Б.СОЛОНГО

 

“Миллиард 400 сая хүн амтай улс өөрсдийгөө тэжээгээд, илүү гарсан хүнсээ өөр улсад экспор­толж байна. Гэтэл гуравхан сая хүнтэй, 50 сая малтай, асар уудам газар нутагтай манай улс дотоодын хүнсээр хүн амаа хангаж чадахгүй байгаад би гайхдаг. Энэ бол бидний арчаагүй байдлын илрэл юм. Энэ арчаагүй байдалд цэг тавих гарцыг хайхын тулд өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна” гэж Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга амралтын өдрөөр хүнс үйлдвэрлэгч, импортлогч нартай уулзсан уулзалтын үеэр хэллээ. “Хүнсний аюулгүй байдлыг зохицуулах үүрэг энэ зааланд байгаа хүмүүсийн гарт байгаа. Тиймээс та бүхэн төрийн бодлогод ямар зохицуулалт хийх, юу тусгах саналтай байгааг сонсох гэж урьсан юм” гэж тэрээр хэллээ. Уулзалтад салбар бүрийн хүнсний холбоодын удирд­лагууд оролцлоо. Тэд салбарын яам нь цаашид ямар чиглэл барьж, юунд дэмжлэг үзүүлж болох талаар саналаа хэлцгээсэн юм. Уулзалтын үеэр зайлшгүй чухал шаард­лагатай байгаа саналуу­дыг холбооныхон хэлж байв. Тухайлбал, өнгөрсөн онд баталсан Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Үүнийг хоёроос, гурван аймагт яаралтай туршиж, малын худалдааг зохион байгуу­лалтад оруулмаар байна гэж Монголын махны холбооныхон хэлэв. Энэ хууль нь муу болсон төдийгүй бүр зогсчихсон гэдгийг Х.Баттулга сайд хүлээн зөвшөөрсөн юм. Мөн махны үйлдвэрүү­дийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих саналыг тэрээр дэмжив. Нийслэлчүүдийг махаар хангахын тулд нөөцийн мах гэгчийг бэлтгэдэг байдал нь зөв үү, буруу юу гэдгийг эргэн харах хэрэгтэй гэж уулзалтад оролцогчид мөн хөндлөө. 12-хон мянган тонн нөөцийн мах бэлт­гэсэн нэр зүүж байснаас бүр болиод үйлдвэрүүдээ дэмжих бодлого барим­талсан нь зөв гэж тэд үзэж байна. Мөн сүү, сүүн бүтээг­дэхүүний ариун цэвэр, малчдын хотхоны нэгдэл зэрэг олон асууд­лын талаар харилцан са­нал солилцлоо. Уулзалтад импортлогчдын холбоо­ноос төлөөлөл хүрэлцэн ирсэн байсан юм. Тэдний хэлж байгаагаар мон­голчууд жилийн дөрвөн улиралд өөрсдийн тарьсан хүнсний ногоогоор амьд­рах боломжгүй гэнэ. Жишээ нь, монгол байцаа гэхэд л жил бүрийн долдугаар сарын 01-нээс арав­дугаар сарын 15 хүр­тэл элбэг байдаг. Бусад хугацаанд олдохгүй. Тэгэ­хээр урдаас оруулж ирэ­хээс өөр аргагүй. Сон­гиныг их хэмжээгээр тариалдаг нь ердөө ганц газар. Тиймээс бас л импорт­лохоос аргагүй гэлээ. Харин өмнөх Зас­гийн газар хүнсний импор­тыг татвараар дарамтлах буруу бодлого баримталс­наас ард иргэ­дийн нуруун дээр ачаа нь очиж байгааг тэд хэллээ. Учир нь импортын ногоонд 26 хувийн татвар ногдуулсан нь гар дээрх худалдаанд очихдоо үнэ нь өндөр болдгийн шалтгаан гэнэ. Х.Баттулга сайд эдгээр саналыг сонссоны дараа өөрийн бодлыг хэл­сэн юм. “Хүнсний аюул­гүй байд­лыг хангахын тулд бодлогоо зөв тодор­хойлох ёстой. Хамгийн гол нь яам, төрийн бус байгууллага, холбоод нэг төвшинд сэтгэж ажил­лах ёстой. Манай улс 32 төрлийн хүнсний ногоогоо зуун хувь дотооддоо үйлд­вэрлэдэг болмоор байна. Бусад орны туршлагаас хуваалцаж, тусламж хэ­рэгтэй байгаа салбарт бо­дит дэмжлэгийг үзүүлнэ. Ааруул гэхэд хадгалалт голдоггүй. Ийм мундаг бүтээгдэхүүнийг малчид хийж байна. Монголын хүнсний аюулгүй байдал Эрээн, Улаан-Үдтэй харь­цуулахад л асар доогуур үзүүлэлттэй байгаа. Бидний хэрэглэж байгаа архи гэхэд л оросуудын гарт байна шүү дээ. Сүх далайтал үхэр амар гэсэн монгол зангаасаа салмаар санагдах юм” гэв. Тэрээр уулзалтын үеэр гарсан санал бүрийг тусгайлан авч хэлэлцэхээ амлалаа. Мөн арга ядсан хэдий ч нийслэлчүүдэд монгол хүнс идэх боломжийг жил­дээ ганцхан удаа ол­годог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худал­дааны хугацааг сунгах боломж байгаа эсэхийг судлахыг эцэст нь үүрэгд­сэн юм.