Ж.ЦОГЗОЛМАА

Ирэх оны төсвийн тухай яриа хүчээ авах зуур Чингис бондын зарцуулалтыг олон нийт сонирхож байгаа. Их хааны мэндэлсэн өдөртэй давхцан энэ өрийн бичиг нэг ойндоо хүрэх гэж буй. Иймд энэхүү бондын зарцуулалтын задаргааг эргэн харвал ямар тоо гарах бол.

 

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БА ӨРИЙН БИЧИГ

Өнгөрсөн онд дэлхий дахинд эдийн засгийн өсөлт 12.6 хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь буурсан улсуудын “хэтэвч” дагаад нимгэрсэн байна. Тухайн үед Монгол Улс Чингис бонд гаргаж байхад дэлхийн хамгийн том эдийн засаг болох Хятад улсад бондын зах зээл ид хүчээ авчээ. Их хэрмийн эздийн хэтэвч нимгэрч, экспорт буурсан ч өрийн бичгийн зах зээл нь мөнгөний урсгалыг татруулаагүй байна.

“Голдмансакс”-ийн мэдээлж буйгаар Хятадын бондын зах зээл дэлхийд багтаамжаараа дөрөвдүгээрт буюу 21.7 их наяд юань бичигдэж 3.4 их наяд ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулагчид Бээжинд итгэж мөнгөө үүцлэх нь эдийн засгийн уналтаас үл хамааран тогтвортой өссөн байна. 2007 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт санхүүгийн хямрал хийгээд эдийн засгийн уналттай зэрэгцэн 10 хувиас буураагүй нь бондын зах зээлээр дамжсан мөнгөний урсгалтай холбогджээ. Тэгвэл “Ройтерс”-ийн мэдээлж буйгаар Засгийн газрын бондын өгөөжөөрөө Хятад улс өнгөрсөн оны сүүлчид ч дэлхийд тэргүүлжээ.

Харин манай улсын хувьд өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 10 хувьтай байсан. Тухайн үед “Экспортын бууралт импортынхоос түрүүлж байгаа учраас урсгал дансны алдагдал цаашид улам нэмэгдэх магадлалтай” хэмээн Дэлхийн банкнаас мэдээлж байв. Үүнтэй давхцаад хөрөнгө оруулалт буурсан орон зайг нь Чингис бонд гаргаснаар нөхсөн хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. Тэдний үзэж буйгаар Монгол Улсын эдийн засаг жилд дорж хаяж бодитоор 10 хувиар өсвөл 4-5 хувийн хүүтэй зээл бэрхшээл болохгүй.

Одоогоор Чингис бондын зарцуулалтын 77 хувь нь тодорхой бол­жээ. Үлдсэн 23 хувь нь стратегийн ач холбогдол бүхий салбарт зарцуулагдах нь.

 

МАНАЙ УЛСЫН ӨР 49.8 ХУВЬТАЙ БАЙНА

2018 он хүртэл бид жил бүр Чингис бондын хүүнд 72 сая ам.доллар төлөхөөр байна. 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг шилжүүлэх гэнэ. Үүнээс таван жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой юм. Ингэхээр одоогоос есөн жилийн дараа Чингис бондын эргэн төлөлт бүрэн дуусна хэмээн эх сурвалж хэллээ.

УИХ-ын гишүүд манай улсын өр “савнаасаа” хальж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэднэ хэмээн сэрэмжлүүлж байгаа. Манай улсад өр болоод ДНБ-ий харьцаа өнгөрсөн онд 53.3, энэ онд 49.8 хувьтай байна. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа ирэх онд 50 хувьтай байх нь. Судлаачдын үзэж буйгаар энэ нь боломжийн тоо гэнэ. Судалгаанаас харахад эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын өрийн хэмжээ буурч байдаг бол хөгжиж буй орнуудын хувьд эсрэгээрээ авах зээлийн хэмжээгээ нэмдэг байна. Тухайлбал Канадын өр ДНБ-ий харьцаа нь жилээс жилд буурч 84-72, Европын холбоо 82-79, Герман 83-75 хувь хүртэл бууруулахаар төсөөлөлтэй байна. Харин хойд хөрш маань энэ үзүүлэлтээ 11- 19 хувь хүртэл нэмэхээр зэхэж байна.

Ингэхээр Монгол Улсад Чингис бондын үр өгөөж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байна.