон хүргэе.
Юуны өмнө есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр манай сурвалжлах багийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхитын хөндийд барьж буй үйлдвэрт очиход ажлаа түр зогсоогоод байсан бол өнгөрсөн долоо хоногоос идэвхжжээ. Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар бол 300 орчим хятад ажилчин ирсэн нь хоёр ээлж болон өдөр, шөнөгүй ажиллаж байна. Есдүгээр сарын сүүлчээр тус үйлдвэрийн барилгын ажил яагаад зогссон бэ гэвэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үүрэг өгсний дагуу шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байв. Биднийг газар дээр нь очиход сум, орон нутгийн удирдлагууд ч дээрээс ирсэн тушаалын дагуу хэсгийн төлөөлөгчдөө үүрэг өгсөн хэмээн батлан хэлж байсан юм. Сүүлийн хэд хоногт ажиллах хүчнээ нэмж, идэвхжсэн учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалтай давхцаж буйг зарим телевизээр, мэдээллийн сувгаар цацагджээ. Тухайлбал, MNC-телевизийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг урд хөршид айлчлах үеэрээ Төв аймгийн Сэргэлэн суманд барьж буй Хятадын төрийн өмчит компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэрийг бүхий л талаар дэмжинэ хэмээн мэдэгджээ. Тиймээс гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа эрчимжүүлж ийнхүү 300 ажилчин оруулж ирсэн гэлцэж байна. Тэд зоригтойгоор ажлаа явуулж буйн ард нөлөө бүхий том хүн байна гэсэн хардлага гэхээс илүү дүгнэлт хийж болохоор байгаа нь ч нууц биш юм. Тэгвэл тэр нь хэн байж болох вэ, Ерөнхий сайд уу, эсвэл... гээд асуулт гарна. MNC телевизийн мэдээлж буйгаар бол тэр нь Н.Алтанхуяг болж таарч байна. Тэгвэл, тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн толгой дээр “сандайлсан уу” эсвэл ҮАБЗ нь хоёр нүүр гаргаад байна ууи гэсэн асуулт бас гарна. Үгүй бол Ерөнхий сайд төрийн өндөр албан тушаалтны хувьд айлчлалынхаа хүрээнд хариуцлагагүй үг хэлсэн юм уу. Ямар ч байсан ийм нэг үйл явдал болох нь болж, түүний дүнд юу үнэн бэ гэвэл тэр үнэн гэдэг шиг Сэргэлэн суманд хятад хороолол босч, монголчууд цемент үйлдвэрлэхээ болих нь тодорхой болж эхэллээ.
Өөр нэг асуудал бол Хятадын цементийн үйлдвэрийг барьж байгаа хятад ажилчид ажиллах хүчний квотын зөвшөөрөлгүй жуулчны визээр орж ирдэг гэсэн мэдээлэл юм. Тус үйлдвэрийн газар шорооны ажлыг хийж буй нутгийн иргэний хэлснээр одоо 300 гаруй хятад ажилчин байгаагийн 100 гаруй нь энэ сарын 15-даар нутаг буцна. Учир нь тэдний визний хугацаа нь дууссан. Харин саяхан ирсэн 150 гаруй хятад ажилчин үлдэж ажиллах гэнэ. Жуулчны визээр ажиллах хүч оруулж ирдэг иймэрхүү ажлыг хэр баргийн хүн хийж чадахгүй. Тэгэхээр энэ асуудал нэлээд дээд түвшний эрх мэдэлтэй дарга нарын хийж чадах ажил болох нь ойлгомжтой. Мэдээж тэдний зүгээс л Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд үүрэг өгч таарна. Тийм учраас жуулчны визээр ажиллах хүчин оруулж ирж байгаа газарт тус албанаас шалгалт хийдэггүй , харин ч визийг нь сунгаж өгөөд явдаг юм биш байгаа гэсэн хардлага байна. Ам дамжсан яриагаар бол ийм асуудал байдаг гэлцдэг. Тэгвэл зохион байгуулалтад орсны тод жишээ магадгүй Төв аймгийн Сэргэлэн суманд үүсээд буй нөхцөл байдал байж мэдэх юм. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааралдаа авах цаг болжээ. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд үндэсний аюулгүй байдалд ноцтой хор учруулах ирээдүйд стратегийн гол салбар болох цементийн үйлдвэрлэлээ хятадуудад найр тавьж өгсөн нь үнэн бол ҮАБЗ-өөс Ерөнхий сайд дээгүүр гараад суучихсан хүн болж байна уу. Үүнд төр, засгийн зүгээс албан ёсны тайлбар хийж, асуудлыг нэг мөр болгохгүй бол олон нийтийн асуулга, хэвлэл мэдээллийнхний эрэн сурвалжлага тасрахгүй нь бололтой.