Ж.ЦОГЗОЛМАА
Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 42 хувиар буурчээ. Мөнгөний урсгал нь ийн татарсан жишээ зөвхөн Монгол бус гадаадын олон оронд хөвөрч байна. Дэлхийн зах зээлийн “хөдөлгүүр” болсоор ирсэн Ази тивд гэхэд хөрөнгийн урсгал 21.3 хувиар багассан албан ёсны статистик дүн бий. Гадаадаас орох валют багасчихаар хөгжиж буй улс орнуудад үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларч байгааг судалгааны байгууллагууд мэдээлэв.
Ингэхдээ ханшийн уналтыг давуу тал болгон хувиргасан жишээ ч байна. Тухайлбал, Япон улс иенийн ханшийг нам дор байлгаснаар “Хямд экспорт+үндэсний үйлдвэрлэл=өндөр ашиг орлого” гэсэн зарчмаар эдийн засгаа залуурдаж буй.
Монголд валютын ханш он гарснаас хойш 20 орчим хувиар чангарав. Экспорт нь ямагт импортоосоо хоцордог болохоор алдагдлаа хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн уламжлал энэ удаа эвдэгдсэнд учир байна. Өөрөөр хэлбэл, валютын урсгалын дундуурыг хөрөнгө оруулалтаар дүүргэсээр ирсэн Монголд гаднаас орох мөнгөний урсгал багасчихаар үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларсан хэрэг. Үүний цаана ч бас давуу тал, боломжууд нуугдаж буйг гадаад улсуудын жишээ бидэнд харуулж байна. Учир нь төгрөгийн ханшийн сулрал яригдаж буй шигээ муу, хэцүү зүйл биш огт биш гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Урд хөрш маань ганцхан өдөр л хилээ хаахад үнийн өсөлтөд боомилуулах гав гинжинд хүлүүлсэн Монголын эдийн засагт үйлдвэрлэлийн хувьсгал хийх гарц гэж тэд үүнийг тайлбарладаг.
ВАЛЮТЫН НӨӨЦ ХЯМРАЛ ДАГУУЛАХ УУ?
Манай улсын гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 2.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь импортын таван сарын хэрэгцээ юм. 2009 оны хямралын үед 500 сая ам.доллараар хэмжигдэж байсан нөөцтэй харьцуулахад 5.4 дахин их үзүүлэлт энэ юм. Иймд хямралын тухай ярих нөхцөл байдал үүсээгүй хэмээн албаны эх сурвалж ярьж байна.
Тэгвэл валютын ханшийн өөрчлөлтийн хувьд тогтмол барих боломжгүй байдаг аж. Ялангуяа, манай улс шиг зах зээлийн хууль үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа өнөөгийн нөхцөлд ханшийг хэн нэгэн нь барих гэж оролдоход эдийн засгийг нураадаг онол, хуультай.
Иймд Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг хамгаалах явдал юм. Энэ чиглэлд Монголбанк, Засгийн газар хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгөөд байна. Өөрөөр хэлбэл, итгэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй аажмаар, зах зээлийн зарчмаар нь өөрчлөгдөх боломжийг олгохыг хэлж буй аж. Энэ ч үүргээ өнөөдөр Монголбанк сайн биелүүлж оны эхнээс хойш төгрөгийн бусад валюттай харьцах ханш 20 хувиар суларчихаад байхад иргэд төгрөгөөр бүх төлбөр тооцоогоо хийж, ам.доллар луу хошуурах хандлага буурсныг бид харж байна.
ДЭЛХИЙН УЛСУУДЫН 71 ХУВЬД ХАНШИЙН УНАЛТ БОЛЖЭЭ
Түүхэн цаг хугацаанд байнга үнэ цэнэтэй байсан алтны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувиар унасан. Алтны эрэлт хэрэгцээ багассанаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид шар металлаас илүү ам.долларт хөрөнгөө хөрвүүлж эхэлсэн юм. Ингэснээр дэлхийн бүх улсын 71 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн “ногоон”-той харьцах ханш суларчээ. Мэдээж, тэдний дунд бид ч багтаж байгаа.
Угаас АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нөхцөлд ам.долларын ханш дагаад чангарна. Энэ валютын ханшийг илэрхийлэгч DXY индекс гэхэд өнгөрсөн долдугаар сард 84.45 байсан бол одоо 79.19 болж 6.6 хувиар чангарсан нь ч төгрөгийн ханш сулрахад давхар нөлөөлжээ.
Валютын ханш өссөнөөр экспортлогчдод ашигтай. Эсрэгээрээ импортын бүтээгдэхүүний үнийг өсгөх нөлөөтэй. Импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх боломжтой болохоос дотоодын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлдэггүй. Тухайлбал валютын ханш өсвөл дотоодын сүүний үнэ хэвэндээ байхад импортын сүүний үнэ валютын ханшаар үржигдээд өснө гэсэн үг юм. Энэ энгийн зарчмаар үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн хүрээгээ тэлэх боломж гарч ирдэг байна.
Бидний өмнө байгаа сонголт бол үнэтэй импортын бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. Импортыг орлож чадах бүхий л бүтээгдэхүүн Монголд байгаа учраас хэрэглэгчдэд ч хохиролгүй. Үүний нэг тод жишээ нь бид хүнсээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ 100 хувь авах боломжтой болчихоод байна. Ингэхээр валютын ханшийн өсөлт Монголд боломж олгож байна.