Ж.ЦОГЗОЛМАА
Олон улсын хөрөнгө оруулагчдын “Металсс Монголиа” чуулга уулзалт маргааш эхлэх гэж байна. Металлургийн салбарын өчигдөр, өнөөдөр, ирээдүйг хэлэлцэх энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, түүний дэд хөтөлбөрүүд байх юм. УИХ-аар эдгээрийг хэлэлцэж байгаатай давхцаж буй тул энэ удаагийн чуулга уулзалт эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, ажил хэрэгч үнэтэй санал, дүгнэлтүүдийг олны хүртээл болгох нь.
Хоёр жилд нэг удаа зохиогддог чуулга уулзалтын анхных нь 2011 онд буюу ашигт малтмалын үнийн оргил үед тохиосон билээ. Тэгэхэд манай улсын эдийн засгийн өсөлт түүхэнд анх удаа 17 хувьд хүрсэн бол энэ удаад 10 хувьтай байгаа. Уул уурхайн салбар манай эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдгийг хаана, хаанаа ойлгох болсон энэ үед “Металлс Монголиа” чуулга уулзалтаас хөрөнгө оруулагчид олон зүйл хүлээж байна. Энэ талаар уулзалтын ерөнхий зохион байгуулагч, “Гложекс Холдинг” компанийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хоёр жилд нэг удаа зохиогддог “Металлс Монголиа” уулзалт маргааш эхлэх гэж байна. Таны хүлээж буй үр дүн юу вэ?
-Анхны уулзалтад технологи нийлүүлэгч компаниуд болон боломжит төслүүд байвал хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой хүмүүс нэлээд оролцсон. Тухайн үед төмөрлөг, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх технологи бодитойгоор гараагүй байсан юм. Тиймээс ч анхны хурлаараа бид энэ асуудлыг хөндөн тавьснаараа нэлээд хэдэн төсөл хэрэгжих суурь судалгаанууд гарах үндэс болсон.
Энэ удаагийн хурлаас хүлээж буй гол үр дүн гэвэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор “Монгол алт”, “Монгол зэс” зэрэг дэд хөтөлбөр гарах гэж байна. Эдгээрийг боловсруулж байгаа цаг мөчтэй давхцан “Металлс Монголиа” чуулга уулзалт зохиогдож буй нь нэлээд ач холбогдолтой болж байна. Энэхүү хөтөлбөрүүдийг эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлэх гэж буйгаараа энэ удаагийн хурал ихээхэн ач холбогдолтой.
-“Металлс Монголиа” уулзалтын анхны хуралдаан 2011 онд болж байлаа. Тухайн үед эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрсэн шүү дээ. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулбал ямар өөрчлөлт гарав?
-Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан болохоор тухайн үед зах зээл маань маш таатай байлаа. Уул уурхайг хүмүүс зүгээр л сууж байгаад мөнгө олчихдог юм байна гэж төсөөлж байсан байх. Гэвч энэ бүхнийг манай чуулганы анхны уулзалтаар “Ашигт малтмалын үнийн өсөлт гэдэг хэлбэлзэлтэй байдаг. Үнэ буурсан үед эдийн засаг нь олон морьтой болсон байх ёстой. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засгийн бат бэх байдал хадгалагдана” гэдгийг сануулж байсан. Тиймээс зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болоход тэмүүлэх ёстой. Тэгэхээр бид Монголдоо алт цэвэршүүлэх, төмөр, зэс хайлуулах үйлдвэр барих боломжтой байна.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт барих бодлогыг хараахан батлаагүй байна. Тиймээс хөрөнгө оруулагчид, “Металлс Монголиа”-ын оролцогчид ямар хүлээлттэй байгаа бол?
-Энэ бодлого болоод дэд хөтөлбөрүүд нь уулзалтаар анх удаа яригдах гэж байгаа учраас маш ажил хэрэгч саналууд гарах байх.
-Анхны уулзалтаас гарсан санал, дүгнэлтүүд хэрхэн биеллээ олов. Та юу гэж харж байна вэ?
-Анхны хурлын дараа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо маш шуурхай ажилласан. Хар төмөрлөг, зэс хайлуулах үйлдвэр зэрэг хэд хэдэн суурь судалгааны ажлыг цаг алдалгүй гаргасан. Одоо Эдийн засгийн хөгжлийн яамнаас эдгээр суурь судалгааг үндэслээд ТЭЗҮ хийхээр болоод байна. Нөгөөтэйгүүр төмрийн хүдрийн нөөц эзэмшигч компаниуд нэлээд санаачлагатай ажилласан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэлээд судалгаа хийсэн байна. Технологи эзэмшигч компаниуд Дархан, Сэлэнгийн бүсэд өндөр хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр барих боломжтой гэж үзэж байгаа юм байна. Ингэхээр ажил хэргийн төвшинд нэлээд олон дэвшилт гараад байна.