-Доншен газрын тос” компанийнхан нэг  баррель газрын тосыг  110  ам.доллараар  экспортлож байна-

Ө.БАТХҮҮ

Дорнын говийн цэл­­гэр талаас газрын  тос  хайж, олборлосон  монголчуудын  түүх  тэр­тээ 1942 оноос  эхлэлтэй. Дорноговь аймгийн  Сайн­шанд  сумын Зүүн­баян баг гэхээр уншигчид тэнд  байрлаж  байсан олон тооны орос, монгол цэргийн анги, нефть  ол­бор­лож,  боловсруулах үйлдвэр байснаар  нь мэ­дэх  билээ. 

1942-1969 оны  хооронд Зүүнбаянгаас  газрын тос  олборлож байсан  орос ах  нар Сибирьт нефтийн  нөөц ихтэй газруудыг тогтоож, манайд  энэ чиглэлийн бизнес  ашиггүй хэмээн  гарч  явжээ.  Харин  нийгэм солигдсоноос  хойш буюу 1991  оноос  хойш  газрын тосны  хайгуулын ажил дахин  идэвхжиж,  газрын  тосны  олборлолт сэргэжээ. Одоогоор манайд  энэ чиглэлээр хайгуул, олборлолт  хийдэг  16 компани  байгаагаас  гурав нь олборлолтын үйл  ажиллагаа явуулж  байна.Тэдний  нэг бо­лох  Зүүнбаянд  ол­бор­лолт  хийж  буй ма­най­тай бүтээгдэхүүн ху­ваах гэрээний  дагуу  ажил­ладаг  “Доншен  газрын тос” Хятадын  хөрөнгө оруулалттай  компани. 

2003 оноос  хойш газрын  тосны  олборлолт  явуулж эхэлсэн тус компани өнөөг хүртэл 2.9 сая баррель түүхий  тос  олборлож, өмнөд хөрш рүү  экспортод гаргажээ. Энэ  хугацаанд 188 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.  Өдгөө тус  компанид  163 хүн ажиллаж байгаагаас 40  орчим хувь  нь  хятад ажилчид  байна. “Доншен  газрын тос”-ныхон Зүүнбаянд 110 цооног өрөмдсөнөөс 96  нь  Цагаан элсний  ордод хамаарч байгаа аж. Тэд  нэг баррель газрын тосыг  110 ам.доллараар  экспортлож  байгаа юм.  Хэдийгээр манайх Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлаж  хэрэгжиж  эхэлсэн ч газрын тосны салбарыг  зохицуулах  шинэ хуулийг   Газрын  тосны  газраас УИХ-д  өргөн барьсан байна.  Мөн  газрын тосны нөөц  багасч, хөрөнгө оруулалт  багассан тул  “Доншен газрын тос” болон Тамсаг дахь “Петро Чайна Дачин Тамсаг”  компаниуд  хөрөнгө оруулалтаа  50  хувь  багасгаж, манайх хууль  эрх зүйн  орчноо сайжруулахгүй бол цаашид  үйл  ажиллагаагаа  зогсооход ч  хүрч  магадгүйг  тус компанийн  удирдлагууд олон нийтэд  мэдээлсэн юм.